“Монголын эдийн засгийн чуулган 2023”-ны Ирээдүйн хөгжил-Газрын ховор элемент, зэс, ураны асуудлаар салбар хуралдаанаар үргэлжилж байна. Ялангуяа, газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүхий эдийн нийлүүлэгч улс болох зорилгоор хөрөнгө оруулагчдад танилцуулга хийж байгаа юм. Хэлэлцүүлгээр Монгол болон Франц улсын хамтран хэрэгжүүлэх Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо, “Бадрах энержи” ХХК-ийн Дулаан-Уулын ордод хэрэгжүүлж буй төсөл болон Гурван сайханы ураны ордыг ашиглах төслүүд, Оюутолгойн далд уурхайн ашиглалт, Цагаансуваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хятад улс нь газрын ховор элементийн гол нийлүүлэгч орон. Тус улстай хамтран ажиллах боломж байгааг хятадын хөрөнгө оруулагчид онцолж байна. БНХАУ-ын Ганьсу муж дахь Жючуань хотын захиргааны Гадаад харилцааны албаны дарга Цао Гуанчөн “Хятад нь газрын ховор элементийн үйлдвэрлэгч. 2020 оны мэдээллээр 30 сая тонн орчимыг нөөцлөөд байна. Жючуань хот, Өвөрмонголд үйлдвэрлэлийг онцгойлон анхаарч, Монгол Улстай хамтран ажиллахад ач холбогдол өгдөг. Томоохон ирээдүйн төлөө хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын өргөн харилцаа үүсгэхэд нээлттэй” гэлээ.
Дэлхийн нийт зэсийн эрэлт жилд 25 сая тонн байдаг. Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор ойрын 10 жилд зэсийн эрэлт хоёр дахин өсөх прогноз гарчээ. Тиймээс энэхүү эрэлтэд тулгуурласан нийлүүлэлтийг хэрхэн хангах асуудал бий. “Рио Тинто” Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд “Уул уурхайн томоохон төслийг эхлүүлэхэд 15 жил шаардлагатай байдаг. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн учраас дэлхийн зэсийн нийлүүлэлтийг хангах нэг боломж бидэнд байна. Ялангуяа, зэсийн гүний уурхайн томоохон төслүүд дэлхийн зэсийн эрэлтийг хангахад жин дарна. Мөн Америкийн Аризона, Юта мужид зэсийн томоохон үйлдвэрлэл эхлүүлэх төслийг Рио Тинто хэрэгжүүлж байна” гэлээ.