Хуульч, доктор П.Баяртай ярилцлаа. Тэрбээр ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийг өмгөөлж, судалдаг юм.
-Саяхан манай төрийн нэгэн албан тушаалтан харь оронд хүчингийн хэрэг үйлдсэн гэж баривчлагдлаа. Өмнө нь ч ийм асуудал гарч байсан. Тэд хил даваад л ийм хэрэгт холбогддог ч юм шиг. Эсвэл Монголд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үл хайхарч өнгөрөөгөөд байна уу?
-Газар дээр нь юу болсон талаар хууль, хяналтын байгууллага дүгнэлт, шийдвэрээ гаргасны дараа эл хэргийн тухай ярих нь зөв болов уу. Гэхдээ үүнтэй төстэй үйлдлийг манай төрийн албаныхан гаргаж байсныг бид мэднэ. Бэлгийн дарамт, хүчирхийлэл нь өнөөдөр яриад байгаа нүүрс, төрийн сангуудын хулгайнаас илүү хүний эрхэм чанар, үнэт зүйл, халдашгүй эрх, эрх чөлөөг нь хулгайлж буй гэмт үйлдэл юм.
Юуны өмнө манай дарга нар яагаад хилийн чанадад бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдээд байна вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Эх орондоо хонь шиг байгаад хил даваад адгууслаг авирлаад байна уу. Нийгмийн сэтгэл зүй, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, боловсрол, эрүүл мэнд гээд бүх талаас нь цогц хандаж, дүгнэлт гаргавал шинжлэх ухаанч хариулт олдох болов уу. Магадгүй тухайн этгээд эх орондоо бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлддэг ч хохирогч тэр талаар гомдол гаргадаггүй, эсвэл гаргасан ч хариуцлага хүлээлгээгүй байж болно. Нөгөө талаар бид нийтээрээ хүний хувийн орон зайд халдаж, үг хэл, үйлдлээр, эсвэл бусад хэлбэрээр дарамт, хүчирхийлэл үйлдэж буйг байдаг л зүйл гэж ойлгодог. Эдгээр нь хүчирхийлэл үйлдсэн этгээдийг өөгшүүлсээр хилийн чанадад ч хэвийн үзэгдэл мэт хандан, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.
Үндсэн шалтгааныг ерөнхийд нь дурдвал, нэгдүгээрт, манай эрх зүйн орчин хангалтгүй. Тухайлбал, 2015 онд баталсан Эрүүгийн хуулиар зөвхөн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял хүлээлгэхээр заасан. Ижил төстэй, бэлгийн дарамт учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан нь том ухралт. Бэлгийн дарамт учруулахыг зөрчил төдий үздэг болсон нь бусдыг үг хэл, үйлдлээр дарамт учруулахыг байдаг л зүйл мэтээр хүчирхийлэгчдэд ойлгуулсан. Хоёрдугаарт, энэ чиглэлээр хийсэн судалгаануудаас харахад бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэргийг шийдвэрлэсэн байдал нь туйлын хангалтгүй байна. Энэ нь хуульч, хууль сахиулагчдын мэдлэг, ур чадвар сайн биш, иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас эрхээ хамгаалж чадахгүй байгаатай холбоотой. Мөн тухайн гэмт хэрэг нуугдмал байдаг нь ч нөлөөтэй.
БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХИЙГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭХГҮЙ НӨХЦӨЛД УИХ-ЫН ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭРЭЭ ХАЛХАВЧЛАН ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ
-Хүний хувийн орон зайд халдаж буйгаа байдаг л зүйл гэж ойлгодог гэдэгтэй санал нийлж байна. Бэлгийн дарамт боловч бид мэддэггүй, анхаардаггүй энгийн үйлдлийг (бэлгийн дарамтад хамаарах) нэрлэхгүй юү?
