Манай улсын энэ оны эхний хагас жилийн гадаад худалдааны бараа эргэлт 11.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 27.9 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын дүн импортынхоос 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Экспортод 7.5 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд нийлүүлсэн нь2022 оны мөн үеийнхээс 42.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн өнгөрсөн оны эхний хагасынхтай харьцуулахад чулуун нүүрсний экспорт 20.2 сая тонн, үнийн дүн 1.9 сая ам.доллароор нэмэгджээ. Зэсийн баяжмалын борлуулалт 16.5, төмрийн хүдрийнх 931.1 мянган тонноор мөн ахисан аж.
Дээрх хугацаанд 4.2 тэрбум ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.2 хувиар ахисан үзүүлэлт болжээ. Импортын нийт дүнгийн 23.6 хувиар нефтийн бүтээгдэхүүн, 19.4 хувиар нь автомашин, сэлбэг тоног төхөөрөмж, өөрөө явагч хэрэгсэл зэргийг худалдан авсныг ГЕГ-ын тайланд дурдсан байна. Манай улс 64 улсад бараа нийлүүлсэн бол 138 орноос бүтээгдэхүүн импортолжээ.