“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсээс “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт марк гаргав. Нээлтийн болон анхны өдрийн дугтуйг танилцуулах ёслол Япон Улсын ЭСЯ-нд өчигдөр боллоо. Уг маркийг Монгол Улсын Төрийн далбааны наана дуучин, ая зохиогч, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр 1989 онд Япон Улсын Нагоя хотод болсон Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын гран при шагнал гардан авсан үеийн зургийг усан будгаар зурсан хөрөг, мөн түүний дуулсан “Ээжийн бүүвэй” дууны дахилтыг ноотоор харуулан, дуучны нэрийг монгол бичгээр болон япон үсгээр бичиж зохиомжлон бүтээжээ.
Хоёр улсын хооронд дипломат харилцааг 1972 онд тогтоосон бөгөөд 1990 оноос эрчимтэй хөгжсөөр ирсэн. Ялангуяа соёлын харилцаанд түүхэн үйл явдлууд болсоор байсны нэг нь 13 настай охин арлын оронд олон улсын наадамд амжилттай оролцсон явдал хэмээн үзэж болох аж. Түүнээс хойш дуучин соёлын харилцааны хөгжилд олон талаар нэмэр болохуйц үйл ажиллагаа явуулж ирснийг хоёр улсын талаас үнэлснээр “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт маркт түүний дүрийг мөнхлөх болжээ. Ташрамд дурдахад, “Монгол шуудан” ХК нь маркны сэдвийн жагсаалтыг Засгийн газраар батлуулж, жилдээ 15 сэдвийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Эднийх Япон Улстай холбоотой 20 гаруй сэдэв бүхий маркийг 1964 оноос хойш гаргажээ. Тухайлбал, тус улсад болсон зуны, өвлийн олимпыг дурдаж болно.