“Монгол шуудан” ХК-иас “ХҮ хамтлаг” сэдэвт марк гаргаснаа түгээж эхэллээ. Уг бүтээлийн талаар мэдээлэх, анхны өдрийн дугтуйг гүйлгээнд гаргах ёслолыг “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд зохион байгуулсан юм. Уг марк 40х40 мм хэмжээтэй бөгөөд30 мянган ширхгийг хэвлэжээ. Зураач, дизайнер нь Б.Хишигсүрэн.
“ХҮ” хамтлаг нь Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлчид” өргөмжлөлт билээ. Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт продюсер Б.Дашдондог есөн жилийн эрэл хайгуул, судалгааны үр дүнд уг хамтлагийг үүсгэн байгуулж, Монголынхоо түүх, соёлын хэв шинжийг бүрэн илтгэхүйц, хүний амьдралын үнэнийг харуулахуйц өнгө аясаар нүргэлэгч, шинэ хүннү рок урсгалыг бий болгосон нь эдүгээ яг л түүний хүссэнчлэн дэлхий дахинд хэдийн хүрээд байна. “Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны газрынхан энэхүү амжилт, бахархлыг түүхэн хэмээн үзэж, сэдэв болгон Засгийн газраар батлуулснаар “ХҮ хамтлаг” маркаа гаргаад буй нь энэ. “ХҮ хамтлаг” сэдэвт блок марк нь “Ертөнцийн дөрвөн их хүч аянга, салхи, гал, усаар хөглөгдөж, уулсын хаан, туульсын орон Монгол Алтайн сүр жавхлант Жаргалант хайрхны өвөрт босоод, тэнгэр газрын ивээлээр, наран сарны тохиолоор, хараа ихт, дөрвөн хөхөлт догшин Хар тугаа мандуулж, өвөг дээдсийнхээ захиас уламжлалыг онгон дагшин байгалийн бэлгэдэл товшуур, орчлон хорвоогийн цаглашгүй хүч аянга хуур, омогт сахиусан тэнгэрээ хурайлан дуудах гал хуураар язгуур урлагийних өв монгол соёлоор дайлна” гэсэн зохиомжтой аж. Зураач Б.Хишигсүрэн “ХҮ” хамтлагийнхны зөвлөснөөр ийнхүү ажилласан байна. Ташрамд дуулгахад, тус хамтлаг “22 авто худалдааны төв”-д өнөөдөр тоглолттой аж. Тасалбар нь 60 мянган төгрөгийн үнэтэй. Хамтлагийн фэнүүд “Бүгдээрээ монгол дээлээрээ гангарч үзье” гэсэн зар түгээж буй юм билээ.