Түүний төрсөн өдөр нь удахгүй тохиох юм. Гэхдээ энэ өнцгөөс бус, манай улсын соёл урлагийн салбар, тэр дундаа мэргэжлийн хөгжмийн талбарт мэргэшсэн, чадварлаг удирдах ажилтан ховордсон энэ цаг үед Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч, Улсын филармонийн буюу улсын симфони оркестрыг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавыг энэ буландаа онцолж байна.
1927 онд Архангай аймгийн Тариат сумын нутаг, Дархан-Уул гэдэг газарт төрсөн, 15 настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр ажилд орсон цагаас хойш 50 гаруй жил улс орондоо их урлагийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн хөгжимчин, удирдаач, зохион байгуулагч, хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин тэрбээр чухам хэн байв.
Ц.Намсрайжав Улсын төв театрт 1949-1952 онд хөгжимчнөөр ажиллажээ. Хуучир хөгжмөөр уран бүтээлийнхээ замналыг эхлэн, улмаар валторныг чадварлаг эзэмшсэн байна. Зөвлөлтийн мэргэжилтэн А.Белоусовын удирдлага дор симфони хөгжим тоглуулах болон хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ. Улмаар Монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээсэн бөгөөд төрөөс түүнд 1951 онд Гавьяат жүжигчин цол хүртээжээ.
Тэрбээр БНМАУ-ын төр, засгийн томилолтоор 1952 онд хойд хөршийн Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангид элссэн. Төгсөж ирээдэх орондоо симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач. Улсын филармонийн дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 30 гаруй жил ажилласан.
Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монгол хөгжмийн 12 хөрөг” номдоо юу гэж бичсэнийг сонирхуулъя. “Манай орны хөгжмийн соёлын хамгийн чухал төвийн нэг болсон Улсын хөгжмийн хүрээлэнгийн яруу тунгалаг найрал хөгжмийг гардан байгуулалцаж, олон жил удирдан толгойлсон, хөгжмийн уран сайхны бодлогыг хэрэгжүүлэхэд хүчээ идэвхтэй өгсөн Ц.Намсрайжавын ач, гавьяа ихюм. Манай үндэсний симфони найрал хөгжим түүний удирдлагаар Й.Хайдны 94, В.А.Моцартын “Прагийн” болон 40, 41, Л.В.Бетховены 1, 3, 5, 9, Ф.Шубертийн 8, П.И.Чайковскийн 1, 4, 5, 6, А.Бородины 2, С.Прокофьевын 1, Д.Шостаковичийн 5, 7, 12 дугаар симфони, Ф.Листийн симфони найраглалууд, А.Дворжак, Б.Сметана, И.Брамс, Б.Барток, К.Дебюсси, М.Равелийн симфони зохиолууд, А.Вивальди, Г.Хендель, И.Бах, Ф.Мендельсон, Ф.Шопен, Ф.Лист, П.И.Чайковский, С.Рахманинов, Д.Кабалевский, А.Хачатуряны концертын бүтээлүүдийг түмэн олныхоо сонорт анх удаа хүргэсэн. Дэлхийн хөгжмийн урлагийг эх орондоо нэвтрүүлсэн юм” хэмээжээ. Мөн “Ц.Намсрайжавын удирдах ур чадвар нь хөгжмийн зохиолчийн бүтээлийг сайтар судалдаг, хөгжмийн хүүрнэл, өгүүлэмжийг онцгой анхаардаг, өнгөн талын гялтгар хэлбэрт шимтдэггүй, гүн бодол, үзэл, агуулгыг нь илэрхийлэхийн төлөө зүтгэн хөдөлмөрлөдөгт оршдог” гэжээ.
Маэстро зөвхөн симфони бүтээл гэлтгүй дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын туурвисан хөгжмийн театрын бүтээлүүдийг ч удирдан тоглуулж байж. Мөн Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог зэрэг Монголынхоо ахмад үеийн хөгжмийн зохиолчдын симфонийн шинэ бүтээл бүрийг оркестрт удирдан тоглуулж, сонсогчдын хүртээл болгосоор байжээ. Тэрбээр Монголынхоо хөгжмийн зохиолчдын хамгийн ойр дотнын зөвлөх нь байв. Найрал хөгжмийн өргөн мэдлэг, хурц мэдрэмжтэй түүний харандааны мөр манай улсын симфони бүтээгч хөгжмийн зохиолчдын гар бичмэл дээгүүр дурайн, түүх болон үлдсэн байдаг тухай хөгжим судлаач, шинжлэх ухааны доктор Н.Жанцанноров хэлж байна.
Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Шарав зэрэг уран бүтээлч Ц.Намсрайжав агсан хөгжмийг нь анхлан удирдан тоглуулсан мөчийг хамгийн аз жаргалтайд тооцож байжээ. Хэлж, зөвлөсөн сургаалыг нь алттай зүйрлэн нандигнан хүлээн авч, харилцан ярилцаж, урамшдаг байсан гэнэ. Маэстро Ц.Намсрайжавын удирдан тоглуулсан бүтээлүүд Монголын радиогийн “Алтан сан”-д олноор хадгалагдаж буй. Өдгөө бидний байна, байн хайж үздэг хуучны хэмээх тодотголтой Монголын уран сайхны 100 гаруй киноны хөгжмийг тэрбээр удирдан тоглуулсан тул зөвхөн үүгээр л үе үеийн монголчууд хөгжмийн зохиолч, удирдаач Ц.Намсрайжав гэж хэн бэ гэдгийг мартахааргүйгээр зүрх сэтгэлдээ хоногшуулсаар.
Түүний хөгжмийн зохиолчийн хувьд ард түмний хүртээл болгосон бүтээлүүдээс дурдъя. “Баярын жавхаа” симфони удиртгал байна. Интернэтэд түүний удирдсанаар тоглосон бичлэгийг сонссон хүмүүс “Үнэхээр шилдэг бүтээл шүү. Хэзээ ч хуучрахгүй. Баярын өглөөг санагдуулаад байдаг даа. Дэлгэр Монгол орныг минь дээшлүүлэн хөгжүүлж байгаа юм шиг сайхан аялгуу. Сонсоод, сонсоод ханашгүй, бахдалтай. Яг энэ бичлэг нь орчин үеийнхээсээ илүү сонсогдож байх юм. Наадмын нээлт шууд санаанд оров. Агуу танд баярлалаа. Ээ дээ, мөн ч сэтгэл сэргэмээр шүү. Ийм хөгжим үлдээсэн танд талархъя. Би энэ хөгжимд хүүхэд байхаасаа дуртай байсан. Нэг их гоё нийгэм нүдэнд харагдах шиг болдог юм. Бурханлаг бүтээл” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Уг “Баярын жавхаа” симфони удиртгалыг хэдхэн жилийн өмнө хөгжмийн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат өөрийнхөөрөө найруулан олонд хүргэсэн нь бий.
“Говь гурван сайхан” симфони найраглалынх нь тухайд хөгжим судлаач Н.Жанцанноров “Үүнээс хөгжмийн зохиолч нь хөгжмийн зохиолын өрнө дахины мэдлэг өргөнтэйг харж болно. Энэ нь монголчуудын байгалиа харах гоо сайхны дуурьсал, дүрслэлийг мэдрэн хөгжимд буулгасан зураглал юм. Импрессионизмын чиглэлийн хөгжмийн дүрслэлийн арга эгшиглэгээний онцлог, өнгө аясыг монгол үндэсний хөгжмийн сэтгэлгээнд нийлэмжтэй болгон ашигласан нь манай нийт симфонийн сэтгэлгээнд бас нэгэн шинэ хуудас болсон билээ. Энэ зохиолын гол сэдэв нь аялгуу бус, зохирол, эгшиглэгээ юм” гэжээ.
Маэстрогийн олонд түгсэн, ямар ч монгол хүн хамгийн гоё дуугаар нэрлэх бүтээл бол хөгжмийн зохиолч 1971 онд Төрийн шагнал хүртсэн “Халуун элгэн нутаг” дуу нь юм. Бээжингийн олимпод монгол тамирчин алтан медаль авсан сэтгэл хөдлөм мөчийн гэрч болсон дэмжигчид бүгд “Уухай” хашхиран босжээ. Тэдний нэг нь “Бүгдээрээ Төрийн дууллаа дуулах уу” гэжээ. Бусад нь дэмжиж “Тэгье” гэж. Гэтэл харах нь ээ, бараг бүгд баруун гарын алгаараа зүрхэн тушаа газраа дараад Төрийн дууллаа биш, харин “Халуун элгэн нутаг”-ийг эхлүүлсэн гэдэг. Ард түмний зүрх сэтгэлд ингэж хоногшсон дуу. Уг бүтээлийн талаар хөгжим судлаач Н.Жанцанноров “Ц.Намсрайжав уламжлалт симфонийн арга барил дээрээ тууштай зогсон үндэсний сэтгэлгээний баян уламжлалдаа өөрийнхөө үед баттай үлдсэн хүн. Түүний найрал хөгжим туульсын дуурьсалтай чигээрээ Монголын симфонид байраа эзэлсэн. Энэ туульсын дуурьслыг өөртөө тогтоохын тулд “Уяхан замбуутивийн наран”-ыг уртын дуучин, симфони найрал хөгжимтэй найруулж ч үзсэн. Ийм найралуулга түүний киноны хөгжим, нийтийн дуунуудад нь төлөвшиж тогтсон юм. Ж.Бадраагийн шүлэг “Халуун элгэн нутаг” дуу үүний жинхэнэ уран сайхны баримт, жишээ болж чадна. Хөгжмийн зохиолчийн хэдэн сайхан дууг найрал хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй” гэсэн байна.
