Өнөөдөр Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын өдөр (IDWIM 2023) тохиож байна. Энэхүү өдрийг “Уул уурхай дахь эрх тэгш байдлыг хангах нь хүн бүрийн хариуцлага” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Уул уурхайн нэмүү өртгийн сүлжээнд ажиллаж буй эмэгтэйчүүд, ирээдүйд уул уурхайн салбарт хүчин зүтгэх гэж буй эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Мөн тогтвортой, олон талт, хүртээмжтэй уул уурхайн салбарыг бий болгоход чиглэсэн ажил хэрэгч санаачилга гарган салбар болон хувь хүмүүсийг хамтран ажиллахыг уриалсан компанит ажил өрнүүлдэг байна.
Уул уурхайн салбарт 25 мянга орчим ажилчин ажилладагийн 20 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Эмэгтэйчүүд нь иргэний нийгмийн хүчтэй хэсэг, тэр дундаа эрдэс баялгийн салбарын бүсгүйчүүд энэ цаг үеийн баялаг бүтээгчид. Жендэрийн оролцоо нь салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах хамгийн том хөрөнгө оруулалт юм.