Энэ оны эхний таван сард БНХАУ 37.87 сая тонн коксжих нүүрс импортолсны 49 хувийг нь монголоос худалдан авсныг “Sxcoal” онцолжээ. Түүнчлэн тавдугаар сард тус улсын нүүрсний импорт өмнөх хоёр сарынхаасаа буурсан ч 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад өндөр байсан бөгөөд ялангуяа коксжих нүүрсний нийт импортынх нь 50-иас дээш хувийг Монгол Улс бүрдүүлсэн байна. БНХАУ нь нүүрсний импортын татварыг тэглэх бодлого хэрэгжүүлж буй ч нийт импортынхоо 75 орчим хувийг Монгол, ОХУ-аас худалдан авсан аж. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр нүүрс олборлогч “China energy investment corporation”-д зочилсон бөгөөд хоёр улсын хилийн боомт хоорондын төмөр замын трассын зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай талаар санал солилцсон. Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлж, ирэх жил ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө хэлэлцэн, нүүрсний арилжаагаа нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхээр зорьж буйг “Sxcoal” тэмдэглэлээ.