Зам, тээврийн хөгжлийн яамнаас Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогсоох шийдвэр гаргасан. Мөн зургадугаар сарын 5-нд болсон зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу УБТЗ-ын Чойр, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын салбар замуудаас хулгайн замаар тээвэрлэж, буулгасан нүүрсийг ачихгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн салбар зам эзэмшигчид нь талбайд байгаа жонш, төмрийн хүдэр, нүүрсний үлдэгдлийг гарал үүсэл, уурхайн нэр, жин тонн, аж ахуйн нэгжээр нь тооцон гаргаж, долоо хоног бүрийн баасан гарагт Чойр өртөөний тооцооны хэсэгт өгч байхаар зохион байгуулжээ. УБТЗ-ын хувьд Чойр өртөөний долоо, Олон-Овоо өртөөний дөрөв, Шивээ-Овоо өртөөний гурав, Мааньт өртөөний гурван салбар замд албан тоот өгч дээрх шийдвэрийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.