“Нээлттэй нийгэм” форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэгтэй Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбоотой сэдвээр ярилцлаа.
-Манай улс хоёр дахь удаагаа парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахаар ярилцаж байна. Мажоритар системээр 78, хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар 48 гишүүн сонгохоор УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгдсэн. Сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотой давуу болон дутуу зохицуулалт таныхаар юу байна вэ?
-Манайд хувь хүн давамгайлсан улс төр зонхилж байна. Нам нь бодлогоо гаргаж, үүгээрээ ялгарч, сонгогчдод тайлбарлаж байж зөв өрсөлдөөн өрнөдөг. Мөн нам бодлогоороо дамжуулан сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, үүнд үндэслэн сонгууль зохион байгуулдаг байвал жинхэнэ утгаараа бодлогын өрсөлдөөн болох юм. Харин хувь хүмүүсийн өрсөлдөөн болоод байхаар манайд санал худалдаж авдаг гажуудал үүсээд байна. Өгөө, авааны тогтолцоо буюу авлигын нэг хэлбэр болжээ. Ийм суурьтай улс төрийн буруу системийг пропорциональ элемент оруулж ирэх замаар засна. Уг нь судлаачид 50:50 харьцаатай холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулах нь илүү дээр хувилбар гэдэг саналаа хэлсэн. Гэвч систем дэх болохгүй зүйлсийг яаж засаж, залруулах вэ гэж нийтийн эрх ашгийн үүднээс бодох биш, намаа илүүд үзсэн улс төрийн шийдэл л болчихлоо. Бид сонгууль бүрээр тойргоо ч, системээ ч өөрчилдөг атал Сонгуулийн тухай хуульд сонгогчдын саналыг хэрхэн тусгахыг хэдхэн нам шийдсээр ирсэн. Энэ байдал л давтагдаж байна.
...Хувь хүн бол “Миний өмнөөс УИХ-д сонгогдоод, намайг төлөөлөөд шийдвэр гаргаасай” гэж хандив өгдөг. Тэгвэл хуулийн этгээд ямар учраас хандив өгөх вэ? Одоо ихэнх санхүүжилтийг хуулийн этгээдийн хандив бүрдүүлж байна. Энэ нь хараат болохоос эхлээд эрх ашгийн зөрчил үүсгэдэг. Ийм хандивыг “ёроолгүй” болгох тухай ярьж байгаа хүмүүс бол хийж ирсэн хууль бус үйлдлээ л хуульчлах гэж буй хэрэг. Үүнийг иргэд, иргэний нийгэм хүлээн зөвшөөрөх учиргүй. Иргэд нь л нэр дэвшигчдийг, намыг дэмжиж хандив өгдөг, үүний төлөө намууд нь ажилладаг системийг бий болгох хэрэгтэй байна...
Гэхдээ дан мажоритар тогтолцоотой байснаас гишүүдийн тодорхой хувийг жагсаалтаар сонгох холимог зохицуулалттай болсноор өөрчлөлт гарна. Намууд төлөвших, жагсаалтдаа тулгуурлаад онцлогоо тодруулах хөшүүрэг бий болно гэж найдаж байна. Мөн парламентад олон намын төлөөлөл орж ирэх боломж бүрдэнэ. Ялагч бүгдийг авдаг тогтолцоо суларна, өөр өөр үзэл баримтлалтай намууд УИХ-д суудалтай болсноор мэтгэлцээн илүү өрнөж, олон талын байр суурь туссан шийдвэр гаргах давуу талтай, төлөөллийн байр суурь нэмэгдэнэ гэсэн үг.
-Монгол Улс 2012 онд холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулж, 28 гишүүнийг намын жагсаалтаар сонгосон туршлага бий. Тэр үед намуудад нийт сонгогчийн таван хувийн санал авч байж УИХ-д суудалтай болох босго тавьж байсан. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн төсөлд намд гурав, эвсэлд таван хувийн босго тавьсан байна. Энэ босго бодит нөхцөлд тохирох уу?
