Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house” гэсэн таван багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Голч өнцөг” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэгддэг ч тэдний оролцоо, эрх ашгийг үргэлж хойш тавьж ирсэн. Хүүхэд багачууд, залууст зориулсан олигтойхон бүтээн байгуулалт байдаггүй нь үүний тод жишээ юм. Засгийн газар Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах шийдвэрийг 2020 оны сүүлчээр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй улс төрч, албан тушаалтнууд бүхнийг хүүхдийн төлөө хийнэ гэж амлан, олон нийтээс хандив цуглуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тус сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын нэг ч ажил хийсэнгүй, нөхцөл байдал бахь байдгаараа. Тиймээс бид энэ санд хуримтлуулсан хөрөнгөөр хүүхэд багачуудад зориулсан томоохон бүтээн байгуулалт эхлүүлэхийг уриалж буй.
Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах шийдвэрийг анх гаргаснаас өдий хүртэлх хугацаанд өрнөсөн үйл явцыг “Өнөөдөр” сонин цувралааар хүргэж буй бөгөөд 2023 оны тавдугаар сарын 26-ны дугаартаа “Шилний цаанаас чихэр долоолгосон Хүүхдийн төлөө сан” нэртэй нийтлэл гаргасан билээ. Тухайн нийтлэлд Хүүхдийн төлөө санд яг хэдэн төгрөг цугларсан, орлого, зарлага нь хууль ёсны дагуу байна уу, чухам юунд хэчнээн хөрөнгө зарцуулсан бэ гэдгийг дурдсан юм. Үүний дараахан Засгийн газар тус сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэсэн билээ. Эл санд төвлөрсөн хөрөнгөөр юуг санхүүжүүлэх вэ гэдэг шийдвэрийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр жилд нэг удаа хэлэлцэн гаргахаар тогтсон. Энэ мэтчилэн хууль, дүрэм, журам, тушаал, шийдвэрийг ар араас нь гаргасаар буй ч цаасан дээрх ажлуудыг хөрсөнд буулгах чиглэлд холбогдох байгууллага, албан тушаалтнууд ер анхаарахгүй байна.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт таван яам, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтдаг. Тэднийг нэгдсэн мэдээлэл, арга зүйгээр хангах шаардлагатай гэдэг нь тодруулга, байр суурь авах гэж“ хөөцөлдсөн” энэ өдрүүдэд илүү ихээр анзаарагдлаа. Өөрөөр хэлбэл, эл сантай “холбогдсон” албан тушаалтан, мэргэжилтнүүд нэгдсэн мэдээлэлгүйгээс эрэг шураг нь зөрсөн аятай илт зөрүүтэй зүйл ярьж сууна. Яг ямар ажил “барьж авахаа” ч мэдэхгүй байгаа бололтой.
Уг нь Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулсны гол зорилго нь номын сан, хүүхэлдэйн театр, кино театр, концертын танхим, хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомын төвтэй, багачуудад зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах байв. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт 11 000 ам метр газар шийдвэрлэсэн байдаг. Үүний батламжийг хотын дарга тухайн үеийн Соёлын сайдад гардуулсан. Бүтээн байгуулалт хийх газар болон хөрөнгийг нь хэдийн шийдчихсэн гэсэн үг. Гэтэл тэнд одоо ганц ч тоосго тавиагүй, цаашид юу хийх нь ч тодорхойгүй байна. Тэрчлэн хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэгэн ажлыг хэзээ, хэрхэн эхлүүлэх нь бүрхэг буй юм. Эдгээр ажил юуны улмаас гацсаныг холбогдох албаны хүмүүс болон төсөл нь шалгарсан байгууллагынхнаас тодрууллаа.
ТОМООХОН ТӨСЛИЙН САНАЛ НЭГ Ч ИРЭЭГҮЙ
-Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах гэхээр Сангийн яам эрхийг нь нээж өгөхгүй байгаа гэнэ. Үүний шалтгаан юу вэ?
