Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баяр наадмын өмнөхөн нэмж шалгаж дууслаа. Улмаар яллах дүгнэлт дахиад үйлдүүлэхээр НПГ-т хэргийн хамт хүргүүлсэн байна.
Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй эл албан тушаалтнууд бүлэглэн 2017 оны зургадугаар сарын 21-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн багийн Иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн ньч дэмжээгүй, Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийн тулд орон нутагт хандив өгүүлэхгүйгээр З.Эвлэгсайханаас 100 сая төгрөгийг хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тэдэнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цар тахлын үед шилжүүлж, хэлэлцэж чадалгүй нэлээд удааширч байгаад 2021 онд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Түүнээс хойш 2022 оны намар шүүхэд шилжүүлэхээр болсон ч прокурорын байгууллагаас зайлшгүй шалгаж тодруулах зүйлийг дутуу мөрдсөн гэж үзээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлээд байв.