-Нэгдүгээрт, хохирогч нь эрэгтэй, эмэгтэй аль нь ч байж болно. Тухайн хүний хувийн орон зайд халдаж, таагүй мэдрэмж төрүүлж байгаа л бол тэрхүү үйлдэл, эс үйлдлийг нь нэн даруй таслан зогсоох ёстой. Шууд болон шууд бусаар дарамталж болно. Ажлын байранд дарга нь ажилтандаа надтай дотно харьцвал тушаал дэвшүүлнэ гэж байгааг шууд дарамт гэнэ. Харин ажлаар хэт дарах, хамт олных нь өмнө тохуурхах, ажлын бус цагаар шалтгаангүй дуудаж ирүүлэх, гэрээг нь сунгахгүй байх, орон нутагт томилолтоор байнга явуулах зэрэг нь шууд бус дарамт байж болно. Үүнээс гадна мэргэжлийн давуу талаа ашиглаж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болдгийг ч бид төдийлөн анзаардаггүй. Жишээ болгон АНУ-д 2018 онд шүүхээр шийдсэн нэг хэргийн талаар ярья. Их сургуулийн эмэгтэйчүүдийн эмч өвчтөнүүдээ үзэж, оношлохдоо биед нь энгийн бус байдлаар хүрч, бие, эрхтнийх нь талаар өдөөн хатгасан зүйл ярьдаг, үзлэгийн үеэр шаардлагагүй гэрэл зураг авдаг байсан гэж мэдүүлснээр хэрэгтнийг ялласан юм. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр 1.1 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг өвчтөнүүдэд өгөхийг сургуульд нь даалгасан байдаг. Спортын салбарт дасгалжуулагч болон тамирчид, эмнэлэгт эмч ба өвчтөн, сургуульд багш, оюутан (сурагч) хоёр, сүм хийдэд лам, сүсэгтний хооронд гэх мэтчилэн хүмүүсийн харилцаа байгаа л бол тэнд давж болохгүй шугамыг тодорхойлсон хориотой үг, яриа, үйлдлийг журамлах нь зүйтэй. Улмаар тухайн заавар, журмыг нь олон нийтэд танилцуулж, ил байршуулах нь хүмүүс өдөр тутам биеэ зөв авч явахад дадал суулгахад дөхөм болно.
-Олон нийтэд үлгэрлэх үүрэгтэй УИХ-ын гишүүдээс хүртэл бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээсэн нь бий. Манайд албан тушаалтнуудын хувьд баримтлах ёс зүйн хэм хэмжээ дутаад байна уу?
-Биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлнэ гэж УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасан байдаг. Гэтэл дүрмээ зөрчвөл дээд тал нь цалинг нь 20 хүртэлх хувиар бууруулах шийтгэлтэй. Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг хориглосон заалт огт байхгүй. Бэлгийн дарамт үзүүлэхийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа нөхцөлд УИХ-ын гишүүн бүрэн эрхээрээ халхавчлан ямар ч хариуцлага хүлээхээргүй байгаа юм. Гагцхүү хүчингийн гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоосон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх жишээтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх тухай заалт бий. Гэхдээ энэ төрлийн зөрчил гаргавал хариуцлагын хамгийн дээд хэлбэр нь “сануулах” гэж заасан байдаг. Эндээс харахад төрийн албан хаагчид дур зоргоор аашлах үүд хаалгыг хууль тогтоомжид нээлттэй орхисон байгаа юм.
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ МЭДЛЭЭС ҮНЭ ЦЭНТЭЙ ГЭДГИЙГ ТӨРИЙН АЛБАНЫ БҮХ ШАТАНД ХАТУУ ЖУРАМЛАХ ХЭРЭГТЭЙ
-Үндсэн хуулийн цэцийн дарга байсан хүн ийм үйлдэлд холбогдсон ч өнөө хэр албан тушаалаа хашиж байна. УИХ-ын гишүүн Д.Мурат бэлэг эрхтнийхээ зургийг эмэгтэй хүн рүү явуулж, дарамт үзүүлсэн гэх мэдээлэл түгж, бүр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцсэн ч УИХ зөвшөөрөөгүй. Тэр зургийг анх дэлгэж, гомдол гаргасан бүсгүй өргөдлөө татсанаар энэ хэргийг хаасан гэх юм билээ. Магадгүй олны анхааралд өртсөн энэ мэт үйл явдлын мөрөөр арга хэмжээ авч, хариуцлага тооцсон бол ийм хэрэг гарахгүй байсан ч юм бил үү. Энэ нь ийм явдлыг өөгшүүлсэн хэрэг мөн биз дээ?
-Эрүүгийн ял ч тэр, ёс зүйн хариуцлага ч гэсэн гэмт этгээдийг шийтгэж, цээрлүүлэхээс гадна тухайн гэмт хэрэг, зөрчлийг бусад этгээд үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилго агуулж байдаг. Өөрөөр хэлбэл, бусдад сургамж болгох учиртай. Гэтэл албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэггүй нь таны хэлснээр бусдыг өөгшүүлж, илүү ноцтой үр дагаварт хүргэн, өөр нэг эмэгтэй бие, сэтгэлээрээ хохироход хүргэж байгааг та, бид харж байна. Хүний эрх, эрх чөлөө албан тушаалтны эрх мэдлээс үнэ цэнтэй гэдгийг төрийн албаны бүх шатанд хатуу журамлах замаар ойлгуулах хэрэгтэй. Хохирогчид нь хувь хүний болон гэр бүлийнхээ нэр төр зэргийг бодоод шүгэл үлээх амаргүй байдаг. Тийм учраас төрийн болон хувийн хэвшлийнхэнд хөндлөнгийн байгууллагаар тандан судалгаа хийлгэж байвал бас үр дүнтэй. Хүчирхийлэгчийн талаар шүгэл үлээж, шалгуулж, шийтгүүлж байж л энэ төрлийн хэрэг, зөрчлийг зогсоодог. Эс бөгөөс давтагддаг, хохирогчийн тоо нэмэгдсээр хэргийн үр дагавар улам ноцтой болдог.