-М.Санжаадорж (Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга):
-Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг Сангийн яам гацаасан гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ сангийн орлогын эх үүсвэр нь Авто тээврийн үндэсний төвөөс явуулдаг авто машины азын дугаарын дуудлага худалдаа болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламж байдаг. Эдгээрийг тогтоол, журмын дагуу зарцуулах эрх нь нээлттэй. Өнөө жил гэхэд 10 тэрбум төгрөг зарцуулах эрх бий. Засгийн газар 2021 оны зургадугаар сард баталсан 172 дугаар тогтоолоороо уг сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах, ямар байдлаар хяналт тавих вэ гэдгийг маш тодорхой болгочихсон. Үүнд тусгасан, хууль ёсны арга хэмжээг сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхэд манай яамны зүгээс эсэргүүцэх, үгүйсгэх үндэслэл байхгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, олон улсын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан сурагчдыг урамшуулах тохиолдолд санхүүжилтийг нь ямар нэг асуудалгүй, шуурхай шийдчих боломжтой. Шийдсээр ч ирсэн. Харин хөрөнгө оруулалтын шинжтэй зарим томоохон ажлыг санхүүжүүлэх тохиолдолд тодорхой хугацаанд хүлээлт үүсгэх магадлал бий. Энэ нь нягтлан шалгах ажилтай холбоотой. 2023 онд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөөр ерөнхий боловсролын нэг сургууль барих уу, эсвэл цэцэрлэг байгуулах уу. Уг нь үүнийг улс хөрөнгөөрөө шийдэх ёстой шүү дээ. Эсвэл “Ид шидийн орон” шиг хүүхэд хөгжил, хамгааллын төв бий болгох уу, үгүй бол хүүхдийн зуслан байгуулах нь өгөөжтэй юү. Зарчмын хувьд эдгээрийг бодолцож, хариуцлагатай, нухацтай хандах ёстой юм. Сангийн яамны баримталж байгаа бодлого бол иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн, нийгэмд зайлшгүй шаардлагатай, үр дүнтэй төслүүдэд хөрөнгө оруулах. Өөрөөр хэлбэл, ямар ажилд хөрөнгө оруулах гээд байна вэ гэдгийг нь чухалчилж хардаг.
Одоогоор Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бүтээн байгуулалттай холбоотой ямар нэг төслийн санал бидэнд ирээгүй. Өнөөдөр (өнгөрсөн пүрэв гарагт) бүх мэдээллээ нягталж, шалгалаа. Хүүхдүүдэд шагнал, урамшуулал олгохтой холбоотой 200 гаруй сая төгрөгийн хүсэлт л ирсэн. Хөрөнгө оруулалтын төслийнх нэг ч байгаагүй.
БИДНИЙ САНААЧИЛГЫГ ДЭМЖСЭН Ч САНХҮҮЖИЛТИЙГ НЬ ШИЙДЭЭГҮЙ
-Хүүхдийн төлөө сангаас санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслийн 2022 оны шалгаруулалтад танай байгууллагын санаачилга шалгарсан юм билээ. Уг төслийн хүрээнд юу хийхээр төлөвлөсөн, өдгөө ямар шатандаа байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Г.Отгонтамир (Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн):
-Хүүхэд багачуудыг зам тээврийн осол, эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдалтай холбоотой зөвлөмж, мэдээлэл түгээх тусгай төв манай улсад байдаггүй. Тиймээс бид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ийм төв байгуулахаар санаачилж, төслийн саналаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-т илгээсэн юм. Хүүхэд багачууд олноороо зорин очдог гол газруудын нэг нь цэцэрлэгт хүрээлэн. Нийслэл төдийгүй орон нутгийн хүүхдүүд ч тус газрыг зорьж очдог. Иймд замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшил суулгах, танин мэдэхүйн мэдлэг олгох зориулалттай талбайг тухайн бүсэд хотхон хэлбэрээр байгуулахаар шийдсэн юм. Хүртээмжийг нь бодолцоод цэцэрлэгт хүрээлэнг сонгосон. Үүнийг байгуулж чадвал хүүхэд багачуудад өгөөжтэй, улсын хэмжээний ажил болно. Арчлалт, үйлчилгээг нь цэцэрлэгт хүрээлэн, нарийн үйл ажиллагааг нь манайх хариуцахаар тохиролцсон юм. Зураг төслөө хэдийн гаргаад, тооцоо судалгаагаа хийчихсэн. Нийт төсөвт өртөг нь 400 гаруй сая төгрөг. Зөвхөн зам байгуулаад, тэмдэг, тэмдэглэгээ тавиад орхичихгүй. Хотхон байдлаар, хотын нэг хэсэг юм шиг л тохижуулахаар төлөвлөсөн.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг хариуцсан ХНХЯ, ГБХЗХГ-ынхан бидний санаачилгыг дэмжиж, тусгай сангаас санхүүжилт олгохоор болсон ч Сангийн яам одоо болтол шийдэж өгөхгүй байна. Төсөлтэй холбоотой мэдээлэл, шаардлагатай баримт бичгүүдийг ХНХЯ, ГБХЗХГ-аас тус яам руу нэг бус удаа явуулсан юм билээ. Бид ч араас нь нэлээд хөөцөлдөж байгаад орхисон. Төслийн шалгаруулалтаас хойш жил орчмын хугацаа өнгөрөөд байна.
