Монгол Улс 2023 он гарснаас хойш 25.34 сая тонн нүүрс экспортлоод буйг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 19.05 сая тонн буюу гурав дахин өссөн үзүүлэлт аж. Мөн оны эхнээс 659.8 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь өнгөрсөн оныхоос төдийлөн өөрчлөгдөөгүй буюу хоёр хувиар илүү дүн болов. Түүнчлэн 2.36 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 56 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Төвбанк энэ оны эхнээс хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 6.33 тонн алт худалдан авчээ. Өдгөө манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 69.4, зэсийн баяжмалынх 47.2, төмрийнх 28, алтных 31.7, газрын тосных 32, цайрынх 90.2, хайлуур жоншных 88.9 хувьд хүрчээ.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар нийт 126 199 тонн шатахууны нөөцтэй байсныг УУХҮЯ-наас мөн мэдээлэв. Үүнээс А-80 бензиний 3358 (20 хоногийн), АИ-92-ын 33 833 (27), АИ-95-ын 4115 (31), дизелийн түлшний 79 504 тоннын (32) нөөцтэй байсан гэнэ. Энэ он гарснаас хойш Монгол Улс 972.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон аж. Үүний 9.1 мянга нь А-80, 273.6 мянга нь АИ-92, 8.3 мянга нь АИ-95/98, 557.2 мянга нь дизелийн түлш, 21.4 мянга нь онгоцны түлш, 19.4 мянга нь Жет А-1, 83.1 мянга нь бусад бүтээгдэхүүн юм байна.
Бэлтгэсэн: Б.Сонор