-Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон номын баяраас ярилцлагаа эхэлье. Олон зохиолчийн номын хурим болж байх шиг харагдсан.
-Номын хурим хийх шаардлагагүй болоод удаж байна. Түүнийг төв талбайд зохион байгуулдаг номын баяр оролдог болсон. Зохиолчид бид номын хурим хийвэл ихдээ 40-80 хүн оролцдог. Харин хавар, намарт болдог номын баярт 180 000 гаруй уншигч ирж байна. Өөрөө сэргэлэн байвал төдий тооны хүнд номоо танилцуулж чаддаг учраас энэ нь аргагүй зохиолчдын баяр боллоо. Бид яг л Цагаан сарын дайтай хаврын баяраа дуусгаад “Намрын номын баяраар уулзъя” гэсээр тардаг юм.
-Номын баярыг уншигчид ч хүлээдэг болсон. Цаас, хэвлэлийн зардал нэмэгдэхэд зохиолчдод ч бас бэрхшээл тулгардаг байх?
-Зохион байгуулах өдөр нь тогтсон номын баярыг төр, засгаас хойшлуулж, эсвэл урагшлуулж, жил бүрийн хавар, намарт хавчин гадуурхдаг. Соёлын яам, Соёл урлагийн газар зохиолч, хэвлэн нийтлэгчдийн баярыг зохион байгуулах нэрээр төсвөөс баахан мөнгө шамшигдуулдаг шиг байгаа юм. Томхон компаниуд үндэсний уран зохиолчдоо шахаж, гадаадын номуудыг орчуулаад шажигнуулах зорилготой нь илт. Тэр нь Монголын уран зохиолд ямар ч нөлөөгүй, зөвхөн арилжааны шинжтэй санагддаг. Номоор мөнгө олох сонирхолтой хүн олон байна. Тэр дунд 40-өөдхөн зохиолч, паблишинг босож ирэхгүй, номоо үүрээд “уйлж” явна даа. Тодорхой хэмжээнд зохиолчдоо дэмжихгүй бол алсдаа уран зохиолд их л эвгүй гутаг суулгах вий.
-Та саяхан “Оргодлуудын нутаг” номоо хэвлүүлсэн. Сонирхолтой бүтээл болсон гэж уншигчид ярьж байна лээ. Үүдэл санаагаа яаж олсон бэ?
-“Оргодлуудын нутаг” миний 18 дахь ном. Бодит явдлаас сэдэвлэн, уран сайхны аргаар зохиомжилж бичсэн роман л даа. 1920-иод оны үед Хөвсгөлийн тайгад 10 цагаантантай таарсан Дотоодыг хамгаалахын нэгэн төлөөлөгч тэднийг газар дээр нь устгасан баримт олдсон юм. Тэд Архангайн хойд сумаас 13 настай жаахан охиныг эхийнх нь хамт олзлон авч явсан байдаг. Цагаантнуудыг устгаж, эх, охин хоёрыг аварсан Дотоодыг хамгаалахын төлөөлөгч улмаар охиныг нь хотод авчран байцаалт өгүүлсэн бодит түүхийг өөрөө ярьж байсан гэдэг. Энэ хэдхэн өгүүлбэрээс сэдэвлэн зохиол бичих санаа төрсөн. Тэр төлөөлөгч, бусад гэрч нь бурхны оронд одсон тул уран сайхны аргаар зохиомжилж бичихээс өөр аргагүй болсон. Түүхийн сурвалж бичиг, ном сонин л эргүүлж судалсан даа. Тува нарын тухай гэхэд дөрвөн ном уншсан байх жишээтэй. Ерөөс 1919 оноос хойш Орост болсон бүх хэлмэгдэл, дарангуйлал Монголд яг бодитойгоор давтагдсан нь сонирхолтой үзэгдэл шүү. Цэргийнхнээ хэлмэгдүүлсэн, шашныг устгасан, баячуулаа нухчин дарсан, сэхээтнүүдээ хэлмэгдүүлсэн нь ч адилхан байдаг.
Дэлхийн түүхэнд улаантан, цагаантан гэж хуваагдсан явдал нь Орос, Монголд л болсон түүхийн сонин үзэгдэл. Цагаантны цэргээс сарниж тарсан оргодлууд манай хөвч тайгаар 1950-иад оныг хүртэл орогнож байсан гэдэг. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд Сталины яргаллаас нуугдаж үлдсэн, Оросын баатар Кудела гэх хүн амьдарч байсан баримт олдсон. Хэлмэгдлийн хар сүүдрээс тэр хүнийг монголчууд Сахалтын хошуу гэдэг газар нуун авч үлдсэн байдаг. Эх орноо бусдын идэш бүү болоосой, эзэн хүн шиг эрх дархтай байгаасай, оргодлуудын нутаг бүү болоосой гэсэндээ л энэ зохиолоо бичсэн.
