Монголын уулчдын үндэсний холбооны “Саммит” клубийн тамирчин Ц.Анар багаасаа авиралтын спортоор хичээллэж, амжилт гаргаж яваа. Тэрбээр 2016 оноос улсын чанартай томоохон тэмцээнд оролцож, тамирчны гараагаа эхлүүлжээ. Тэр жилээ спорт авиралтын УАШТ-д тусгай байр эзэлсэн нь ирээдүйд аварга болох урам өгсөн гэдэг.Түүний хувьд 2017 он ур чадвараа ахиулан хад, мөс, спорт авиралтын төрөлд медаль хүртсэн жил байв. Тухайлбал, Тэрэлжид болсон хаданд авиралтын хотын АШТ-д удаалж, Д.Чадраабал агсны нэрэмжит УАШТ-ээс хүрэл, “URSA сup” спорт авиралтын АШТ, мөн “Ice challenge” мөсөнд авиралтын хотын АШТ-ээс мөнгөн медаль зүүж гэрийнхнээ баярлуулав. Хэзээ нэгэн цагт аварга болох сон гэж мөрөөддөг байсан хүслээ 2018 онд биелүүлж, шагналын тавцанд зогссон юм. Өдгөө шилдгүүдийн эгнээнд жагсаж, хилийн дээс алхдаг болсон түүнтэй ярилцлаа.
-Спорт авиралтын тамирчдын гадаад, дотоодын тэмцээнд оролцдог улирал эхэллээ. Бэлтгэл хэр базааж байна вэ?
-Урин дулааны улиралд хаданд болон спортын авиралтын тэмцээн зохион байгуулдаг. Миний хувьд зун тэмцээнээс тэмцээнд оролцож, бэлтгэл сургуулилалт хийж завгүй өнгөрүүлдэг юм. Спорт авиралтын тэмцээн өрсөлдөөн ихтэй. Сүхбаатарын талбайд хэд хоногийн өмнө болсон хотын АШТ-д оролцож, хурд, боулдерингийн төрөлд тус бүр мөнгөн медаль хүртлээ. Сүүлийн үед орон нутгаас Увс, Говь-Алтай аймгийн тамирчид хотынхонтой ана мана өрсөлдөх болсон. Улаанбаатарт одоогоор бэлтгэл хийх бааз байхгүй ч бид олон улсын тэмцээнд гадаадын тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг.
-Финландын Оулу хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монгол Улс тамирчдаа анх удаа сойсон. Та тэр тэмцээнд VI байр эзэлсэн байх аа.
-Тийм ээ. Финландыг зорьж, өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцсон минь миний амьдралд тохиосон сайхан дурсамжуудын нэг болж үлджээ. Оулу хотын цаг агаар, уур амьсгал манайхтай төстэй байсан нь өөр улсад очсон мэт сэтгэгдэл ер төрүүлээгүй. Тэнд хөл тавьсан анхны өдөр тус улс мөсөнд авиралт, цана, хоккейн зэрэг өвлийн спортыг өндөр хөгжүүлсэн нь анзаарагдаж байв. Бид явахаасаа өмнө сэтгэлзүйч Э.Баярчимэгтэй ярилцаж, зөвлөгөө авсан болохоор ДАШТ-д сандарч, догдлолгүй тайван оролцсон. Өсвөр үе, залуучуудын ДАШТ-тай зэрэгцээд Европын АШТ болсон тул тив, дэлхийн шилдгүүд ирсэн байлаа. Өмнө нь зурагтаар харж, хэзээ нэгэн цагт тэдэн шиг амжилт гаргах сан гэж мөрөөддөг байсан тамирчдаа дэргэдээс нь харж, мөр зэрэгцэн өрсөлдөх нь зүүд мэт санагдсан. Азийн аваргуудаас Хонконгийн тамирчин Жанет Кунгийн техник, ур чадвар, туршлагаар их бахархсан даа.
-Манайхан ДАШТ-д оролцохдоо багаж, хэрэгслээр дутмаг явсан дуулдсан. Тэр үед гадаадын тамирчдын гутлыг өмсөж, медаль хүртсэн талаар сонсох сонирхолтой санагдаж байлаа.
