-Агентлагууд хуульд нийцүүлж ажлаа явуулах уу, хуулийг агентлагуудын ажилтай уялдуулах уу-
Гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг хохироосон хэргүүдийг сэргээн шалгах, шийдвэрлэх ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлсэн. Засгийн газраас гаргасан сүүлчийн судалгаагаар 2012 оноос хойш дээрх төрлийн 57 гэмт хэрэг бүртгэгдсэн гэдэг. Хохирогчдын олонх нь уур уурхай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Монгол Улсад ирж, хөрөнгө оруулаад хохирсон байдаг. Тэгвэл прокурорын байгууллагын өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт цахим хуудсандаа байршуулсан мэдээлэлд “Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 342 бүртгэгдсэн. Үүний 239-д нь гадаадын хөрөнгө оруулагч хохирсон тухай байгаа юм. Харин 103 нь гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тэдгээр хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65.9 хувийг залилах, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын хэрэг эзэлж байна. Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан 12 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн” хэмээсэн юм.
Хуулийн байгууллагынхан гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хохирсон хэргүүдийг шалгаж эхэлсэнтэй холбогдуулан иргэдээс ирүүлэх мэдээллийн тоо олширч байгаа аж. Шүүхээс хуулийг гуйвуулж ашиглах, иргэний нийгмийн байгууллагууд хясан боогдуулах замаар оруулсан хөрөнгийг нь төрийн байгууллагатай хамтран үнэгүйдүүлдэг зэрэг гомдлууд ч цөөнгүй гаргах болжээ. Тухайлбал, хамгийн сүүлд Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын аж ахуйн нэгж болон манай “Мон-Атом” компанийн хамтарсан “Гурвансайхан” гэх компанийн эзэмшдэг, Дундговь аймгийн нутаг дахь ураны хайгуул, ашиглалтын талбайн лицензийг цуцлах, эсэхийг шийдвэрлэх хурал нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд саяхан болсон юм. Үүний шалтгаан нь Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ынхны хариуцлагагүй, хайнга байдалтай холбоотой юм билээ. Тодруулбал, тус газрын албан тушаалтнууд тусгай зөвшөөрөлд нь бичилт хийхдээ техникийн алдаа гаргасны улмаас тухайн компанийн лицензийг шүүх цуцалсан аж.
Төрийн өмчит “Мон-Атом” ХХК 2013-2015 онд санхүүгийн хүндрэлд орж, БНЧУ-ын хөрөнгө оруулагчдад ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан байдаг. Ингээд Чехийн “Ураниум индастри” компанитай хамтран Дундговь аймагт үйл ажиллагаа явуулах “Гурвансайхан”-ыг байгуулсан аж. Эл хамтарсан аж ахуйн нэгжийн 15 хувь нь “Мон-Атом”-ын эзэмшлийнх. Хамтын ажиллагааны хүрээнд БНЧУ-ын хөрөнгө оруулагчид тус аймгийн гурван сумын нутгийг хамаарах талбайд 310 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хайгуул хийж, 4500 тонн ураны нөөц байгааг тогтоожээ. Улмаар 2016-2017 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтынх болгож сунгуулах хүсэлтийг АМГТГ-т өгсөн гэнэ. Тухайн үед АМГТГ-аас лицензийн хугацааг 30 жилийн хугацаатай байхаар бичиж олгосон аж. “Гурвансайхан” компанийнхан Цөмийн энергийн тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа хамгийн ихдээ 20 жил байдаг. 30 жилээр бичиж олгох нь хууль зөрчиж буй үйлдэл юм биш биз гэж хэмээн удаа дараа сануулсан ч АМГТГ-ынхан “Манай ашиглаж буй программд 20 жил гэж байдаггүй, 30 жилээр гардаг. Үүнд санаа зоволтгүй” хэмээн хариулж байсан гэнэ. Гэтэл уран олборлохыг эсэргүүцдэг иргэний хөдөлгөөнийхөн энэ алдааг нь уухайн тас шүүрч аваад, шүүхэд хандан лицензийг нь цуцлуулах гомдол гаргасан юм байна.
Мэдээж нэхэмжлэгч нь иргэний нийгмийн байгууллагынхан, хариуцагч нь захиргааны акт гаргасан АМГТГ-ынхан. Харин “Гурвансайхан” компанийн төлөөлөл хөндлөнгийн ажиглагчаар л оролцсон гэнэ. Уг нь тус компанийнхан лиценз олгох үеийн бичиг баримтыг харгалзан үзэх, тухайн үеийн процессийг нягтлах санал, хүсэлт гаргаж, хариуцагчаар оролцохоор оролдсон ч шүүх хүлээн авахаас татгалзаж, зөвхөн АМГТГ-ыг л хариуцагч гэж үзсэн байна. Эл шүүх хурлын үеэр АМГТГ-аас “Цөмийн энергийн тухай хуульд 20 жилээр хугацаа зааж олгох ёстой ч бидний практик ажиллагаагаар энэ хугацаагаар бичих боломжгүй. Бид юу ч мэдэхгүй” гэсэн утгатай тайлбар хэлсэн гэнэ. Ингээд шүүх бүрэлдэхүүн “Гурвансайхан” компанид олгосон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хууль зөрчсөн гэж үзээд лицензийг нь цуцалж шийдвэрлэв. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр шүүх гаргасантай холбоотойгоор БНЧУ-ын хөрөнгө оруулагчид хэрхэхээ мэдэхгүй нутаг буцжээ. Харин тус компанийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд хандахаа илэрхийлсэн байна. Хэрэв давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл “Гурвансайхан” компанийнхан олон улсын арбитрт хандах гэнэ. Өөрөөр хэлбэл, 2009 онд Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн тусгай зөвшөөрлийг шүүх цуцалсантай холбоотойгоор манай улсаас 100 000 000 ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж, Монгол Улсаас гаргуулахаар болсон жишээг “Гурвансайхан” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал давтахад хүрч болзошгүй байна. Тодруулбал, АМГТГ-ынхны хуулиас давсан үйл ажиллагаа Монгол Улсыг өрөнд оруулж мэдэх нь.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр УИХ-ын баталсан хуулийг Засгийн газрын харьяа агентлагууд хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлдэггүйг тодотгох гэсэн юм. Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуульд тусгай зөвшөөрлийг 20 жилээс дээшгүй хугацаагаар олгохоор тусгасан атал АМГТГ-ын бичилтийн программ нь 30 жил байхаар шивдэг нь үүний бодит жишээ гэхэд хилсдэхгүй.