Аль ч оронд замын хөдөлгөөний танин мэдэхүйн талбай, хотхон байдаг. Тэдгээрийгээ ашиглаад хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын хичээл заадаг. Манай улсад амьдрах ухаан хичээл орох хугацааны сүүлийн таван минутад замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөмж, зааварчилгаа, мэдээлэл өгнө гэж тусгасан байдаг ч хэрэгжүүлдэггүй. Тиймээс бид цэцэрлэгийн багачуудын дунд жил болгон “Замын хөдөлгөөн-цагаан толгой”, I-V ангийн сурагчдад зориулж “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн, “School police”, “Хичээл эхэллээ” арга хэмжээ зохион байгуулж, мэдээлэл, зөвлөгөө түгээж ирсэн. Ийм төвтэй болсноор замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх нөхцөл бүрдэнэ. Сургуулиуд ч бидний байгуулсан талбайд сурагчдаа авчирч, практик хичээл заах боломжтой. Дадлага, сургуулилалтын талбайтай болсноор машинтай хүн замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, дугуйтай, явган зорчигч яаж явах вэ гэдгийг нарийвчлан зааж, ойлгуулах юм.
ИРГЭД ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ЗУСЛАН БАРИХ САНАЛ ГАРГАСАН
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?
Г.Мөнхнасан (ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга):
-Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг гурван чиглэлд зарцуулахаар журамласан. Тэдгээр нь хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт, олон улс, тив, дэлхийн урлаг, спортын наадам, тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх юм. Одоогийн байдлаар сангийн хөрөнгөөс хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ажилд ямар нэгэн санхүүжилт гаргаагүй байна. Хүүхэд багачуудад замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг таниулах зорилго бүхий нэг төслийг өнгөрсөн онд шалгаруулсан ч хэрэгжүүлж эхлээгүй. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын эрх нь улсын төсөвт үүсээгүй байна. Төсөв нь батлагдчихвал гүйцэтгэх байгууллагын тендер зарлана.
Сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн, сонгон шалгаруулж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ХНХ-ын сайдын А12 дугаар тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үүнд БШУЯ, БХБЯ, ХНХЯ, ЗТЯ, Соёлын яам, Биеийн тамир спортын улсын хорооны хэлтсийн дарга, нийслэлийн Хүүхдийн холбооны нарийн бичгийнд арга, “Саран ээж” нийгэмлэг, Монголын тусгай олимпын хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны төлөөлөл багтдаг. Нарийн бичгийн даргаар нь ХНХЯ-ны Захиргаа, удирдлагын газрын дарга ажиллаж байна. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийвэл дэмжих вэ гэсэн цахим судалгааг манай агентлагийнхан авсан. Судалгаанд оролцогчид хүүхдэд зориулсан шинэ бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар, зуслан барих зэрэг санал ирүүлсэн.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө дансандаа бий. Илүү, дутуу ямар нэгэн зарлага гаргаагүйг хэлэхэд илүүдэхгүй биз. Тусгай сангуудыг нэгдсэн чиглэл, удирдлагаар хангахаар Засгийн газар ажиллаж буй. Тиймээс сангуудын үйл ажиллагаа илүү эрчимжинэ гэж найдаж байгаа.