Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 45 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэ хүрээнд ерөнхий захирал Б.Отгонбаттай ярилцлаа.
-Монголын, тэр дундаа манай улсын хүүхдийн байгууллагын түүхэнд олон улсын “Найрамдал” цогцолборын эзлэх байр суурь, үүрэг, хариуцлага, манлайллын талаарх асуултаар яриагаа эхэлье. Учир нь “Найрамдал”-ыг “хүүхдийн гүрэн” хэмээн тодотгодог шүү дээ.
-“Найрамдал” цогцолбор байгуулагдсан цагаасаа л гадаад, дотоодын хүүхдийн эрхийг дээдэлж, тэдний үерхэл, нөхөрлөл, эв нэгдлийг эрхэмлэн, эрдэм мэдлэг, сайн туршлагаа түгээх манлайлагчдыг дэмжин, хөгжүүлж ирсэн. Юуны өмнө энэ байгууллагын түүхээс товчхон дурдъя. 1974 оны арваннэгдүгээр сарын эхээр гаргасан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 279 дүгээр тогтоолд “Улаанбаатар хотын ойролцоо Толгойтын баруун салааны Баянголд олон улсын пионерын зуслангийн иж бүрэн барилга барихыг МҮЭ-ийн Төв зөвлөл, “Хүүхдийн төлөө” фондын Төв комисс (А.И.Цэдэнбал-Филатова)-д зөвшөөрсүгэй” гээд байгууламжийн зураг төслийг 1975 онд багтаан гаргуулах, холбогдох бусад арга хэмжээ авахыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд даалгаснаар бүтээн байгуулалт эхэлсэн талаар “Найрамдал” зуслангийн барилга байгууламжийн ерөнхий захиалагч асан Д.Дашдовдон гуай дурсан бичжээ.
1978 онд тус зусланд нэр өгөх уралдааныг пионер, сурагчдын дунд зарласан. Ингээд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 4б ангийн сурагч Б.Ичинхорлоогийн дэвшүүлсэн “Найрамдал” хэмээх нэрийг шалгаруулсан түүхтэй юм билээ. Түүнчлэн зуны хотхонуудыг ч хүүхдүүдийн хүслээр “Нарлаг”, “Сансар”, “Оч”, “Солонго”, “Одод”, “Туяа” хэмээн нэрлэсэн. Тэд өдгөө сонин уншаад өөрсдийн нэрийг харвал сонин, сайхан байх болов уу хэмээгээд нэрлэе. Тухайн үеийн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийн сурагч Ц.Өлзийсайхан, нийслэлийн XIV сургуулийн С.Өлзийсүрэн, I сургуулийн О.Чулуунцэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуулийн Ш.Содномжамц, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн Б.Байгалмаа, Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургуулийн сурагч Д.Түвшинхишиг нар бөгөөд бүгдээрээ энэ зуслангийн анхны амрагч юм.
1978 оны долдугаар сарын 19-нд зуслангийн зуны ээлжийн барилга байгууламжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ төр, засгийн удирдагч Ю.Цэдэнбал “...өсвөр үеийнхний соёл, хүмүүжлийн төв, эрдэм мэдлэг, туршлагаа солилцох, ах дүүгийн барилдлага, эв найрамдлыг бэхжүүлэх төв” хэмээн “Найрамдал”-ыг онцлон тодотгосон нь байгууллагын эрхэм зорилго, алсын хараа болсоор байна. Тэгэхээр олон улсын “Найрамдал” цогцолборын түүхэн үүрэг, эзлэх байр суурийг Ю.Цэдэнбал дарга ийнхүү тодорхойлсныг үе үеийн хамт олон маань нэр төртэй авч явааг онцлох нь зүйтэй. Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэн, тулгын чулууг тавилцсан эрхэм хүмүүсийг дурдах ёстой. Тухайлбал, ашиглалтын өмнөх захирал Т.Чимэд, анхны захирал Ш.Содномпил, орлогч захирал Л.Дугарсүрэн, пионерын ахлах удирдагч Д.Энхээ, аргазүйч Н.Мира, бүлгийн удирдагч Д.Батсүх, Б.Жаргал, Ц.Цэен-Ойдов, Р.Оюунбат, Б.Жаргалсайхан, З.Моломжамц нар, аж ахуйн эрхлэгч Д.Дариймаа, их эмч Ц.Галя, ерөнхий тогооч П.Батсүх, цахилгааны инженер Д.Чулуунбүргэд, архив-бичиг хэргийн эрхлэгч З.Оюунчимэг, гараашийн дарга Ж.Дашдорж, ерөнхий нягтлан бодогч Г.Лхагвадорж гэхчлэн хөвөрнө. Эдгээр анхдагчаараа бид үргэлж бахархдаг.
