Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа дээрх төсөл ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэх боломжтой юм.
Тус үйлдвэр нь 4 модуль бүхий жилийн 15 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Тавантолгойн ордын 8, 9, 10, 11, 12 дугаар давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлэх юм. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 150 хүн шууд ажлын байраар хангагдана. Мөн ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой.
Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд байна.