Ер нь Ц.Намсрайжав хөгжмийн дан зохиол, вальс, хөгжмийн дүрслэл, бүжгийн хөгжим, зохиомж зэрэг 20 гаруй бүтээл, хүүхдэд зориулан бичсэн “Хувдай ишигний паян” симфони зохиол, “Ээжээ дурсана”, “Эх орон” зэрэг 10 гаруй дуутай. Мөн “Гурван найз”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үүрээр”, “Тунгалаг тамир”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Их замын тоос” зэрэг киноны хөгжмийг туурвисан. Бусад хөгжмийн зохиолчийн киноны олон арван хөгжмийг удирдан тоглуулсныг өнөөдөр ч бид сонссоор байдаг билээ. Бас хэд хэдэн дуурь, балет удирдан үзэгчдэд хүргэсэн байна. Түүний сонгодог урлагийг хөгжүүлэх, ард түмэнд сурталчлах үйлсэд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн 1981 онд төрөөс Ардын жүжигчин цол олгожээ.
Хөгжмийн зохиолч, удирдаач Ц.Намсрайжавын гэргий Д.Цэрэндолгор нь манай улсын алдартай хөгжимчдийн нэг байлаа. Хуучирч, хийлч гэргийнх нь манай улсын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр үнэ цэнтэй. Тэртээ 1963 онд БНХАУ-д болсон Монголын соёлын өдрүүдийн тоглолтоор Хятадын алдартай “Хос эрвээхэй” бүтээлийг хийлээр гоцолж, сонгодог урлагийг эх орондоо хөгжүүлж эхлээд удаагүй байсан монголчуудын шинийг эзэмших чадвар өндөр гэдгийг харуулсан түүхтэй билээ.
Ц.Намсрайжавын дөрвөн хүүгийнх нь хоёр нь уран бүтээлч. Хүү Н.Бүтэнбаяр нь аавынхаа үүсгэн байгуулсан симфони найрал хөгжмийг олон жил удирдан тоглуулсан их урлагийн зүтгэлтэн гэдгийг олон нийт сайн мэддэг. Н.Бүтэнбаярын гэргий, хоёр охин нь төгөлдөр хуурч. Тэд гэр бүлээрээ олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих чиглэлд олон жил үйл ажиллагаа явуулсан. Одоо ч үргэлжлүүлсээр. Гэргий Д.Наранцацралынх нь удирддаг “Дэм авьяастан” сургалтын төвийн үе үеийн суралцагсдаас өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилт үзүүлсэн нь хэдэн арваар тоологдоно. Удмаараа, гэр бүлээрээ урлагийн, тэр дундаа сонгодог урлагийн сайхныг бусдад мэдрүүлэх ажил эрхэлж, үйлс бүтээн, одоо ч залгамжлуулан, уламжлуулж яваа тэдэнд мэргэжлийн урлагийн үе үеийнхэн, үзэгчид ч хэзээд талархалтай байдаг билээ.
Ардын жүжигчин Ц.Намсрайжавын мэндэлсэн өдөр зургадугаар сарын 15 юм. Энэ өдөр Улсын филармонийн симфони оркестрынхон алдарт маэстрогийнхоо цуутай бүтээл “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд цэцэг өргөн, бүтээл туурвилаас нь эгшиглүүлж, дурсдаг уламжлалтай. Ерөөлт өдөр айсуй.
Дурсамж нийтлэлээ “Манай улсын соёл урлагийн салбар, тэр дундаа мэргэжлийн хөгжмийн талбарт мэргэшсэн, чадварлаг удирдах ажилтан ховордсон энэ цаг үед ийнхүү бичихээр боллоо” гэсэн байдлаар эхэлсэн минь учиртай. Ц.Намсрайжав агсныг уран бүтээлчийн сацуу маш сайн удирдан зохион байгуулагч, орчин цагийн хэллэгээр бол менежер байж гэж ойлгодог юм. Түүний сонгодог хөгжим сурталчлах арга ухаан, үйл ажиллагааны үрээр их урлагт дурлагсад үр хойчоо энэ л голдирлоор явуулан, өөрсдийнхөө болон мэргэжлийн урлагийнхны хөгжилд түлхэц болж байдаг хэмээн бодном.