Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны II хуралдаанаар 2023 оны тавдугаар сарын 26-нд болсон Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөний үр дүнг нэгтгэн хэлэлцэж, хорооны ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Мөн Дэд хороодод өгсөн үүргийн дагуу хариуцсан салбар бүрт тэргүүн ээлжид хэрэгжүүлэх төслийн танилцуулгуудыг сонсжээ. Улмаар дээрх сонгосон төслүүдэд дараагийн шатны мэдээлэл боловсруулалт хийж, 2023 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж, бодлогын шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна.
Тодруулбал, нүүрсний чиглэлээр Дорнодын бүсийн хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн Чойбалсангийн Аж үйлдвэрийн парк төсөл, төвийн бүсийн нүүрсний ордуудыг түшиглэн Чойрын Аж үйлдвэрийн парк төсөл төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна. Мөн зэсийн чиглэлээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн зэсийн баяжмал боловсруулах болон Элементийн хүхрийн үйлдвэрийн төсөл, хар төмөрлөгийн чиглэлээр Дарханы бүсэд Уул уурхайн металлургийн цогцолбор, Дорноговь аймагт Алтанширээт, Гэрэлт говь Аж үйлдвэрийн паркийн төслүүдийг танилцуулав.