Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хүсэлт гаргаж Б.Сод-Оргил гэх хүнийг манай ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-аас авчруулсан билээ. Бусдыг залилсан, цахим мэдээлэлд халдан эд хөрөнгийг нь хулгайлсан хэрэгт холбогдсон Б.Сод-Оргил 2018 онд АНУ руу очсон нэгэн. Тус улсад амьдарч байхдаа 2019 оноос цахим сүлжээ ашиглан иргэдийн интернэт банкны дансанд нэвтэрч, мөнгийг нь шилжүүлэн авсан хэрэгт түүнийг шалгасан юм. Б.Сод-Оргилыг 100 гаруй удаагийн үйлдлээр олон сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж.
Тэрбээр АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотод амьдарч байсан бөгөөд эх орондоо байгаа иргэдийн интернэт банкны эрхэнд халдаж нэвтрэн орж 2019 оны долдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улсын 127 иргэний460.9 сая буюу бараг хагас тэрбум төгрөгийг авсан нь тогтоогдсон байна. Прокуророос түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1-3.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, 26.1-2-ын “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Тус шүүх С.Сод-Оргилд холбогдох хэргийг хянан хэлэлцээд уг хоёр зүйл заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.