УУХҮЯ, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр” байгуулсныг салбарын яамнаас мэдээллээ. Эл хэлэлцээрийн зорилго нь дээрх холбооны гишүүн бөгөөд манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын (өмчийн хэлбэр харгалзахгүйгээр) хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангах аж. Хоёр жилийн хугацаанд хүчинтэй уг хэлэлцээрт талууд харилцан тохиролцож цалин хөлс болон бусад асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох гэнэ. Талууд салбарын хэлэлцээрийн биелэлтийг жил бүр дүгнэж, хяналт тавих юм байна.
Бэлтгэсэн: Б.Сонор