Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2023 оны тэмцээнүүд дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 12-нд спортын 11 төрлөөр зохион байгуулагдан өндөрлөж дүнгээ гаргалаа. Нэгдсэн дүнгээр шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Спортын төв ордны 303 тоот дах хүндэтгэлийн танхимд явагдлаа. Олон төрөлт нэгдсэн тэмцээний зорилго нь оюутны дунд Универсиадын үзэл санааг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг оюутан залуучуудын дунд хөгжүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллүүлэх, тэдний спортын идэвхи сонирхлыг өрнүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улс, дэлхий оюутны спортын зуны XXXI наадамд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулахад чиглэгдэн явагдсан билээ.
Тэмцээний зааврыг Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Удирдах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын ээлжит хурлаар хэлэлцэн баталсан ба их, дээд сургуулийн захиргаа, Монголын спортын холбоод, МОСХ-ны спортын төрөл хариуцсан техникийн хорооны дарга нартай хамтран бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг бүрэн ханган хийсэн юм. Тэмцээнүүдэд их, дээд сургууль, коллежуудын оюутны аварга шалгаруулах спортын тэмцээнээс шалгаран сонгогдсон МУИС, “Их засаг” олон улсын их сургууль, Мон-Алтиус ДС, Үндэсний БТДС, ШУТИС, МУБИС, Аварга дээд сургууль, АШУҮИС, СЭЗИС, Глобал удирдагч их сургууль, ХИС, МҮИС, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Рояаль ОУИС, СЭЗИС, Сити их сургууль, ҮБХИС, ХҮИС, ХААИС, Этүгэн их сургуулийн баг тамирчид оролцсон юм.
Тэмцээнд Олон улсын оюутны спортын холбооны (FISU) тэмцээний дүрмийн дагуу төрийн өмчийн болон төрийн өмчийн бус их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцдаг (1998 оны 01 сарын 1-нээс 2005 оны 12 сарын 31)-ныг хүртэлх хугацаанд төрсөн 18-25 насны тухайн ИДС-д нэгээс доошгүй улирал суралцаж байгаа 1,296 шилдэг тамирчид шигшээ тэмцээнд хамрагдан оролцлоо. Оюутны УАШТ нь волейбол, гандбол, жүдо, модон бөмбөг, сагсан бөмбөг, 3х3, спорт аялал, таеквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннисний төрлүүдээр явагдан, 13 спортын заал, танхим, талбайд зохиогдлоо. Энэ удаагийн оюутны УАШТ-ий онцлог нь нэгдсэн дүнг бүх спортын төрөлд тухайн их, дээд сургуулийн баг тамирчид хүртсэн медалийн тоо, чанарыг үндэслэн гаргаж дүгнэсэн юм.
Энэхүү үзүүлэлтээр:
Нэгдүгээр байрт: 12 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор захиралтай “Их Засаг” ОУИС тэргүүн байрыг эзлэв.
Хоёрдугаар байрт: 10 алт, 8 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДС удаах байрт шалгарлаа.
Гуравдугаар байрт: 8 алт, 10 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн, Монгол Улсын Гавьяат багш М.Өсөхбаяр захиралтай “Мон-Алтиус” дээд сургуулийн баг орлоо.
Дөрөвдүгээр байрт: 8 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Д.Бадарч захиралтай МУИС баг тамирчид шалгарлаа.
Тавдугаар байрт: 6 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн доктор, дэд профессор О.Баатарцогт захиралтай ХААИС шагналт байранд багтлаа.
Зургаадугаар байрт: 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Ч.Сэлэнгээ захиралтай “Рояаль” ОУИС эхний 6 байрт шалгарч алт, мөнгө, хүрэл, медаль, хүндэт өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2023 оны тэмцээний төрөл зай, жин тус бүрд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчид, сургууль, хамт олныг хүндэт өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшуулсан билээ. Түүнчлэн оюутны УАШТ-ээс шалгарсан баг тамирчдыг БНХАУ-ын Чендү хотноо 2023 оны 07 дугаар сарын 28-аас 08 дугаар сарын 8-нд явагдах дэлхийн оюутны спортын зуны XXXI наадамд шалгаруулан оролцуулах эрхийг гардуулан өглөө. Мөн волейбол, сагсан бөмбөг 3х3 төрөл, футзал, чөлөөт бөх зэрэг спортын төрлийн тамирчид нь ОХУ-ын Екатеринбург хотноо 2023 оны 08 дугаар сарын 19-31-нд болох “Олон улсын оюутны спортын фестиваль”-д тухайн их, дээд сургуулийн нэр дээр оролцуулахаар урилгыг өгсөн юм.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, доктор, дэд професор Д.Жаргалсайхан, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон их, дээд сургуулийн удирдлага, биеийн тамирыг тэнхимийн эрхлэгч, багш нарын төлөөллүүд оролцлоо.
Ирэх 2024 онд биеийн тамир, спортын тухай хуулийн 17.2 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу “Монгол Улсын оюутны спортын VI наадам” зохион байгуулагдана. Энэхүү наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, БТСУХ, МОСХ-ноос хамтран зохион байгуулах юм. Энэхүү наадам нь оюутны дунд 2005, 2009, 2013, 2017, 2022онд явагдан ийнхүү 2024 оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа Засгийн газраас зохиогдохоор болсон.