УИХ-ын хаврын чуулганыг хаахын өмнө Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороог татан буулгасан. “Нүүрсний” гэж тодотгож болох тус түр хороог дахин байгуулахаар зэхэж буйг өмнөх хороог даргалсан Г.Ганболд энэ үеэр цухалзуулсан юм. Тэгвэл Х.Нямбаатар, Б.Энхбаяр, Г.Занданшатар, С.Ганбаатар зэрэг гишүүн тэрхүү түр хороог байгуулах гэж буй бололтой. УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу багадаа 19 гишүүн санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороог заавал байгуулах ёстой. Тэд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” компаниас нүүрс экспортлох, худалдах, тээвэрлэх, гаалийн бүрдүүлэлт, бусад гэрээ, хэлцэл хийх, худалдан авах ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн, эсэхийг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачлаад буй аж. Мөн үүнтэй холбоотойгоор үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэм буруутай үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэгтэй байх гэнэ.
Нөгөө талаас “нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор парламентын хяналтын сонсгол зохион байгуулахад бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар сар гаруйн өмнө байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бөгөөд тэд дээрх түр хороог байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. УИХ-ын дарга хаврын чуулганыг хаахдаа дээрх ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртайг онцлоод, сонсголыг ирэх намар ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг нь парламентад тайлагнахыг үүрэг болгосон юм.