-Азийн орнуудаас ДАШТ-д Монголын тамирчид л өрсөлдсөн. Олонх нь Европын АШТ-д оролцож харагдсан. Гадаадын тамирчид биднийг финалд шалгарахыг хараад “Та нар бэлтгэл хийх бааз, багаж, хэрэгсэлгүй байж ямар сайн авирдаг юм бэ” гээд гайхаж байлаа. Тэднээс Финландын тамирчин Хейнри Тойвола тун найрсаг, өвөрмөц зантай. Тэрбээр олон улсын тэмцээнээс хүртсэн медалийнхаа өнгөөр өмд хийж өмсдөг юм билээ. Эхний хэсгийн авиралт өндөрлөсний дараа биднийг байр луугаа явж байтал тэрбээр машинтайгаа гүйцэж ирээд Б.Мөнхбаатарт “Чи маргааш миний гутлыг өмсөөд авир. Чамд таарахгүй бол өөр тамирчнаас аваад өгье” гээд санаа тавих нь сайхан санагдаж байв. Би текникийн хэсгийн авиралтад Хонконгийн Жанет Кунг, Ж.Амина Японы Харүко Такэүчигийн гутлыг өмссөн. Европын орнуудаас хойд хөршийнхөн хүчтэй өрсөлдөгч.Тэд оролцоогүй тул бусад улсын тамирчдад медаль хүртэх боломж гарсан.
-Эзэн орны тамирчнаас та нэг секунд хоцорсон. Тэр үед медаль хүртсэнгүй дээ гэж гонсойв уу?
-Хурдны төрөлд Финландын тамирчин, 19 настай Тилда Куйканвиртагаас нэг секунд хоцорч, IV байрт шалгарахдаа хойшид хичээвэл медаль хүртэх боломж байгааг олж харсан. ДАШТ-д гурван удаа оролцож, анх удаа хүрэл медаль хүртсэн түүний хувьд залуучуудын ангилалд өрсөлдсөн сүүлийн жил байв.
-Спорт авиралт, мөсөнд авиралт эрсдэл ихтэй. Эр зориг, мэдрэмж шаарддаг энэ спортод хөл тавихдаа гэрийнхэнтэйгээ хэр зөрчилдөв?
-Би спорт авиралттай есөн жил нөхөрлөлөө. Эрсдэл ихтэй, эр зориг шаарддаг гэдэгтээ санал нэг байдаг. Гэрийнхэн минь тамирчин болохоор шийдвэр гаргасан тэр өдрөөс өнөөг хүртэл дэмжин, тусалж ирлээ. Энэ спортод хөл тавихад Ц.Эринсанаа ах их нөлөөлсөн. Тэрбээр надаас өмнө хичээллэдэг байсан юм. Одоо экстрим аяллын “79K travel” компани байгуулж, үйл ажиллагаа явуулдаг. Ахын минь хамгийн анхны аяллын өртөг 79 000 төгрөг болж байсан гэдэг. Тиймээс компани ийн нэрлэсэн түүхтэй. Өдгөө 20 гаруй мянган хүн аялуулаад байна. Миний хувьд 2016 онд болсон спорт авиралтын УАШТ-д анх удаа оролцож тусгай байр эзлэн “Өсөх ирээдүйтэй эмэгтэй тамирчин” өргөмжлөл, цом гардаж билээ. Дараа жилээс нь оролцсон тэмцээн бүрээс медаль хүртдэг болсон. 2018-2019 онд амжилтаа ахиулж, хаданд авиралтын техник, мөсөнд авиралтын хурд, спорт авиралтын боулдринг төрөлд түрүүлж, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар тодорч байв. Хаданд авиралтын хотын АШТ-ээс анх мөнгөн медаль хүртчихээд өөртөө итгэхгүй зогсож байснаа бодохоор одоо инээд хүрдэг юм.
-Спорт авиралтын УАШТ-д цөөнгүй түрүүлж, аварга болсныг тань мэднэ. Олимпын наадмын тэмцээнд энэ төрөл багтсан болохоор манайхан хичээвэл медаль хүртэх боломж харагдаж байгаа.
-Спорт авиралтын УАШТ-д таван удаа түрүүлсэн. Мөс, хад, спорт авиралтын техник хэдийгээр өөр ч нэгнийхээ суурь болдог давуу талтай. Ямар ч төрлөөр нь хичээллэхэд хөлийн улнаас толгой хүртэл биеийн бүх булчин хөгждөг. Спорт авиралтын дээд амжилт таван секунд болж шинэчлэгдсэн. Монголд олон улсын стандартад нийцсэн хана хараахан баригдаагүй ч тамирчид 10 секундэд авирдаг. Улаанбаатарт спорт авиралтын хана байгуулбал тогтмол бэлтгэл хийж, олон улсын тэмцээний дээд амжилтыг шинэчилж чадна гэж боддог юм.
-Улс бүрийн мөсний бүтэц өөр. ДАШТ-ий тэмцээний хана ямар бүтэцтэй байсныг энэ жил өрсөлдөхдөө харсан байх.