-Ажлын байрны бэлгийн дарамт их байдаг талаар олон нийтийн дунд ярьдаг ч хууль, хяналтын байгууллагад хандан, шалгуулж буй нь цөөн болох нь анзаарагддаг. Хүчирхийлэгчийн талаар хэн бүхэн шүгэл үлээж чаддаггүйтэй холбоотой байх нь. Өөр ямар шалтгаан байна вэ?
-Олон улсын байгууллагуудаас манай улсад өгсөн зөвлөмжид ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульдаа тусгахыг онцолдог. Хохирогчдын 98 хувь нь эмэгтэй учраас ингэж байж жендерийн тэгш байдал хангагдана гэж үздэг юм. 2022 оноос мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар өмчийн хэлбэр харгалзалгүй нийт хуулийн этгээд хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар зааж, зохицуулахыг үүрэгжүүлсэн. Хэрэв журамдаа заагаагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн байгууллагын удирдлага буюу ажил олгогчид хариуцлага тооцох ёстой. Гэтэл хөдөлмөрийн маргаантай холбоотой хэрэгт өмгөөлөл хийх явцад ажигласнаар бодит амьдрал дээр ийм журамтай байгууллага цөөн байна. Компанийн засаглал сайтай, олон улсын стандарт, журмыг нэвтрүүлэн хэрэгжүүлдэг аж ахуйн нэгжүүд энэ асуудалд илүү нухацтай ханддаг. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой сургалтыг ажилтнууддаа тогтмол зохион байгуулж, мэдээлэл өгч, өргөдөл, гомдлыг нь шалгадаг, бэлгийн дарамт үйлдсэнийг нь өөрийн тусгай журмын дагуу тогтоосон тохиолдолд зөрчил гаргасан ажилтныг халах сахилгын шийтгэл ногдуулдаг.
Гэтэл халагдсан этгээд шүүхийн шийдвэрийн дагуу ажлын байрандаа эргээд ирэх нь бий. Энэ нь олон ноцтой үр дагаварт хүргэж байна. Тухайн байгууллагын удирдлага зөрчил гаргасан этгээдийг ажилд нь эргүүлээд авахаар хохирогч нь ажлаас гарахаас өөр аргагүй болдог тохиолдлууд байна. Эсвэл бэлгийн дарамт, хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрч үлдэх сонголттой нүүр тулдаг. Шүүхээр 2018-2022 онд шийдвэрлэсэн, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэргүүдээс харахад “Нотлогдохгүй байна” гэдэг үндэслэлээр халагдсан этгээдийг ажилд нь эргүүлэн томилсон байдаг. Ийм байхад энэ төрлийн хэргийн хохирогчид шүгэл үлээх боломж байна уу.
Нөгөө талаар бэлгийн дарамтыг гэрчлэх, баримтжуулах боломж бараг байдаггүй. Учир нь дарамтлагч, хүчирхийлэгч нь ихэнхдээ ийм үйлдлийг олны нүднээс далд, албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн давуу байдлаа ашиглан үйлддэг. Ийм нөхцөлд хохирогчоос бэлгийн дарамтад орсноо гэрчлэхийг шаардаж байгаа шүүх нотлох баримтыг үнэлж байгаа хандлага, стандартаа өөрчлөх шаардлагатай.
-Манай нөхцөлд шүгэл үлээх нь эрсдэлтэй нь энэ мэтч жишээнээс харагдаж байна. Өмгөөлөгчийн хувьд танд ийм хэрэг ирж байв уу?
-Байна. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн нэг хэргээр жишээ авъя. Хохирогч эмэгтэй байгууллагын даргынхаа бэлгийн дарамтад орсон хэрэг л дээ. Эмэгтэйг оройн цагаар шалтгаангүйгээр дуудаж ажлын байран дээр ирүүлдэг, гарын үсэг зуруулах гээд ороход “Миний саналыг бодож үзсэн үү” гэх зэргээр үг хэл, биеэр дарамт учруулдаг байсан байгаа юм. Хохирогч аргаа бараад дээд шатны байгууллагад гомдол гарган, шалгуулахад түүнийг хэл ам хийдэг, захирах, захирагдах ёс алдсан гээд ажлаас нь халчихсан. Тухайн эмэгтэй шүүхэд хандахад нотлох баримт байхгүй гээд бэлгийн дарамт үйлдсэн гэх хэргийг авч хэлэлцээгүй. Ийм байдлаар хохирогч нь нэмж хохироод дуусдаг учраас энэ төрлийн хэрэг, зөрчил ил, далд оршсоор л байна.
