Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх гуравдугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.
Ц.Хулан нарт холбогдох гэм бурууг шүүх хурал энэ сарын 20-нд эхэлж, нотлох баримт шинжлэн судалжээ. Мөн үргэлжлүүлэн долдугаар сарын 21-нд эд мөрийн баримт шинжлэн судалсан байна.
Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгаж шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж, гэм буруутайд тооцсон
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцуулж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцогдсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг тус бүрт нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар гэмт бүлгийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ноогдох хөрөнгө орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.