ШШГЕГ-ын харьяа, Тахир соёот дахь хаалттай хорих 405 дугаар ангийн хамгаалалттай бүс рүү буутай хүмүүс нэвтэрчээ. Эл хорих ангийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь хэсгээр “ТОЗ-8” агссан хоёр хүн нэвтэрмэгц харуул хамгаалалтын ажилтнууд саатуулаад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 42 настай Н, 63-тай Э.Д нар тарвага агнах гэж явсан хэмээн хууль сахиулах байгууллагынханд мэдүүлж буй бөгөөд авч явсан буу нь ямар ч бүртгэлгүй байсан аж. Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглочоод буй. Гэтэл дээрх хоёр хүн уг шийдвэрийг зөрчсөн гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрынхан Зөрчлийн тухай хуулийн 7.6-4 дэх хэсгийн “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд агнахыг завдсан”, мөн хуулийн 5.6-гийн “Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж буй аж.