-Бид эх орондоо бэлтгэл хийхдээ хатуу мөсөнд багажаа зоохдоо маш их хүч зарцуулдаг. Финландад болсон ДАШТ-ий мөсний бүтэц, онцлог нь манайхаас өөр. Тамирчид зөөлөн мөсөнд багажаа зооход шигдэж орчихоод татаж авахад амаргүй байв. Авирах явцад мөс бутарч унаад, том зай гарч хий гишгэн өгсөх тусам хэцүү санагдсан. Тиймээс тэмцээн болох газарт хэд хоног бэлтгэл хийж, орчинд нь дасах шаардлагатай юм билээ. Тэнд монгол хоолоо, тэр дундаа гурилтай шөлөө их үгүйлсэн. Тахиа, гахайны махыг машиндаж хийсэн хоолонд бид эхэндээ дасахгүй байлаа. Тамирчин хүн хилийн дээс алхаад улсынхаа нэрийг өндөрт өргөж явахын тулд олон зүйл тэвчих ёстойг тэнд ойлгосон.
-Аварга болох амархан, хамгаалах хэцүү гэдэг үг бий. Мөсөнд авиралтаар богино хугацаанд хичээллэж, шилдгүүдийн эгнээнд багтсан тамирчдын нэг нь та юм билээ.
-Мөсөнд авиралтаар 2017 онд хичээллэж, богино хугацаанд бэлтгэл сайн хийсний ачаар “Ice challenge” мөсөнд авиралтын хотын АШТ-дудаалж, урам авч билээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумд 2019 онд олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хана байгуулснаар тамирчдынх нь ур чадвар эрс ахисан. Сүүлийн үед “Сутайн бор” клубийнхнээс Н.Сэлэнгэ хүчтэй өрсөлдөх боллоо. Бид нэг үеийнх, нас чацуу. Хүүхэд байхаасаа тэмцээнд оролцсон болохоор нэгнээ сайн танина. Жил бүр УАШТ-д аваргын төлөө таарна. Намайг түрүүлэхэд тэрбээр удаалж, түүнийг тэргүүлэхэд би мөнгөн медаль хүртдэг. Энэ мэтчилэн бид өгөө, аваатай урагшилж байна. Одоо найзууд болсон тул нэгэндээ амжилт хүсээд тэмцээнд оролцдог юм. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг ах, эгч нар “Та хоёрын хэн нь аварга болох бол. Энэ удаа хэрхэн авирахыг нь харъя” гэдэг юм.
-Насанд хүрэгчдийн ангиллын тамирчдаас хэнийх нь авирах техник хамгийн сонирхолтой санагддаг вэ?
-“Хайрхан аялагч” клубийн тамирчин Б.Дэнсмаа эгчийн авирахыг харж, үлгэр дуурайл авдаг. Хүүхэд байхаасаа түүнтэй хамт бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байлаа. Бидний авирах техник, биеийн хэлбэр, дүр төрх төстэй. Техник авиралтын төрөлд өрсөлддөг биднийг хүмүүс араас хараад ялгадаггүй юм. Ээж хүртэл таньдаггүй. Тамирчдын тэмцээнд оролцсон зураг холбооны пэйж хуудсанд тавигдсаныг хараад ээж “Дэнсмаа ямар гоё гараа вэ” гээд лайк дарсан нь минийх байж билээ. 2019 онд болсон УАШТ-д тус бүр насныхаа ангилалд өрсөлдөж аварга болоход хүмүүс “Чи хэн нь юм бэ, Дэнсмаа мөн үү” гээд асууж байв.
-Монголын эрэгтэй тамирчид Азийн АШТ, Дэлхийн цомын цувралаас медальтай ирсэн. Тэднийг тэмцээнд хэрхэн оролцохыг сонирхож үздэг биз?
-Тэгэлгүй яах вэ, сэтгэл догдолж үздэг. Европын орнууд Монголоос олон цагийн зөрүүтэй. Тэнд өглөө эхэлсэн тэмцээн Монголд шөнө гарна. Тэднийгээ ямар улсын тамирчидтай медалийн төлөө өрсөлдөх бол гэж бодохоор нойр хүрдэггүй. Азийн АШТ-д эрэгтэй тамирчдаас Н.Хэрлэн ах аварга болсон шүү дээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан Дэлхийн цомын цуврал тэмцээнээс мөнгө, Ч.Мандахбаяр багш хүрэл медаль хүртсэн. Тэдний гаргасан амжилт, хатуужил тэвчээр бидэнд олон зүйлийг ухааруулсан даа. Өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцохын өмнө Ж.Амина бид хоёр Ч.Мандахбаяр багшийн удирдлагад бэлтгэл базаасан юм. Тэрбээр тэмцээний өмнө “Ямар ч үед сэтгэл зүйгээ тайван байлгаарай. Авирахдаа хананаасаа салж болохгүй. Удаан байсан ч замаа заавал дуусгах ёстой” гэж зөвлөж байв.
