2023 оны гуравдугаар сарын 20. Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхим. Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хорооны хуралдаан. Түр хорооны дарга Г.Ганболд хурлыг нээж “УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, Г.Ганболд, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд, Т.Энхтүвшин нарын долоон гишүүн хүрэлцэн ирж, ирц 53.8 хувьтай тул хангалттай гэж үзлээ. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Хянан шалгах хорооны хурал зөвхөн тов зарлах учраас нээлттэйгээр хийе. Өнөөдөр бид УИХ-ын дарга, удирдлагуудтай зөвшилцөөд сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 4-6-нд зохион байгуулахаар товлосон. Энэ хугацаатай холбогдуулаад гишүүдэд асуулт тавих хүн байна уу. За, С.Одонтуяа гишүүн” гэв.
...Энэ төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газраас гаргасан. Хэрвээ ингэж хийгээгүй бол өнөөдөр энэ төмөр зам баригдахгүй байсан...
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Энэ сарын28, 29, 30-нд болохгүй юм байна, тийм ээ. Би Солонгост томилолтоор ажиллана. Тэгээд дөрөвдүгээр сарын 6-нд ирнэ. Уг нь энэ сонсголд сууя гэж бодсон юм. Бүлгээс намайг бүр онцгойлон томилсон байгаа шүү дээ. Н.Ганибал бид хоёр үүрэг хүлээсэн. Хоёрдугаарт, манай бүлгийн Ганибал гишүүн дараагийн долоо хоногт томилолтоор явна. Ганбаатар гишүүн ч бас. Тэгэхээр 6-ныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт байна” гэсэн бол, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэ сонсгол нь эрх барьж буй нам засаглаж байгаа үетэй түлхүү холбогддог болохоор АН-ын хүсэлтийг дэмжих нь зүйтэй.
Түр хорооны дарга Г.Ганболд “Ер нь бол зөв өө, Т.Доржханд, С.Одонтуяа гишүүний саналуудыг хүлээж авах ёстой. Тэр дундаа УИХ-ын цөөнхийн үг, дуу хоолой энэ сонсголын үеэр илүү гарах ёстой. Тийм учраас 10-12-нд болох нь дээ, Одонтуяа гишүүн ээ болох уу. Тэгэхээр хугацааны хувьд дөрөвдүгээр сарын 10-12-нд явуулах нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулъя” гэв. Ингэж сонсгол товлогдож байлаа.
Г.Ганболд энэ талаар “Урьдчилан төлөвлөснөөр 80 гаруй хүнийг гэрчээр дуудаж тайлбар авна. Ингэхдээ нийгмийн анхаарлыг татаад буй оффтэйк гэрээ, түүнээс шалтгаалан улс орон, нийтийн эрх ашиг хохирсон уу гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн ямар хэмжээний нүүрс хил, гаалиар алдагдсан бэ гэдгийг нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан хэлэлцүүлнэ. Нүүрсний хулгайн схемийг хэрхэн гаргасан, түүнд нь ямар шатны албан тушаалтнууд оролцсон юм бэ гэдгийг тодорхой болгохоор зорьж байна. Түүнчлэн төмөр замын тээвэр дэх авлига, хээл хахуулийн схем хэрхэн явагдсаныг тодруулж, төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албаныхнаас асууна. Хянан шалгах хорооноос өмнө нь дээрх асуудлаар тайлбар авсан. Уг тайлбарт үндэслэсэн асуулт тавихаар төлөвлөсөн” гэсэн юм . Гэвч энэ сонсгол товлосон хугацаандаа болсонгүй. Сонсголын товлосон хугацаанаас долоо хоногийн өмнө “Хууль зөрчинө гэсэн саналыг АТГ-аас ирүүлсэн учраас хойшлууллаа” гэх тайлбарыг түр хорооны дарга Г.Ганболд хийсэн билээ. Тэгээд нам жим болоод байгаа юм.