-Таван хувийн босго нь Монгол Улсын нөхцөлд өндөр байна гэдгийг олон судлаач хэлдэг. 2012 онд энэ босгыг таван нам л давсан. Зарим нь арай гэж л давсан байдаг. Одоо босгыг гурван хувь болгосон ч чанарын том ялгаа байхгүй, гэхдээ бууруулж оруулж ирж буй нь сайн хэрэг. Өндөр босго тогтоочих юм бол пропорциональ элемент оруулж ирсний хэрэг гарахгүй. Үр дүн нь ямар байхыг сонгуулийн дараа л харцгаая.
-Квот тойрсон бас нэг асуудал нь эмэгтэйчүүдтэй холбогддог. 2007 онд Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдэд 30 хувийн квот тусган баталсан ч хэрэгжүүлэхээсээ өмнө цуцалсан. Үүнээс хойш 20 хувийн квоттой явсан бол одоо ахин 30 болгож нэмж оруулж ирж байгаа.
-Парламентын төлөөллийн чанарыг хэмжих нэг чухал зүйл нь эмэгтэйчүүдийн квот байдаг. Одоо мөнгөтэй хүмүүс л сонгуульд амжилттай оролцож байна. Уг нь УИХ бол ардчиллын чухал институц болохоос мөнгөөр “зодож” орж ирдэг газар биш. Төлөөллийн чанарыг нэмэхийн тулд шийдвэр гаргах түвшинд оролцоо сул байгаа нийгмийн давхаргуудаа дэмжих ёстой. Энэ хөшүүргийг ганцхан Монголд биш, олон улсад хэрэглэж байна. Бүсгүйчүүдийн квотыг нэмэх тал дээр эрэгтэй улстөрчид хойрго ханддаг, тусгачихаад буцаагаад хасдаг байсан. Сонгуулийн тухай хуулиар квот олгосноос хойш сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 17.3 хувьд хүрч нэмэгдсэн. Сүүлийн хоёр парламентад тус бүр 13 эмэгтэй сонгогдлоо. Гэхдээ бүс нутгийн хэмжээнд энэ үзүүлэлт 25 хувь байдаг. БНСУ-д гэхэд парламентынх нь 19 хувийг бүсгүйчүүд эзэлж байна. Тэгэхээр 20 хувийн квот олгоод ч манайд эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь доогуур хэвээр байгаа юм. Энэ квотыг 30 хувь болгочихвол ардчилсан орны хувьд, ардчиллынхаа хамгийн чухал институцэд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдэнэ. Үүнийг хүмүүст зөв ойлгуулах нь чухал. Эмэгтэйчүүдийн төлөөллийг парламентад сонгох нь чухал, дараа нь тэд юу хийж, хэрхэн ажиллах нь тусдаа асуудал. Эхний ээлжид тэр хаалгаар хэн орж ирэхийг квотын түвшинд шийдэхгүй бол манайд системийн нөлөө байдаг учраас бүсгүйчүүд сонгогдож чаддаггүй.
-Одоогийн тогтолцоогоор мөнгөтэй хүмүүс л гарч ирэх боломж өндөр байна гэлээ. Нэг нам давамгайлсан систем манайд тогтсон. Энэ бүхнийг засах арга зам нь намуудын санхүүжилт гэж олон жил ярьж буй ч үр дүн төдийлөн гарахгүй байна л даа.