-Тува анчин Хүрэлдэйн тухай бичсэн хэсэг таалагдсан. Төгсгөлийн тэр хэсгийг бичих санааг яаж олов?
-Зохиолч хүн маш сайн судлаач байх ёстой. Орон нутгаар аялах, эмнэлэгт хэвтэхдээ, зэрэгцээд суусан хүнээс ч юм асууж шалгааж явбал сонин олз олох үе бий. Би өнгөрсөн зун Хөвсгөлийн Цэцэрлэг сумд очихдоо Увс аймгийн хойд сумд амьдардаг өвөө, эмээтэй таарсан юм. “Танай баядын хурим найр ямар болдог вэ, хүүхнээ булааж авдаг уу” хэмээн ярилцаж байтал тэр өвөө залуудаа тува хүний оршуулгатай таарснаа ярилаа. Түүнээс сэдэвлэн Хүрэлдэй анчны үхлийн тухай хэсгийг бичсэн дээ. Ерөөс зохиол бүртээ л нэг тийм цоо шинэ юм шигтгэж бичихийг хичээдэг. “Амударьяа” тууждаа монголчууд яаж бэр гуйдаг, сүй тавьдаг, булааж авдаг ёсыг бичсэн.
-Таны зохиол бүтээлүүд болсон үйл явдлаас сэдэвлэн бичигдсэн шиг санагддаг?
-Надад түүхэн зохиол гуравхан байдаг. Сэдэв нь давтагдашгүй өөр байхгүй бол нэг загварт баригдахаас эмээдэг юм. 1937 онд хэлмэгдсэн хандмаа нарын тухай “Улаан судар”, Алтан улсыг эзлэн авсан үеийн “Амударьяа”, 1961 онд хил татагдах үед болсон түүхийн сурвалжаар “Хагацсан нутаг”, бага хаадын задралын эхэн үеийн “Ордон”, бөөгийн үүх түүхийг өгүүлсэн “Хэнгэрэг”, тагнуулч бүсгүйн эмгэнэлт амьдралын тухай “Гималай” гэх мэтээр нэг сэдвийг давтахгүйг хичээдэг. Түүхийн сэдэв их баригдмал учраас над шиг урнаар фантазлах, шидэт, ер бусын зүйл бичихийг хүсдэг хүнд таалагдаагүй. Ерөөс хүний сэтгэлгээний цар хүрээг илэрхийлсэн өвөрмөц сонин зохиол бичихийг хүсдэг.
-Хүүхдийн хоёр ч ном гаргасан байх аа?
-Манай улсын иргэдийн олонх нь хүүхэд, залуус. Тэднийхээ боловсролд дэм болох хоёр ном гаргасан. Эхнийх нь 18 хүүхдийн тухай түүхэн өгүүллэгтэй “Ухаант ханхүү Годан” ном. Түүхэнд баатарлаг гавьяа байгуулсан хүүхдүүд буюу 1939 оны Халх голын дайнд 16 буриад охин арын албанд ажилласан байдаг. Тэдний ангийн дарга Ц.Цэрэнчимэд гуай одоо ч 100 наслаад энх тунх амьдарч байна. Тэдгээр 16 охины түүхээс сэдэвлэн “Салхинд хийсэх хос тууз” өгүүллэгээ бичсэн.
-Зохиолч хүний тавилан адармаатай гэдэг. Тэр тусмаа эмэгтэй зохиолчийн амьдрал ер нь ямар байдаг бол?
-Харахад нэр хүндтэй, тодорхой хэмжээнд олны танил болчихсон гоё амьдралтай гэж харагддаг байх. Тэгтэл цаана нь ажил амьдрал, гэр бүл гээд бүхнийг амжуулах гэж гүйсэн, хамаг хүч энергиэ юүлсэн хүмүүс л байдаг шүү дээ. Оюуны хөдөлмөрөөс гадна орчлонгийн элдэв бүхнийг амжуулах гэж хичээгээд ядардаг байх л даа. “Оргодлуудын нутаг” романд Смирдов хурандаа амьдралаараа дэнчин тавьж рулет тоглож суудаг шиг зохиол гэдэг чинь аз, эзийн дэнсэн дээр явдаг зүйл шүү дээ. Тиймээс нулимсаа арчаад, чимээгүйхэн урагш зүтгэх нь л чухал.
-Тэгвэл таны амьдралд аз, эзийн аль нь илүү жин дарж байна вэ?
-Надад бол эз нь илүү давамгайлсан даа. Энэ 12 жилийн хугацаанд амьдрал дээр ч, уран бүтээлийн замд ч азгүйтэл их дагасан. Бүгдийг тэсэн гарч, одоо би өөрийн зам мөрөөр явж байна.
-Анхны номоо 12 жилийн өмнө хэвлүүлсэн гэв үү?
