Шагайн харваачдын асар майхнаа дэрвэтэл уухайлах түрлэгт наадамчин олны хийморь сэргэдэг гэх яриа бий. Тиймдээ ч үндэсний спортын төрлөөс шагайн харваа нь тэвчээр, хатуужил, ур чадвар, торгон мэдрэмж шаггүй шалгадаг наадгай. Бясалган бодох дотоод сэтгэлгээний өрсөлдөөн тул харваач бүр сум тавихдаа өрөг хүртэлх орон зайг сайтар тооцоолж, биеийн тэнцвэр, хурууны эвслээ олсон байх шаардлагатай. Шагайн харваа нь ухаан бодол хөгжүүлэхээс гадна багийн хамт олноо хүндэтгэх нөхөрлөлийг батжуулдаг тул монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж, хүч чадлаа төвлөрүүлэхэд үеийн үед түшиг болж иржээ. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын насанд хүрэгчдийн шагайн харвааны тэмцээнд 83 багийн 652 харваач цэц сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь транс” ХХК-ийн багийнхан тэргүүн байрт шалгарсан юм. Тус багийн харваачид 2013 оны наадмаар анх удаа түрүүлж, нутгийнхнаа баярлуулж байв. Наадмын шагайн харваанд гарамгай мэргэн цол хүртсэн Ч.Буянжаргалтай ярилцлаа.
-“Алтанговь транс” багийнхан аварга болж, нутгийнхаа нэрийг гаргалаа. Шагнал гардах мөчид танд олон зүйл бодогдсон байлгүй.
-Багийнхнаа амжилт гаргасанд баярлаж, сэтгэл догдолсон. Алтан медаль хүртэх сайхан ч аварга цолоо хамгаалж явах үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдлаа. Үндэсний их баяр наадмын шагайн харваанд шилдэг багууд оролцдог. Ур чадвартай, мэдрэмжтэй, туршлагатай харваачдаар хүч сэлбэсэн багуудыг хожиж, түрүүлэх амаргүй байв. Энэ ташрамд, ямар ч үед дэмжиж ирсэн харваачдынхаа аав, ээж, гэр бүл, найз нөхөд, хамт олонд баярлалаа.
-Багийнхан тань өмнөх жилүүдийн наадмын харваанд ямар амжилт гаргав?
-Манайхан улсын наадамд 2015 оноос хойш түрүүлээгүй. Харин энэ удаа тэргүүлж, өмнөх багийн харваачдын залгамж халааг үргэлжлүүллээ. Миний хувьд багаа 2018 оноос өнөөг хүртэл ахалж, наадмын болон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд оролцож байна. Тэргүүн байрт шалгарахад нутгийн минь уул ус, буян хишиг түшиж ивээсэн гэж боддог.
-Аваргын төлөө өрсөлдсөн Дундговь аймгийнхантай өмнө нь таарч байв уу?
-Би 2015 онд Монгол Улсын мэргэн цол хүртсэн. 2019 оны наадмаар Дундговь аймгийнхантай түрүү байрын төлөө өрсөлдөж хожигдсон ч улсын хошой мэргэн цолны болзол хангаж байв. Энэ жил даагаа нэхэж, түрүүллээ. Шагайн харвааны тэмцээн өрсөлдөөнтэй болдог. Төр, засаг үндэсний спортын эл төрөлд анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн зарлигаар харваачдад цол, зэрэг олгодог болсноор аймаг бүрт шагайн харваа хөгжиж, залуусын чансаа өндөрссөн.
-Та ч гэсэн багтаа туршлагатай залуусыг сонгон авч, хүч сэлбэсэн харагдана.
-Тийм ээ. Авьяастай, ур чадвартай харваачдаар багаа бүрдүүлсэн минь шилдгээр шалгарахад нөлөөлсөн. Тэднээс хамгийн залуу нь 18 настай хоёр харваач бий. Энэ жилийн наадмаар нэг нь Монгол Улсын мэргэн, нөгөө нь улсын хошой мэргэн цол хүртлээ.
-Тухайн баг түрүүлэх, эсэх нь бэлтгэл хэр хийснээс шалтгаалдаг даа.
-Би Өмнөговь аймгийн шагайн харвааны холбооны тэргүүн. Багаараа наадмын өмнө гал болж гарахаар төлөвлөсөн ч ажлын шаардлагаар амжаагүй юм. Багийнхан минь энэ жил тус тусдаа бэлтгэл базаасан ч наадмын шагайн харваанд амжилттай оролцсон. Аав минь миний багш. Шагай харвахыг 1986 онд заасны ачаар өнөөг хүртэл хичээллэжээ.