Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам- Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах ач холбогдолтой.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин тосон урлалын тэмцээн, Лам нар, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог байна. Мөн Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно.
Даншигийн үеэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болон ёс заншил харуулсан Гэр хотхон, Уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, Эртний Монгол хоол, хүнсний үзэсгэлэн байгуулагдаж Хүчит бөхийн барилдаан, Хурдан морь болон Жороо морины уралдаан, Шагай харвааны наадам, Дэмбээний тэмцээн, Морин цирк, Морьт харвааны тэмцээн зохион байгуулагдана.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.