Уг нь түр хорооны дарга Г.Ганболд үүнээс ч өмнө 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “УИХ-ын дар гын захирамжаар хяналтын сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдсан. Үүний хүрээнд оффтэйк гэрээг ил болгоно. Төмөр замыг ямар үнээр барьж байгуулсан, хөлсөнд нь нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно” гэж байв. Тухайн үед оффтэйк гэрээ ил болоогүй байсан юм. Мар гааш нь Засгийн газрын хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Таван толгой” компаниас хэрэгжүүлж байгаа есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргалаа. Эдгээр нь Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэвтрүүлэх шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгойн нүүрсний орд хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл, “Богдхан” төмөр замын суурь бүтэц барих төсөл, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, мөн Тавантолгой Зүүн баян чиглэлийн төсөлтэй холбоотой, МТЗ компани, ЗХЖШ болон УБТЗ-ын хам тарсан Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээг нууцаас гаргасан.
Эдгээр төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой ч үүнийг дагасан ашиг сонирхол, авлигын нөхцөл байдал үүссэн, эсэх асуудлыг шалгаж тогтоох үүрэг чиглэлийг АТГ-т өгч байгаа” гэж ярьж байв. Харин оффтэйк гэрээ ил болсноос 10 хоногийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын явц, санхүүжилтийн талаар төслийг гүйцэтгэгч “Бодь”-ийн Д.Баясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Засгийн газар 2019 оноос Хятадын компаниуд болон манайд санал тавьсан. Манайх л үүнийг хийсэн. Энэ төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газраас гаргасан. Хэрвээ ингэж хийгээгүй бол өнөөдөр энэ төмөр зам баригдахгүй байсан. Яг энэ нөхцөлөөр барих компани үнэндээ нэг ч байгаагүй. “Бодь интернэшнл” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, 2019 оны дөрөвдүгээр улиралд гэрээний анхны үнэ 60 доллароор гарсан ч улирал бүр гэрээнд заасан индексээр тооцон нүүрсээ авч байсан. Үнэндээ “Эрдэнэс Тавантолгой” улирал бүрийн эхэнд нүүрсний үнэ гэж зарладаг ч огт мөрддөггүй. Нийт долоон төслийг төрийн нууцаас гаргасан гэж байгаа ч манай гэрээг л нийтэд ил болгосон. Уг нь хоёр төслийн гэрээ бий. Нүүрснийх, санхүүжилтийнх нэг гэрээ шүү дээ. “Богдхан” төсөл бол царцчихсан байгаа. Гэтэл бусад гэрээ ил болоогүй байна. Нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тосны хийн хоолойн оффтэйк гэрээ бий” гэсэн юм. Харин УИХын гишүүд болон улстөрчид, эдийн засагчид, эрхзүйчид өөр зүйл хэлдэг. Тухайлбал, түр хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны хурлын үеэр УИХын гишүүн Т.Доржханд “Нууцалсан гэрээнд байгаа ханшийн эрсдэлийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцахаар заажээ. Ямар гэрээ ийм байдаг юм бэ. Сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн санхүүжилтээр барих болбол гүйцэтгэгч компани нь Сангийн яамны гадаа дугаарладаг, ханшийн зөрүүнээс үүссэн хохирлыг гүйцэтгэгч өөрөө хариуцдаг. Гэтэл “Бодь интернэшнл”-тэй байгуулсан гэрээнд хэрвээ та үүргээ гүйцэтгэж санхүүжилт өгөөгүй нөхцөлд нүүрсний 20 хувийг гүйцэтгэгч компанид өгөхөөр нууцалсан байна. Ичиж үхмээр гэрээ” гэж ярьж байв.