1981 оны долдугаар сарын 24-нд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 25 дугаар тогтоолоор “Найрамдал” зусланг олон улсын лагерь болгон өөрчилж, амралтын төв байр, ерөнхий боловсролын найман жилийн дунд сургууль, ажилчдын орон сууц зэрэг өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах барилга, байгууламжийг ашиглалтад оруулжээ. Ингэснээр зуны улиралд 500, өвөлдөө 240 хүүхэд хүлээн авах боломж бүрдсэн. Жилд 2800 хүүхэд 24-40 хоногоор амардаг байсан. “Найрамдал” 1978-1990 онд олон улсын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулах, пионерын ажлын тэргүүн туршлага, арга зүйг боловсруулах, багш, пионерын удирдагчдыг давтан сургадаг гол төв байлаа. Түүнчлэн Монголын хүүхдийн анхдугаар чуулган, монгол туургатан хүүхдүүдийн анхдугаар их наадам, Монголын скаутын анхдугаар жембори, малчин хүүхдүүдийн улсын зөвлөгөөн, Монголын хүүхдийн үндэсний чуулган, Залуучуудын үндэсний чуулга уулзалт, мэтгэлцээн зэрэг томоохон арга хэмжээ олныг зохион явуулжээ. Өнгөрсөн хугацаанд “Найрамдал” цогцолбор нэг сая гаруй хүүхэд, залуучуудыг хүлээн авч үйлчилсэн байна.
-Монгол хүүхдийн хүмүүжил, төлөвшил болон нийгэм, соёлын хөгжилд “Найрамдал”-ын оруулсан хувь нэмрийг та хэрхэн тодорхойлох вэ?
-“Найрамдал” бол хамтач хүмүүжлийн их өргөө юм. Манай үе үеийн хамт олон нэгдмэл байж, үүнийгээ төлөвшүүлж, хүүхдийг дээдэлдэг, байгууллагын соёлыг бий болгож чадсан. Үүний гол “нууц” нь хүүхдийн дунд зохиодог соёл-хүмүүжлийн ажлын арга зүй, аргачлалд оршдог. Хүүхдийн дунд явуулдаг олон ажилд бүлгийн удирдагчид төдийгүй ажилчид, албан хаагчид ч оролцдог. Бүгд нэгдэж ажилладаг нь хүүхдийн төлөө хүлээх үүрэг, хариуцлагад нөлөөлж, “Найрамдал”-ынхан гэдэг хүчирхэг хамт олныг бүрдүүлжээ.
Тус цогцолбор нь амарч, хөгжих орчин бөгөөд танхимын бус сургалт буюу хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд бие даах, багаар ажиллах, “Би биш, бид” сэтгэлээр аливаад хандах, амьдрах ухаанд суралцах, өөрийгөө илэрхийлэх, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гол суурь болдог. “Найрамдал” бол насанд хүрэгчдийн зүгээс хүүхдэд хандах цоо шинэ хандлага, хүүхэд төвтэй хөгжлийн арга зүйг төлөвшүүлж, ингэснээр хүүхдээр дамжуулан улс, орон даяар түгээн дэлгэрүүлэх өөрчлөлт шинэчлэлийн эхлэл байсаар ирсэн. Хамт олон маань үүргээ нэр төртэй биелүүлж, нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, ISO 9001:2015 Чанарын менежментийн болон ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага хэмээх гэрчилгээг гурван жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. Мөн БНСУ-ын “G-Certi” үндэсний итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагаас ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээ авсан нь бидний амжилтын тод илрэл хэмээн бахархдаг.
-Олон улсын гэсэн тодотголтой энэ байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар товчхон дурдана уу.
-Бид 45 жилийн туршлага, ололт амжилт магадгүй алдаа сургамждаа үндэслэн цаашдын хөгжлийн стратегийг дараах байдлаар томьёолж байгаа. Цаашид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн хөгжлийг дэмжих лаборатори төв болох зорилт тавин ажиллаж байна. Энэ төв нь зөвхөн хүүхэд амраах төдийгүй тэдэнд шаардлагатай хэрэгцээ, хүсэл сонирхлыг тодорхойлох, үйлчилгээний чанар хүртээмж, ур чадварын ахиц, өөрчлөлтийг харьцуулан судалдаг, үйлчлүүлэгчдийнхээ хөгжлийг дэмжихэд шаардлагатай хөтөлбөрийн төлөвлөлтийг боловсруулдаг болно. Бидний боловсруулах хөтөлбөр нь албан боловсролоор хараахан эзэмших боломжгүй. Хэдий тийм боловч хүүхдийн одоогийн хэрэгцээ, ирээдүйн амьдралд нь тус дэмтэй. Шаардлагатай мэдлэг, дадал, чадварыг хүүхэд өөрийн нас, бие, сэтгэхүйн онцлог, сонирхол, сонголтдоо үндэслэн албан бус боловсролоор бие даан эзэмших цогц үйл ажиллагаа байх юм.
Тодруулбал, орчин цагийн хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар судлах эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага, чадвартай хүний нөөц бий болгоно. Мөн Монголын уламжлалт ёс заншил, нүүдлийн соёлыг танин мэдүүлэх хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, шинэ зууны хүүхэд, өсвөр үеийнхэнд шаардлагатай харилцаа холбоо тогтоох болон хариуцлагаа ухамсарлах чадвар, цагийн менежмент, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хэлэлцээр хийх зэрэг зөөлөн ур чадварыг олгоход түлхүү анхаарч, хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн инновацад суурилсан шинэ технологийн ололтыг монгол ахуйтай хослуулсан виртуал орчин бүрдүүлэх зорилт тавьсан.
Бэлтгэсэн: Э.Хана