“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдон, 47 хоног үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруутай нь тогтоогдсон 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал өчигдөр эхэллээ. Хурлын эхэнд улсын яллагч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, бусдаас хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэлд нь зургаан сар, хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, мөн хугацаагаар хорих ял шийтгэх санал прокурор гаргав. Улмаар тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөж орон сууц, авто зогсоол, автомашины үнээс тодорхой хэсгийг гаргуулж улсын орлогод оруулах саналаа илэрхийллээ.
“Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 22.7 сая ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, эдийн засгийн давуу байдал бий болгож, банканд 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.
Тэгвэл прокуророос Н.Мөнхбат, эл банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноох санал гаргасан юм. “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөрийг тус банкнаас зээлсэн 83.5 тэрбум төгрөгийг угаасан гэм буруутайд тооцоод буй. Түүнд мөнгө угаасан үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил зургаан сар, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт нь зургаан сар хорих ял оноож, нэгтгэн таван жил хорих ялаар тогтоох саналаа прокурор илэрхийлсэн юм.
НВЦ компаниас хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил хорих санал гаргасан бол тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайханд ижил ял оноох саналаа прокурор илэрхийлсэн. “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт таван жил хорих, дэд захирал Б.Чойжилжалбууд албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь гурав, хахууль авсанд нь дөрөв, мөнгө угаасанд нь нэг, нэмж нэгтгэн төрийн албанд ажиллаж эрхийг найман жил хасаж, найман жил хорих ял оноох саналаа прокурорууд илэрхийлэв.
Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Э.Эрдэнийн нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хахуульд авсан 89 000 ам.долларыг гаргуулж, улсын орлогод оруулах санал гаргасан. “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, гурван жил зургаан сар хорих ял оноох санал прокурор илэрхийлсэн бол “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Бүтэдийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэх санал гаргасан юм. Гэм буруутай гэж дүгнэсэн НВЦ компанийг 150 000, “Инжир”, “Хааны харгуй” ХХК-ийг 120 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь2-3 жил хасах саналаа прокурорууд илэрхийллээ. Улмаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нар ялын санал шүүмжээ илэрхийлснээр хурал завсарлаж, өнөөдөр үргэлжлүүлэхээр боллоо.
Ташрамд дурдахад, иргэний хариуцагчаар тогтоогдсон 14 компанийн найм нь хохирол төлбөртөө объектууд шилжүүлэн өгөх саналаа албан бичгээр Хөгжлийн банканд хүргүүлсэн бол НВЦ ХХК 270 сая, “Бэрэн групп” 522 сая төгрөгийн төлбөр завсарлага авсан таван хоногийн хугацаандаа төлсөн аж. Бусад компани төлбөр төлөөгүй гэнэ.