-УНТЭ-ийн Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхөнд Төрийн шагнал хүртээлээ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа өндөр амжилт гаргасан эрхмүүдийг өчигдөр төрийн дээд одон, медалиар шагналаа. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Төрийн шагнал хүртээв. Түүнчлэн Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн УНТЭ-ийн Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхөнд Төрийн шагнал хүртээсэн юм. Тус төвийнхөн “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болов.
Тэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, химийн эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулсан байна. Ингэснээрээ цус судлал, удам зүй, молекул биологи, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ. Төрийн шагнал хүртсэн багт Ардын эмч, доктор, дэд профессор Н.Оюундэлгэр, багийн гишүүн, анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Хишигжаргал, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Мядагсүрэн, А.Нансалмаа, Ж.Нарангэрэл нар багтсан юм. Төрийн шагналт эмч нарын багийн ахлагч Н.Оюундэлгэртэй ярилцлаа.
-Төрийн шагнал хүртсэн танд болон баг хамт олонд нь халуун баяр хүргэе.
-Баярлалаа. Бид багаараа үүдэл эс шилжүүлэн суулгах технологийг Монгол Улсын хөрсөнд нэвтрүүлж, одоо нутагшуулахын төлөө зүтгэж явна. Эмч, мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөрийн үр шимийг ойлгож, Төрийн шагнал хүртээсэнд маш их баяртай байна. Мөн багш хүний хувьд ид хөдөлмөрлөж яваа, цэл залуухан насандаа Төрийн шагнал хүртсэн дөрвөн шавиараа ихэд бахархлаа. Хамт олон минь урам зориг авч, хүний амь аврах үйлсдээ цаашид ч өндөр амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төслийг 2010 онд эхлүүлсэн юм. Энэ эмчилгээ нь маш нарийн, өндөр технологи шаарддаг. 2014 онд манай багийнхан анхны үүдэл эсийг өөрөөс нь өөрт шилжүүлэх буюу АУТО эмчилгээг эх орондоо хийсэн.
Өнөөдрийн байдлаар 32 хүнд АУТО үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Харин 2022 оны долдугаар сард 23 настай өвчтөнд 14 настай донор дүүгээс нь үүдэл эс амжилттай шилжүүлэн суулгасан. Өөрөөс нь болон донороос үүдэл эс шилжүүлэн суулгах нь зарчмын хувьд маш том ялгаатай. Өөрөөр хэлбэл, өөрөөс өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгахад эс өөриймсөх, ондооших үйл явц байхгүй. Харин донороос өвчтөнд шилжүүлэн суулгахад нэлээд ярвигтай. Хэдийгээр лабораторийн шинжилгээгээр 100 хувь тохирсон үүдэл эс боловч ондооших, ховхрох зэрэг нэлээд эрсдэлтэй байдаг. Ер нь үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажиллавар нь бусад эрхтэн шилжүүлэн суулгахаас нэлээд ялгаатай. Эмчилгээ гэхээс илүү технологи, шинэ дэвшилт эмчилгээний арга юм. Өөрөөр хэлбэл, бусад эрхтнийг шилжүүлэн суулгахад донорын тохироо нь 50, 60 хувьтай байж болдог. Тэгвэл үүдэл эсийнх 100 хувийн тохироотой байдаг.
-Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгасан анхны тохиолдол амжилттай болсны дараах сэтгэгдэл ямар байв?
-Багийн хамт олон төдийгүй эмнэлгийн удирдлагын хувьд энэ эмчилгээг амжилттай хийсний дараа баярлахаас илүү сэтгэл түгшсэн. Мэс заслын дараа өвчтөнөөгэрт нь гаргасан ч сэтгэл түгшсээр л байв. АНУ, Япон, БНСУ-ын эрдэмтэд, эмч нарын дэмжлэг, оролцоотойгоор Монгол Улсад анх удаа донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Гадаадын эмч, мэргэжилтнүүд өндөр зохион байгуулалттай боллоо гэж ам сайтай байсан шүү. Ирэхоны эхний улиралд багтаж донороос хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна. Энд донор, өвчтөн гэсэн хоёр хүний асуудлыг ярина. Донор эрүүл байхаас гадна өвчтөндөө6-7 сарын бэлтгэл эмчилгээ хийж, маш нарийн хөтөлбөрийн дагуу эмчилдэг.
А.НАНСАЛМАА: Энэ эмчилгээг амжилттай хийхийн тулд 7-8 салбарынхан хамтран ажилладаг
Төрийн шагнал хүртсэн багийн гишүүн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Нансалмаатай ярилцлаа. Тэрбээр үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог, багийн ажлын талаар ийнхүү тайлбарласан юм.
-Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний онцлогийн талаар тайлбарлана уу. Олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүн, цөөнгүй хүний хөдөлмөрийн ачаар энэ эмчилгээг эх орондоо нэвтрүүлсэн байх?
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь хоёр төрөл байдаг. Өөрөөр хэлбэл, өөрөөс нь өөрт үүдэл эс шилжүүлэх буюу АУТО, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах буюу АЛЛО эмчилгээ гэж ангилдаг. Энэ нь ганц Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхний ажил биш. Эмнэл зүй, оношилгооны лаборатори, генетик, молекул, дархлааны салбарынхан ч оношилгоо, эмчилгээнд оролцдог. Түүнчлэн удирдлагын дэмжих баг, санхүү, инженерийн гээд олон салбарын хамтын ажиллагааны үр дүн юм. Цаашлаад үе үеийн эмч, ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, ур чадварыг үнэлж энэхүү хүндтэй шагналыг хүртээсэн гэж ойлгож байгаа. Хамгийн сүүлийн үеийн, дэвшилт технологи бүхий эл эмчилгээг амжилттай хийхийн тулд7-8 салбарынхан хамтран ажилладаг.
-Та УНТЭ-т хэдэн жил ажиллаж байна вэ. Багтаа ямар үүрэг оролцоотой байдаг вэ?
-Би УНТЭ-т 21 дэх жилдээ ажиллаж байна. Чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний эсийн боловсруулалтын хэсэгт ажилладаг. Эхлээд эмч нар өвчтөнөө оношилж, “бэлтгэсэн”-ий дараа үүдэл эсийг нь шүүж авдаг баг гэж бий. Би шүүсэн үүдэл эсийг боловсруулж хадгалдаг хэсэгт ажилладаг гэсэн үг. Өвчтөндөө үүдэл эсийг буцааж сэлбэх, биеийн байдлыг нь хянах гээд олон эмч, ажилтан 24 цагийн турш ажилладаг.
-Үүдэл эсийг боловсруулна, хадгална гэдэг маш нарийн үйл явц байх. Үүнийг шилжүүлэн суулгах шаардлагатай хүн манайд олон байна уу?
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах заалттай эмгэг маш олон. Бид голдуу цусны хавдартай хүнд үүдэл эс шилжүүлж байна. Эмчилгээний энгийн зарчим нь хавдартай хүнийг оношлоод, хавдрын эсийн нарийн хэлбэрийг нь тогтоож, генетикийн гажгуудыг засаж, урт хугацаанд эмчилдэг. Энгийнээр хэлэхэд, хавдрын нэг ч ширхэг эс үлдээхгүй “цэвэрлэсний” дараа өөрт нь байгаа ажиллагаатай эрүүл эсийг нь ихэсгэх эмчилгээ хийнэ. Үүнийг тусгай аппаратаар шүүж, бусад эсээс үүдлийг нь ялган авч, өсгөж, үхэхгүй байх орчныг нь бүрдүүлж хадгалдаг юм. Молекулын түвшинд хавдрын нэг ч эсгүй болсон шинэ эсийг тухайн өвчтөнд шилжүүлж суулгана гэсэн үг. Тухайн хүний биед суулгасан үүдэл эс нь нярай хүүхэд өсөж торнихтой адил багагүй хугацаа зарцуулдаг үйл явц. 2022 онд манай тасгийнхан хавдрын судалгаа хийсэн. Сүүлийн таван жилд цусны хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа. Оношилгоо сайжрахын хэрээр тохиолдлын тоо нэмэгдэж байна. Үүдэл эс шилжүүлэх мэс ажиллавар нь тухайн хавдрыг намжмал байдалд оруулах, сэдрэхээс сэргийлэх өндөр ач холбогдолтой, үр дүн сайтай эмчилгээ.
-Олон улсын түвшний дэвшилт технологийн эмчилгээг цаашид илүү олон хүнд хүргэхэд шаардлагатай хүний нөөц, багаж хэрэгсэл бүрдсэн үү?
-Гар утас улам ухаалаг болж, шинэчлэгдэж буйтай адил эмчилгээний технологи сайжирч, өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад сувилагч, техникч, эмч нар, ажилтнууд үргэлж суралцаж, технологи, эмчилгээний арга барилаа шинэчлэх шаардлага тулгардаг. Эмнэлгийн захиргаа болон багийн ахлагч Н.Оюундэлгэр эмч төлөвлөгөө гарган, ажилтнуудаа дотоод, гадаадад байнга сургаж, мэргэшүүлэхэд анхаарч ажилладаг. Тиймээс энэ эмчилгээг илүү сайжруулах, технологио нутагшуулах, санхүүгийн чадавхаа сайжруулах гэх мэтээр эрүүл мэндийн салбарын бодлогын түвшинд хийх ажил цөөнгүй бий.