Иргэний зориг Ногоон намын Үндэсний хороо өнгөрсөн зургадугаар сарын 5-нд хуралдаж, дүрэмдээ зарим өөрчлөлт оруулахаас гадна даргаараа Б.Батбаатарыг томилсон билээ. Тус намын дарга Ц.Ганхуяг хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар дэд даргаа түүний оронд томилсон нь энэ. Улмаар тус намынхан шинэ даргынхаа нэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч “Намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь Их хуралд хадгалагдахаар ИЗНН-ын дүрэмд заасан байна. Тиймээс Үндэсний хорооны хурлаар намын даргыг томилсон нь дүрэмд нийцэхгүй” гэж үзээд бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй холбоотой зарим зүйлийг ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.
-Дээд шүүхээс намын даргыг бүртгэхтэй холбоотой өргөдлийг тань буцаахдаа “Их хурлаараа намын даргыг томилох дүрэмтэй нийцэхгүй байна” гэсэн. Тэгэхээр ИЗНН-ын Их хурал хуралдаж, намын даргын томилгоог баталгаажуулна гэсэн үг үү?
-2018 оны нэгдүгээр сарын 27-нд Үндэсний хороо хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Үүгээр нам гурван даргатай байсныг нэг болгосон байгаа. Мөн намын дарга хүсэлтээрээ болон тодорхой шалтгаанаар ажлаас чөлөөлөгдвөл Үндэсний хороо оронд нь хүн томилохоор тусгасан. Дүрэмд оруулсан эдгээр өөрчлөлтийг 2018 оны гуравдугаар сарын 5-нд Дээд шүүх бүртгэсэн. Намын даргыг өөрчлөх, дүрэмд өөрчлөлт оруулах бүрэн эрх нь Үндэсний хороонд байдаг. Дээд шүүхээс бидний өргөдлийг техникийн шалтгаантай холбоотойгоор буцаасан гэж ойлгосон.
-Тэгвэл намын даргыг бүртгүүлэхтэй холбоотой хүсэлтээ хэзээ дахин Дээд шүүхэд гаргах вэ?
-Бид техникийн зарим зөрчлийг арилгаад, хүсэлтээ дахин явуулахад бэлтгэж байна. Өнөөдрөөс өргөдлөө явуулах байх.