Сонсголын бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй арт зураач Ж.Нармандахтай ярилцлаа. Түүний “NKH Naka art уран бүтээлч” цахим хуудсаар зочлоход “Та нар хөгшин, залуу, олны танил, энгийн гээд бүгд онцгой төрсөн шүү. Амьдрал богинохон учраас уурлаж, гомдож, муу санаа гаргах хэрэггүй. Чадах зүйлээрээ бусдыг баярлуулж байгаарай” гэх үгс нүдэнд туслаа.
-Сонсголын бэрхшээлтэй хүн сонсохоос бусдыг хийж чадна гэдгийг та баталж байна шүү. Багаасаа л зурах хүсэлтэй байсан уу?
-Би 1988 онд Улаанбаатар хотод аав, ээжийнхээ хоёр дахь хүүхэд болон мэндэлж, тэднийхээ их хайранд өссөн азтай хүү. Уг нь би эрүүл саруул төрсөн гэсэн. Тархи хөдөлснийг мэдэлгүй нугаснаас ус аваад, хүчтэй тариа хийснээс сонсголгүй болсон юм билээ. Найман настай сургуульд ороод Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйланд сурч, зурах жаахан авьяастайгаа мэдэрсэн. 29 дүгээр сургуулийнхаа зургийн дугуйланд үргэлжлүүлэн суралцаж Л.Дашдэндэв багшийнхаа шавь болсон. Сурагч байхдаа “Хүсэл” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж, Монголын хүүхдийн ордны “Авьяас” алтан медалиар шагнуулж байлаа.
-Их сургуульд суралцах хүслээ хэрхэн биелүүлж байв?
-Их сургуульд сурах хүслийг минь ээж дэмжиж, намайг дагуулан Дүрслэх урлагийн дээд сургуульд очсон юм. Гэтэл сонсголгүй гээд элсүүлээгүй. Харин Л.Дашдэндэв багш минь “Анима” дүрслэх урлагийн сургууль руу дагуулж очоод, шалгалт өгөөд тэнцсэн. Бүр 50 хувийн тэтгэлэгтэй суралцсан. Бодит байдалд улсын гэх тодотголтой бүхэн биднийг үгүйсгэдэг юм. 29 дүгээр сургуулийн зургийн багш Л.Дашдэндэв гэж эгэлгүй хүний шавь болж, уран зурагт бүр хүчтэй дурласан. Багш минь бас багадаа хүчтэй тарианд хордож, сонсгол нь муудсан гэдэг. Л.Дашдэндэв багш энгийн нэг сурган хүмүүжүүлэгч байгаагүй. Шавь нарынхаа үзэсгэлэнг гадаад, дотоодод зохион байгуулж, дунд сургуулиудын гар зургийн уралдаанд биднийг тогтмол оролцуулж ирсэн. Бидэн шиг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зааж сургах гэж их л зүдэрдэг байсан болов уу гэж одоо боддог юм. Олон хүүхдэд амьдрах урам, итгэл хайрласан даа, миний багш. Их сургуульд суралцаж байхдаа оюутнуудын хамтарсан үзэсгэлэнд оролцож, шилдгээр шалгарч байлаа. Өөрийнхөө хувь заяанд гомдож, гунихаас хамгаалж гэр бүлийнхэн минь намайг үргэлж дэмжиж, сурч хөгжих боломжийг минь эрэлхийлсээр ирсэнд талархаад баршгүй.
-Уран бүтээлийн тань дийлэнх хувийг хөрөг зураг эзэлжээ?