АНУ, АВСТРАЛИД ХОХИРОГЧИЙН ХУВИЙН БАЙДАЛ, НАМТРЫГ ҮНДЭСЛЭН ШИЙДЭХИЙГ ХОРИГЛОДОГ
-УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ёс бус үйлдлийн талаар амтай болгон ярьдаг ч нотлох баримт байхгүй гэсэн үгээр хаачихдаг. Угаасаа баримтжуулах боломж байдаггүй энэ төрлийн хэргийг олон улсад хэрхэн шийддэг юм бол. Тухайлбал, нотлох баримтыг үнэлж байгаа хандлага, стандартаа яаж өөрчилнө гэсэн үг вэ. Дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?
-Шүүхийн өмнөх шатанд сэтгэцийн гүн хямралд орсон хохирогчоос мэдүүлэг, тайлбар авах, нотлох баримтыг бүрдүүлэх ур чадварт суралцсан байх шаардлагатай. Мөн шүүхийн шатанд нотлох баримтыг үнэлэхдээ бусад төрлийн хэргээс ялгаатай авч үзэх хэрэгтэй. АНУ, Австрали зэрэг оронд хохирогчийн хувийн байдал, намтрыг үндэслэн шийдэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, хохирогч нь угаасаа л ийм явдалтай, эд мөнгөний сонирхолтой, өмнө нь ингэж хүн шантаажилж, гүтгэж байсан гэдгийг нь шүүхийн шатанд үндэслэн аливаа шийдвэр гаргах ёсгүй. Өөрийгөө удирдах чадваргүй байсан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогчтой бэлгийн харьцаанд орсныг хохирогч зөвшөөрөөгүй буюу хүчингийн гэмт хэрэг гэж үзэж байхаар Канадын Эрүүгийн хуульд 2018 онд хуульчилсан. Манайд бол олны танил хүмүүс “тасарсан байхад нь” гээд илт хүчингийн хэргийг инээдэм болгоод ярьж байхад хууль, хяналтын байгууллага ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь эмгэнэлтэй. Үүнтэй адилаар, өөрөө зөвшөөрсөн байсан гээд гэмт этгээд хэргээс мултардаг. Тэгвэл хохирогчийн тухайн үеийн сонголт бусдын нөлөөлөлгүй байж чадсан уу гэдгийг тогтоох ёстой. Хохирогч нь аливаа хөндлөнгийн этгээдийн албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн нөлөөлөлд автан, тухайн үед сонголтоо эргэлзээтэйгээр хийсэн бол хожим нь хэдийд ч гомдол гаргах эрхтэй байх олон кэйс, эрх зүйн зохицуулалт гадаадын орнуудад байдаг. Эдгээр зарчмыг манай хууль тогтоомжид суулган, шүүхийн практикт нэвтрүүлчихвэл гэмт хэрэгтэн ял завших, эмэгтэйчүүд амьдралаараа хохирохоос урьдчилан сэргийлэх боломжтой.
-Тэгэхээр цаашид яах вэ?
-Бэлгийн дарамт учруулахыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болох, энэ төрлийн хэргийг мөрдөн шалгах, шүүхээр шийдвэрлэх тусгай дэглэм, стандарт баталж, мөрдүүлэхээс гадна ялын бодлогыг эргэн харах шаардлагатай. Энэ чиглэлээр хуульчид, хууль сахиулах ажилтнуудад тогтмол сургалт зохион байгуулж, мэдлэг, мэдээллээр хангаж байх ёстой. Хохирогчийг “Өөрөө л зүгээр байгаагүй юм билээ”, “Санаатайгаар зохион байгуулсан байх” гэх зэргээр буруутгадаг, үг хэл, үйлдлээр бэлгийн дарамт учруулах явдлыг хэвийн үзэгдэлд тооцдог нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүхий л түвшинд өргөнөөр зохион байгуулбал хүчирхийллийг үл тэвчих хандлага аяндаа бий болно. Түүнчлэн бэлгийн дарамт, хүчирхийлэлд автсан тохиолдолд хаана, хэрхэн хандаж, эрхээ хамгаалуулах, сэтгэл санаа, эрүүл мэндээ эмчлүүлэх тусламж, үйлчилгээг хаанаас авах, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын хохирлоо гэмт этгээдээр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх цогц арга хэмжээ авч байж энэ төрлийн гэмт үйлдлийг таслан зогсооно гэж судлаачид үздэг. Зарим орны жишгээр шүүх хэргийг хянан шийдвэрлээд, хохирогчийн эрхийг цогц байдлаар хамгаалсан шийдвэр гаргаж болно. Тухайлбал, хохирогчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх, орон байр, хамгаалалтаар хангах болон хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөж олгуулах зэрэг асуудлыг шийдвэртээ нэг мөр тодорхой заах нь зүйтэй.