-Хувь хүнд тулгуурласан улс төр нь намууд бодлогоор өрсөлдөх, шударга сонгуулийн тухай ойлголтын эсрэг болоод байгаа юм. Нам нь өөрөө гол санхүүжилтээ босгодог, гишүүд нь дэмжлэг үзүүлдэг, дотоод ардчиллынхаа хүрээнд нэр дэвшигчдээ ил тод, дүрмийнхээ дагуу тодруулдаг байх ёстой. Чадварлаг улстөрчдөө сонгож, дэмжиж нэр дэвшүүлэх ёстой ч эсрэгээрээ явдаг. Үүнийг голдиролд нь оруулахын төлөө дээрх хоёр хуульд зөв үзэл баримтлал тусгахыг хичээж байна. Ингэж байж сонгуулийн зардлыг бууруулж, жирийн иргэн өрсөлдөх боломж бүрдүүлнэ. Одоо сонгуулийн зардал, мөнгөний босго их өндөр байгаа. Энэ бүхнийг том шинэчлэлийн хүрээнд хийхгүй бол ухуулагчдын цалинг бууруулах гэх мэтээр тооны араас хөөцөлдөөд бодитой, нөлөөлөхүйц өөрчлөлт гарахгүй. Тэр өндөр зардлыг чадварлаг, чанартай нэр дэвшигч давж орж ирж чадахгүй.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хандивыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулаад инфляцын өөрчлөлттэй холбон, уян хатан зохицуулснаараа өмнөх хуулиас ялгаатай. Бас хандивын хэмжээг нэмж, хуулийн этгээд 27.5, хувь хүн таван сая төгрөгийг жилд нэг удаа нийт дүнгээр олгохоор тусгасан. Өмнө нь нэг компани охин компаниудаараа салаад, хэдэн ч удаа хандив өгч болдог байсныг нэгтгэж, цэгцэлсэн. Зохион байгуулалтад оруулах гэж оролдож байгаа. Хуулийн этгээдийн өгөх хандивыг нэмэх хэрэггүй, хувь хүний дэмжлэгийг бол өсгөж, сурталчилж болно гэсэн санал иргэний нийгмийн зүгээс хэлсэн. Хувь хүн бол “Миний өмнөөс УИХ-д сонгогдоод, намайг төлөөлөөд шийдвэр гаргаасай” гэж хандив өгдөг. Тэгвэл хуулийн этгээд ямар учраас хандив өгөх вэ? Одоо ихэнх санхүүжилтийг хуулийн этгээдийн хандив бүрдүүлж байна. Энэ нь хараат болохоос эхлээд эрх ашгийн зөрчил үүсгэдэг. Ийм хандивыг “ёроолгүй” болгох тухай ярьж байгаа хүмүүс бол хийж ирсэн хууль бус үйлдлээ л хуульчлах гэж буй хэрэг. Үүнийг иргэд, иргэний нийгэм хүлээн зөвшөөрөх учиргүй. Иргэд нь л нэр дэвшигчдийг, намыг дэмжиж хандив өгдөг, үүний төлөө намууд нь ажилладаг системийг бий болгох хэрэгтэй байна. Хэдэн компаниас санхүүжилт аваад л илт давамгай, тэгш бус гараанаас өрсөлдөж, суудал “хамж” бүрдсэн парламенттай баймааргүй байна шүү дээ.
Нэг нам давамгайлсан улс төрийн системийг төрийн санхүүжилтийн аргаар л өөрчилнө. Одоо юуны өмнө хяналтаа сайн тавьж, хуулийн этгээдээс авах санхүүжилтийг алсдаа бүр хязгаарлах хэрэгтэй. Улс төрийн намууд нь төлөвшөөд явж буй бусад орны жишгээр хуулийн этгээд, компаниас санхүүжилт авахыг зогсоох нь зөв. Холбогдох хуулиуддаа дорвитой өөрчлөлт оруулж чадахгүй байгаа учраас намын дотоод ардчиллыг сайжруулах, институцийн хувьд төлөвших боломжийг хангах зэрэг хэтийг харсан хөшүүрэг, бодлогын шинэчлэл хийж чадахгүй байна. Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд оруулсан зардлыг бууруулахтай холбоотой заалтууд нь өнөө маргаашаа аргацаасан л маягтай байгаа. Алсыг харсан юм байхгүй. Тэрийгээ ойлгож байгаа юм уу, Америкийн жишээг л яриад байх юм. Гэхдээ бид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн санхүүжилт, ил тод байдал, хяналттай холбоотой зарим саналаа тусгуулж чадсан, энэ нь том реформын эхлэл болно.
Үзэл баримтлалын гол өөрчлөлтүүд хэрэгтэй учраас Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуулийг хооронд нь уялдаатай батлах нь маш чухал. Гэтэл тусад нь ажлын хэсэг гаргаад явчихдаг. Дараагийн удаа намын систем, институц, сонгуулийг хэрхэн зохион байгуулсан тухай ерөнхий улс төрийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлаж, ардчиллын хэтийн төлөвийг харсан чиглэл рүү хандсан нэгдсэн үзэл баримтлалын хүрээнд эдгээр хуулийг батлах хэрэгтэй байна. Ялангуяа санхүүжилт, тэгш гараа, өрсөлдөөний талаас нь хоёр хуулийг сайн нийцүүлэх хэрэгтэй.