-2000 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч уран бүтээлдээ орсон нь 2011 он. Дарамын Батбаяр багш маань намайг ном гаргая гэх бүрт хойшлуулдаг байлаа. Шүлэг, өгүүллэг, жүжгийн ч түүвэр бэлдэж байсан үе бий. Тэгтэл багш “Болоогүй, сайн унш, унших юм олдохгүй болсон үед л бичиж эхэл” гэсээр байв. Энэ нь уран бүтээлч болж чадах, эсэхийг тэнссэн сорилго байсан мэт одоо санагддаг юм. 10 жил гэдэг хэр баргийн хүн дарагдаад, гал нь бөхөөд унтарчих хугацаа. Тэгтэл миний дотор нэг гал дүрэлзсээр л байсан. Тэр гал маань 247 хуудастай тууж болон 2011 онд гарч ирсэн. “Төсөөлөл” нэртэй тэр анхны номоосоо хойш урамшиж, дутуу гуцуу бичсэн, эхлээд орхисон байсан бүтээлүүдээ эмхэлж цомлоод аравхан жилийн хугацаанд хориод номтой болж орхисон хэрэг. Одоо бол гайхалтай романчдаа даган, тэднээсээ суралцаж, Шуурайн Солонго гэсэн нэрийг олны танил болгочих гээд хичээж явна. Би номоо дахин хэвлүүлдэггүй зуршилтай. Байнга хэвлүүлээд, дэлгүүрийн лангуу хотойлгоод байвал надаас шинэ бүтээл гарах ч үгүй биз гэж санадаг.
-Унших тусам ухаажна гэгчээр зохиол бүтээлд тань насны онцлог гэж байна уу?
-Уран бүтээлч хүмүүст “Би бүгдийг чадна” гэх 20-30 насны онгодоор бичдэг нэг үе, ухаанаар зоддог 30-40, онгод нь багасаж, туршлагаар зоддог 50-иас дээш насны үе байх шиг санагддаг. Онгод, ухаан хоёроо хослуулан авч үлдвэл сайн зохиол бичигдэх байх. Тэгэхгүй бол нэг л “аргуу, хуурай” болж мэдэх юм. Номоор дамжуулж хүний зүрх сэтгэлд гэрэл гэгээ түгээсэн бол тэр миний аз жаргал. Ерөөс ном хүний зүрх сэтгэлийг амрааж, тайвшруулах зорилготой.
-Зохиол бичих гэж зовж байна гэх бодол түр зуур ч болов төрж байв уу?
-Юм бичиж чадахгүй хоёр жил гацахдаа олон удаа бодсон. Гэвч өнөөдөр зарагдах ашиг хонжооны бүтээл биш, Монголын уран зохиолд даацтайхан зохиол үлдээх хүслээсээ ухарч няцаагүй. Ер нь уран бүтээлчид тодорхой үе шатыг туулж байж уран бүтээлийнх нь ир ханадаг байх. Зохиолч гэдэг нь маш их оролдлоготой, зүрх сэтгэлээ түүнд бүрмөсөн өгсөн хүний л туулдаг даваа. Үзэл санааны хувьд “тамхины иш” түүх хүртлээ доройтож байж л босдог юм билээ. Монголд яруу найрагч бүсгүйчүүл байснаас биш үргэлжилсэн үгийн эмэгтэй зохиолч ховор байлаа. 2010 оны үеэс нэлээд хэдэн эмэгтэй зохиолч төрсөн нь их сонирхолтой үзэгдэл шүү. Сайн, муу нийлж сав дүүрдэг болохоор хүссэн ч, эс хүссэн ч ийм нэгэн үе төрчихсөн. Анхны номоо гаргачихаад би гурван жил шахуу юу ч хийгээгүй. Тав дахь номоосоо л сурталчилж таниулах ёстойг ойлгож хүч тэнцвэргүй энэ өрсөлдөөнд ороод явчихсан даа. Гэвч эцсийн эцэст зохиол л сайн байх ёстой гэсэн нэг л ялгарал байж болно гэж үзсэн. Түүний хажуугаар соён гэгээрлийн ажлыг фэйсбүүкээр дамжуулж хийж эхэлсэн. Хаана, ямар сонирхолтой ном гарав, ямар гайхамшигтай зүйлс болж байна гэдгийг “Яруусал”, “Ярууслын орчлон”, “Гоё өгүүллэг тууж роман”, “Номын ертөнц” зэрэг бүлгээр мэдээлж эхэлсэн. Бараг 10 жил энэ ажлыг уйгагүй хийж байна. Бусдыгаа дарж, өөрийгөө магтагсад уран бүтээлч биш, “би” үзлээсээ салж чадаагүй хүн гэж үздэг болсон цаг. Ийм л нэг мөнхийн тойрог дотор амьдарч байна даа.