Бас УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ ч арай хэтэрчээ. Хэрвээ Монголын ард түмэн хөхөө өвлийн хүйтэнд гарч жагсаагүй бол энэ их хулгай илрэхгүй байжээ. Гадаа зогсож байгаа мянга мянган залуустаа талархах хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компанид хэчнээн оффтэйк гэрээ байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болго. Цаашдаа хулгай их гарах байх. Ийм их мөнгө идэж уучихаж. Сүүлийн зургаа, долоон жил луйвардсан байна. Хулгайч нараа зарлах юм уу, мэдэхгүй байна. ҮАБЗ-өөс, Засгийн газраас холбогдох хүмүүс энэ хуралд суух ёстой. Монголын ард түмэн энд ирчихсэн асуух гээд сууж байгаа. Сая гаргасан мэдээллийг хар л даа. Гадаадад нэгдүгээр зэрэглэлд хамаардаг замыг гуравдугаар зэрэглэлд оруулж, гөлөг төөрүүлэх гэж байгаа юм шиг болгосон байна. Олон арван жил хулгай хийх суурийг гадна, дотнынхон бэлдсэн юм биш үү. Маш их бодож боловсруулсан луйвар хулгай болжээ, дэлхийн бүх хэвлэл шуугаж байна. Алдагдсан боломжуудыг тооцож үзсэн үү. Хэдэн үеэрээ Монголын ард түмэн хохирчихлоо. Нүүрсний үнэ өндөр байх үед энэ гэрээг хийгээд хэдхэн хулгайч завшчихлаа. Хятадаас мэдээлэл авсан уу, энэ бүх хулгайч нар гадаадынхны барьцаанд орчихлоо. УИХ, Засгийн газар яагаад энэ хүртэл явуулсан юм бэ. Цаашдаа ийм хулгай гаргахгүйн тулд олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай, БЭТ томилж, аргалж болохгүй гэж үзэж байна” гэсэн юм. Иймэрхүү байр суурь илэрхийлсэн хүн олон.
Тиймээс л нээлттэй сонсголыг олон нийт хүлээгээд байгаа хэрэг. Тэгээд ч “Транспэрэнси интернэйшнл” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч Петер Айген хавар Монголд ирээд “Монгол Улсын Засгийн газар болон АТГ-аас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх стратегитай танилцсан. Энэ асуудалтай цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн байна лээ. Жишээл бэл, байгалийн баялаг, уул уурхайн салбарын засаглалд анхаарч ажиллая гэсэн байгаа нь маш зөв” хэмээн “Өдрийн сонин”-д ярьсан байдаг. Ер нь нээлттэй сонсгол ямар ач холбогдолтой вэ гэдгийг монголчууд Хөгжлийн банкныхаас ойлгосон. Нэгэнт иргэд, олон нийтийн эрх ашиг, боломжийг хийдүүлсэн үйл ажиллагаа учраас энэ нь ч бүгдэд ил байх нь зүй ёсны хэрэг юм. Гэтэл хавраас хойш нүүрсний хулгайн талаар, үүнээс хамгийн их анхаарал татсан асуудал болох оффтэйк гэрээний тухай ярьдаг хүнгүй болжээ. Саяхнаас нэр бүхий УИХ-ын гишүүд нээлттэй сонсгол явуулах саналд нууцаар гарын үсэг цуглуулж эхэлснийг хэвлэлүүд мэдээлж байна. УИХ-ын гишүүд урьдынх шигээ ил гарч ирээд нүүрсний хулгайг ярихгүй байгаа нь цаанаа учиртай. Өөрөөр хэлбэл, энэхүү нээлттэй сонсгол хийхгүй байгаа нь Монголын парламент “Бодь” -ийн Д.Баясгаланд барьцаалагдсан мэт ойлголтыг нийгэмд суулгаж байна. Тийм яриа ч улс төр, бизнес, хууль хяналтынхан дунд газар авчээ. Энэ үнэн бол “Бодь”-ийн Д.Баясгаланд Монголын парламент яагаад барьцаалагдсан нь сонин байгаа юм .
Бэлтгэсэн: Б.Магнай