-Спорт авиралтаас ямар төрөл нь танд илүү таалагддаг вэ?
-Боулдринг. Надад техник нь сонирхолтой санагддаг юм. 90 градусын налуу хананд хурд, хүч гаргахгүйгээр авирахад мэдрэмж, тэсрэлт их шаардана. Энэ төрөлд өрсөлддөг тамирчид өөрийгөө хамгаалж авирдаг. Монголд техник, боулдрингийн бэлтгэл хийх хана баригдаж байна. Би энэ спортоор хичээллээд есөн жилийн дараа стандарт хананы бараа харлаа. Намайг анх хөл тавих үед ийм хана баригдсан бол олон улсын тэмцээнээс хэдийн медаль хүртэх байлаа гэж хааяа боддог юм. Миний хувьд мөс, хад, спорт авиралтын дотоодын тэмцээнээс 30 гаруй медаль хүртжээ.
-Тамирчид ажил, амралтаа зохицуулаад тэмцээнд оролцож харагддаг. Таныг хамт олон тань хэр ойлгож, дэмждэг бол?
-Би “Натур мед” уламжлалт сэргээн засах төвийн сайн дурын ажилтан. Багадаа анагаах ухааны чиглэлээр сурч, шүдний эмч болно гэж мөрөөддөг байлаа. Тамирчин хүн спортын талбарт залуу насандаа л амжилт гаргадаг. Тиймээс амжилтын төлөө зорьж, хичээх ёстой. Хүн сурч, боловсроход хэзээ ч оройтохгүй. Миний хувьд 12 дугаар анги төгсөх жилээ УАШТ-д оролцохоор бэлтгэл хийж байхдаа 12 метрийн өндөр хаднаас унаж бэртсэн юм. ЭЕШ-аа амжилттай өгч, Монголынхоо их, дээд сургуульд сурах хуваарь авсан ч эрүүл мэндийн шалтгаанаар нэг жил хойшлууллаа. Намайг бэртэхэд гэрийнхэн минь санаа зовниж, олон хүн “Амьд үлдсэндээ баярлах хэрэгтэй. Энэ спортоор дахиж битгий хичээллэ” гэсэн. Тэдний хэлсэн үгэнд эмзэглэхээс илүү хөл, гарынхаа сорвийг хараад гутарч, сэтгэлээр унадаг байлаа.
-Гэрийнхнийг тань спортод дуртай гэж сонссон. Тамирчин хүнийг амжилт гаргахад ах, дүүсийнх нь дэм тус багагүй нөлөөлдөг шүү дээ.
-Би айлын отгон охин. Гурван ах, нэг эгчтэй. Тэд спортлог. Сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Гэрийнхнээс минь Ц.Эринсанаа ах бид хоёрыг энэ спортоор хичээллэхэд ээж их дэмжсэн. 2017 онд бид Тэрэлж, Дуган хаданд хоёр сар бэлтгэл хийхэд ээж хоол, хүнс зэхэж өгөөд явуулсан юм. Тэрэлжид хотын АШТ, Дуган хаданд УАШТ-д болоход бид оролцож нэг сар гэрийн бараа хараагүй. Тэгсэн ээжийн санаа зовниж “Хүүхдүүдийн минь хоол хүнс дууссан болов уу. Хөдөө олон хонож царай алдаад ядарсан байх” гээд ирэхэд нүд нь гялалзаж, баяр хөөр болсон нөхөд угтаж байсан гэдэг. Тэр үед хамт бэлтгэл хийдэг ах, эгч нар намайг “Бор гөрөөс” гэж өхөөрдөж дууддаг сан. Хаданд бэлтгэл хийхийг ээж харчихаад эхэндээ дургүйцдэг байсан ч амжилт гаргаж, медаль хүртэх бүрт баярлан урам хайрладаг болсон. Одоо миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч шүү дээ. Ах нар ДАШТ-д оролцох үед “Болгоомжтой авираарай, сандарч болохгүй шүү. Өөртөө бардаж, өрсөлдөгчдөө битгий басаарай” гэж их захиж байв. Миний хувьд “Саммит” клубээр овоглоод таван жил боллоо. Энэ спортоор хичээллэдэг дүү нартаа “Дуртай спортоосоо битгий холдоорой. Медаль хүртсэнгүй гэж бүү шантар. Аливаа зүйл багаас эхэлдэг. Хичээх тусам ур чадвар тань ахиж, амжилт луу алхам алхмаар ойртоно.Тэмцээнд оролцохдоо өрсөлдөгчөөсөө сүрдэх хэрэггүй. Тамирчин хүнд бэртэл, гэмтэл өрсөлдөгчөөс нь илүү дайсан болдог. Тиймээс болгоомжилж яваарай” гэж хэлье.