-Би хөрөг зураг сонирхдог, бас зурах дуртай. Сонсголгүй болохоор хийсвэр зурагт муу. Тиймээс харж зурдаг. Ихэвчлэн олны танил хүмүүсийн хөргийг зурж, бусдаар дүгнүүлэх дуртай. Мэдээж тэднийг бусад хүн сайн таньж, мэдэх учраас адилхан, үгүйг нь харж дүгнэнэ шүү дээ. Энэ орчлонгоос чимээ шуугианыг нь хасчихвал яах бол гэж эрүүл хүн л лав бодож байгаагүй байх. Хэрэв хасчихвал уйтай, дүнсгэр байх болов уу. Хүмүүсийн бүтээхүйн хүсэл гээч ямар ч бэрхшээлийг даван гарахуйц хүчтэйг дэлхийн алдартнууд мэдрүүлсээр ирсэн. Л.Бетховен амьдралынхаа сүүлийн жилүүдэд сонсголоо алдсан ч уран бүтээлээ үргэлжлүүлсээр байсан. Нэрт зураач Клод Монье ч хараагаа алдах үедээ зурсаар л байсан гэдэг. Бид сонсголын бэрхшээлээс шалтгаалан бага наснаасаа эхлээд л мэдээллээс холдож, мэргэжлийн зураачид шиг абстракт бүтээл туурвиж чаддаггүй. Гэхдээ бид тэдэнтэй л адил сэтгэл гарган зурж, сонсохоос бусдыг чадна шүү дээ.
-Хөрөг зургийн үзэсгэлэн гаргаж байсан бил үү?
-Олны танил хүмүүсийн хөрөг зургаар “Баярлалаа” бие даасан хөрөг зургийн үзэсгэлэнгээ 2014 онд гаргасан. Уран зургийн үнэлэмж Монголд төдийлөн хөгжөөгүй болохоор амьдралаа өөрчлөхийн тулд 2017 онд БНСУ-ыг зорьж, тэнд хоёр жил ажилласан юм. Ирээд мужааны дамжаанд суралцаж, өөрийн гэсэн цехтэй болсон.
-Хүмүүсээс захиалга хэр их ирдэг вэ?
-Сонсголын бэрхшээлтэй гээд ээж, ааваа зовоож, амьдарч буй богино хугацаагаа дэмий өнгөрөөх нь надад хайран санагддаг. Би 5-10 дугаар сард мужааны ажлаа хийж, хүйтэрсэн үед буюу 11-4 дүгээр сард урландаа зургаа зурдаг. Модон тавилгын захиалга их ирдэг, би ч өөрөө модоор урлах илүү дуртай. Модон тавилга маш бат бөх, эко учраас хүмүүс илүүтэй талархдаг. Би модоор хүүхдийн тоглоом, саравч, сандал, ор хийдэг. Хүмүүс захиалга өгвөл хавтан зүсэж, шүүгээ, гал тогооны тавилга ч хийдэг.
-Мөрөөдөлд нас хамаагүй гэдэг. Мөрөөдлийнхөө талаар хуваалцаж болох уу?
-Тавилгын цехээ жижиг үйлдвэр болгох мөрөөдөлтэй. Саяхан жижиг, дунд үйлдвэрийн зээл хөөцөлдөж, тоног төхөөрөмжөө томруулаад, зүсүүрийн болон ирмэг наадаг машин авахаар хүсэлт гаргахад нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газраас дэмжсэн ч банк татгалзсан. Банкнаас ажлын байртай танилцаагүй хэрнээ татгалзсан. Би хөгжлийн бэрхшээлтэй гэх тодорхойлолтод их дургүй. Хэдий эрүүл хүмүүсээс ялгаатай ч бид хөгжих боломжтой шүү дээ. Төр, засгаас биднийг тэтгэмжийн мөнгөөр амьдрах боломжгүй, ажил хийх хэрэгтэй гэдэг ч бодит байдал дээр эсрэгээр нь ханддаг. Хувийн жижиг цехтэй болохоосоо өмнө мужааны мэргэжлээрээ ажилд орохоор тавилгын олон үйлдвэрт очсон ч сонсголгүй гэдгээсээ болж татгалзсан хариу авдаг байлаа. Үүнээс болж ээж намайг өрөвдөөд мөн ч олон удаа уйлсан даа.
-Ажилд авах байгууллага ганц ч байгаагүй гэж үү?
-Сайн нь саараасаа олон байдгийг амьдрал минь харуулсаар л байна. “Говьхангай” мебелийн үйлдвэр намайг шууд ажилд авсан. Маш гоё, халуун дотно хамт олны дунд хоёр жил ажилласандаа үнэхээр баярладаг. Намайг бүр үйлдвэрийнхээ сурталчилгаанд тоглуулж байсан шүү.