Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагатай өчигдөр уулзаж, тэнд болж буй маргаантай асуудлын талаар мэдээлэл сонсов. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг тухайн үеийн Засгийн газар “Монголын зэс” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэх эрүүгийн хэрэгт нийт дөрвөн их наяд төгрөг нэхэмжилсэн байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй аж. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан ч гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй учраас төр буцаан авсан. Ингэснээр он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргаж, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа” гэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тус үйлдвэрт хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь 392.8 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаж, шүүх хурал нь удаа дараа хойшилсон талаар тус компанийн Бизнес удирдлагын газрын дарга Л.Нямбаяр мэдээллээ. 2011 онд хуурай аргаар цемент үйлдвэрлэхээр төрөөс хөрөнгө оруулалт татаж, хувийн хэвшлийнхнийг оролцуулахдаа хууль зөрчин, бусдад давуу байдал олгон хувьчлуулсныг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл онцлов.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсан бол эвлэрэхгүй гэдгээ илэрхийллээ. Монголын ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадахгүй байгааг нарийн судалж, яаралтай шийдвэрлэхийг тэрбээр үүрэг болгов. Сайд эдгээр үйлдвэрт ажиллаж бодит байдалтай танилцах юм байна.