Зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх, түүнийг бууруулах зорилгоор “Нэг зам-нэг соёл” аяныг зохион байгуулж буйгаа мэдэгдэн өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас хойш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк, твиттерээр сэрэмжлүүлэг хүргэсээр буй билээ. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг үе буюу долоо, наймдугаар сарын турш иргэдийнхээ аюулгүй зорчих хөдөлгөөнийг хангахын тулд ТЦА-наас ийнхүү арга хэмжээ авч, анхааруулсаар байхад монголчууд бид бүгдээрээ “чихгүй толгой” болчихсон аятай үл ойшоож буй юм. Тиймдээ ч ганцхан хоногийн дотор зам тээврийн ослын улмаас цөөнгүй иргэн эрүүл мэндээрээ хохирч нэг бус хүн амиа алдаад байна. Тодруулбал, уржигдар 15.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, хуучнаар Партизаны сангийн аж ахуйн замд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явж байсан “Тоёота приус” онхолдож түүнд сууж явсан хоёр настай хүү, 21-31 насны дөрвөн эмэгтэй, нэг залуугийн хамт гэмтжээ. “Нэг зам-нэг соёл” аяны хүрээнд замын хөдөлгөөнд соёлтой оролцох, гүйцэж түрүүлэх үйлдэл зөв, хянамгай хийх, хурдаа тохируулж явахыг анхааруулж байхад манайхан үл ойшоож, тэр ч бүү хэл ТЦА-ны ажилтнуудыг “хурд хэмжлээ”, “айлгаж цочирдууллаа” хэмээн шүүмжилж байсан. Ганц удаа ч болтугай тэдний сэрэмжлүүлгийг анхаарч үзсэн бол ийнхүү олноороо эрүүл мэндээрээ хохирохгүй байсан шүү дээ.
“Нэг зам-нэг соёл” аяныг ойлгож, сэрэмжлүүлгийг нь хүлээн авч замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцсон бол иргэд ч амиа алдахгүй байв. Энэ аян эхэлснээс хойших хугацаанд нэг бус хүн зам тээврийн ослын улмаас амиа алдчихаад байгаа нь жолооч нар ч, зорчигчид ч “чихгүй толгойлсны” хор уршиг гэлтэй. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг, Цагаан голын гүүрний замын далан руу автомашин онхолдож Сэлэнгэ аймгийн харьяат 57 настай хүн нас барсан байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн замд 50-60 орчим насны хэн болох нь тодорхойгүй явган зорчигч автомашинд дайруулж амиа алдсан бөгөөд хэргийн газрыг орхин зугтсан жолоочийг эрэн сурвалжилж буй юм билээ. Мөн Налайх дүүргийн нутаг, Тэрэлжийн замын голоор энэ сарын 6-ны 00.10 цагийн үед 53 настай М гэх эмэгтэй гүйж яваад машинд мөргүүлж амиа алдав. Энэ мэт осол, хэрэг цөөнгүй гарч хүн амиа алдаж буй нь явган зорчигч ч, автомашинд сууж яваа хүн ч, жолооч ч дүрмээ биелүүлээгүйгээс шалтгаалсан гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, хэн хүнгүй “чихгүй толгойлсноос” ийм харамсалтай явдлууд гарлаа. Тиймээс жолооч, зорчигч, уншигч та бүхэн “Нэг зам-нэг соёл” нөлөөллийн аянд нэгдэн ослоос урьдчилан сэргийлж, дүрмээ баримтлан, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, алсын аянд хайртай гэр бүлээ эрсдэлд оруулахаас сэргийлж, сайхан наадаж, сайхан амрахыг уриалж байна.