“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Үндэсний хөрөнгө бүрдүүлэлтийн хэлтсийн захирал З.Тамиртай үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтын талаар ярилцлаа. Тэрбээр хүүхдүүдийн, тэр дундаа өсвөр насныханд тулгамдаж буй дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй судлаачдын нэг юм. Улсын хэмжээнд өдгөө энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “Найз байя” үндэсний аяныг санаачлан зохион байгуулагчдын нэг нь З.Тамир аж.
-Хаана амьдардаг, эцэг, эх, асран хамгаалагч нь хэн болох, ямар ажил хийдгээс үл хамаарч хүүхэд бүр тэгш эрхтэй байх ёстой. Гэвч үүнийг зарим эцэг, эх, асран хамгаалагч, багш төдийлөн мэддэггүй, улмаар хүүхдийн эрхийг зөрчдөг шиг санагддаг. Та энэ чиглэлээр судалгаа хийж байв уу?
-Манай байгууллагаас “Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал” судалгааг 2021 онд хийсэн юм. Тухайн үед “Ерөнхий боловсролын сургуулийн зарим багш хүүхдийг ар гэрийн нөхцөл, гадаад байдлаар нь ялгаварлан гадуурхаж, бусад сурагчийн өмнө загнах, үг хэлээр доромжлох явдал байна” гэж судалгаанд хамрагдсан оролцогчдын цөөнгүй нь хариулсан байдаг. Багш хүүхдийг ялгаварлан гадуурхах нь ихээхэн сөрөг нөлөөтэй. Тухайлбал, ангийн бусад сурагч багшийгаа даган дуурайж тухайн хүүхдийг нэмж дээрэлхэх шалтгаан болдог. Хүүхэд яаж харагдах, ямар орчинд амьдарч байгаагаас шалтгаалан үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтад өртөх ёсгүй. Харамсалтай нь, ихэнх тохиолдолд хүүхэд бусдаас ялгаатай, өөр харагддагаасаа болж дарамтлуулж, ялгаварлуулах нь түгээмэл байна. Үүнд хүүхдийн тусгай хэрэгцээ, арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг хандлага, амьдралын нөхцөл байдал, өрхийн орлого, авьяас чадвар, эрүүл мэндийн бусад шалтгааныг хамруулж ойлгож болно. Эдгээр шалтгааны улмаас хэн ч ялгаварлан гадуурхагдах ёсгүйг насанд хүрэгчид, эцэг, эх, асран хамгаалагчид, багш гээд хүүхэдтэй харилцаж байгаа хүн бүхэн ойлгож ухамсарлах, цаашлаад өөрийн үйлдлээр харуулах, үлгэрлэх нь маш чухал.
-Багш нь гадуурхсанаас болж сургууль завсардсан хүүхэд хэр олон байгаа бол?
-Судалгаанд оролцогч хүүхдийн зарим нь “Хүүхдийг ялгаварлан гадуурхдаг багш нарын талаар хаана, хэнд мэдээлж, хэрхэн шийдвэрлэхээ бид мэдэхгүй” гэж хариулсан байсан. Мөн ялгаварлан гадуурхалт, үе тэнгийнхний дарамтаас болж сургуулиас гарч, Насан туршийн боловсролын төвд суралцах хүсэлтэй хүүхдүүд ирдгийг ярилцлагад оролцогчид дурдаж байлаа.
-Монголчуудын уламжлалт ойлголт, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан хүүхдүүд нэгнийгээ шоглох, зодолдох, биед нь халдах зэрэг нь хэвийн зүйл гэж боддог, ханддаг хүн бий. Ийм ойлголт, хандлага өдгөө өөрчлөгдөж байгаа болов уу?
-“Найз байя” аяныг хэрэгжүүлж эхлэхийн өмнө бид улсын хэмжээнд бага, дунд, ахлах ангийн 3045 сурагч, 2690 эцэг, эх, асран хамгаалагч, 517 багшийг судалгаанд хамруулсан юм. “Хэрэв хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртвөл яах вэ” гэхэд дийлэнх эцэг, эх, асран хамгаалагч “Асуудлыг цаашид мэдээлнэ, сургуулийн хүүхэд хамгааллын баг, багш, нийгмийн ажилтнаас дэмжлэг хүснэ, хүүхэдтэйгээ ярилцаж тусална, дарамталж буй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай уулзана” гэх мэтээр хариулсан. Харин тэдний гурван хувь нь үүнийг “Ноцтой асуудал биш”, дөрвөн хувь нь “Энэ асуудалд яаж хандахаа мэдэхгүй байна” гэж хариулсан. Тэгэхээр үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтыг “Байдаг л зүйл”, “Энэ нь харин ч хүүхдийг хатуужилтай болгоно” гэж үздэг хүн одоо ч мэр сэр бийгэсэн үг.
-Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтыг хэрхэн бүр мөсөн таслан зогсоож чадах бол. Ялангуяа манай орны нөхцөл байдалд тохируулан үүний эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ?
-Үүнийг таслан зогсоох арга бол хүүхэд, багш, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт гээд бүх талынханд хүүхэд бүр тэгш эрхтэй, аюулгүй орчинд хамгаалагдан амьдрах ёстойг ойлгуулах юм. Мэдээж хүүхдийн эрхийг жинхэнэ утгаар хангах ёстой. Аюулгүй орчныг бүрдүүлэх хамгийн чухал үүрэг гэр бүлийн гишүүд, эцэг, эх, асран хамгаалагчид оногдоно. Дараа нь хүүхдийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг сургуулийн орчныг аюулгүй болгох нь чухал. Ийм орчин бүрдүүлэхэд сургуулийн удирдлагаас эхлээд багш, ажилтнууд чухал үүрэгтэй. Мөн хүүхдүүд үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтад өртвөл чимээгүй нууж, тэвчих биш, мэдээлж, тусламж хүсэх шаардлагатай. Түүнчлэн ийм асуудалд өртсөн нэгнийхээ хажуугаар дуугүй өнгөрөлгүйгээр тусалж байх хэрэгтэй. Ингэж олон талаас хамтран анхаарч чадвал үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох боломжтой.
-Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд дарамтад өртөж, хохирогч болох эрсдэл өндөр гэсэн. Үнэхээр тийм байна уу. Мөн охид, хөвгүүдийн аль нь илүү дарамтад өртдөг бол?
-“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас 2021 онд хүүхэд хамгааллын салбарын үнэлгээний тайлан боловсруулахдаа багш, ажилтнуудтай ярилцлага хийсэн юм. Тухайн үед “Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртдөг” гэсэн дүгнэлт гарсан нь үнэхээр харамсалтай. Мөн нийгмийн байдал, хөрөнгө, анги хамт олондоо эзлэх байр суурь гэх мэт эрх мэдэл, хүчний хувьд бусдаасаа доогуурбайгаа хүүхэд үе тэнгийнхний дарамтын хохирогч болдог гэсэн мэдээлэл олон улсад ч бий. “Найз байя” аяны өмнөх судалгааны үр дүнгээс харвал охид, хөвгүүдийн аль аль нь үе тэнгийнхний дарамтад ижил түвшинд өртөж байгаа нь тогтоогдсон. Энэ нь хүмүүсийн боддогчлон хөвгүүд илүүтэй дарамтад өртдөг гэсэн ойлголтоос зөрлөө.
-Хүүхдүүд дарамтад өртсөн ч нуугаад хэлдэггүй шүү дээ. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ дээрэлхүүлж байгаа, эсэхийг яаж мэдэх вэ?
-Үе тэнгийнхний дарамтад өртсөн хүүхэд хичээлдээ явах дургүй болдог. Мөн сурлага нь муудах, хичээлээ таслах, хорт зуршилд автах, гадуур сэлгүүцэх, аливаа үйл ажиллагаанд оролцох дургүй болох, халаасны мөнгө илүү ихийг хүсэх, уур бухимдалтай байх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ялангуяа дуугаа хурааж, ганцаараа байх хүсэлтэй болох, бусдыг дарамтлах, дээрэлхэх, гэмтэх, бэртэх нь ихсэх зэрэг шинж ажиглагддаг. Цаашлаад сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орж, улмаар сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж, тэр нь насан туршийнх нь амьдралд нөлөөлөх эрсдэлтэй. Олон улсад залуучуудын дундах хүчирхийллийг, тэр тусмаа өсвөр насныхан, үе тэнгийнхний дарамтыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал гэж үзэх болсон. Тиймээс дээрэлхэлтэд өртсөн үедээ нуулгүй, бусдаас тусламж хүсэхдээ огтхон ч эргэлзэж болохгүйг хүүхдэдээ байнга зөвлөж, ярилцах хэрэгтэй.
-Өсвөр насны дөрвөн хүүхдийн гурав нь ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа гэж албаны хүн ярихыг сонслоо. Энэ нь үнэн үү. Ямар судалгаагаар тогтоосон бэ?
-Өмнө дурдсанаар аяны хүрээнд улсын хэмжээнд 3045 сурагчийг судалгаанд хамруулахад талаас илүү буюу 52.3 хувь нь ямар нэг байдлаар үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж хариулсан байна. Судалгаанд хамруулсан нийт хүүхдийн 19 хувь нь бага, 55 хувь нь дунд, 26 хувь нь ахлах ангийнхан. Өөрөөр хэлбэл, үе тэнгийнхний дээрэлхэлт нь бага ангийн сурагчдын дунд бага бол, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд хамгийн их байсан.
-Тэд голчлон хаана, ямар хэлбэрийн дарамтад өртдөгийг судалгаагаар тодруулсан уу?
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 50 хувь нь цахим дарамтад өртсөн гэжээ. Гэтэл тэдний ердөө 15 хувь нь эцэг, эх, асран хамгаалагчдадаа энэ тухайгаа хэлсэн байна. Судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын найм нь фэйсбүүкт нэгээс олон буюу дунджаар 3-4 хаягтай. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээнд хэд хэдэн хаяг нээж, ээж, аавтайгаа, найзуудтайгаа гэх мэтээр өөр өөр зорилгоор ашиглаж байгааг дурдсан. Хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглан бие биеэ гутаан доромжлох, худал мэдээлэл тараах, өмссөн хувцас, ар гэрийн нөхцөл байдлаар нь ялгаварлах, гадуурхах явдал түгээмэл болсон. Сургуулийн орчинд бол эрэгтэй сурагчдын дунд насаар бага хүүхдээс мөнгө нэхэж дарамтлах, өгөхгүй бол зодож хүчирхийлэх нь нийтлэг. Охидын хувьд цахим орчны гадуурхалтад суурилсан сэтгэл санааны дарамт, хүчирхийлэлд өртөх нь элбэг байгааг судалгаагаар тогтоолоо. Зарим тохиолдолд үүнийг ангийн багш нь мэддэг ч ямар нэг арга хэмжээ авахгүй өнгөрөөдөг. Эсвэл хэрхэн арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа нь үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл буурдаггүйн шалтгаан болж байна. Сургуулийн орчны дарамт, хүчирхийлэлд сурагчид нэгнээ шоглох, заналхийлэх, цохих, тохуурхах, эд зүйлийг нь хулгайлах, нуух зэрэг шууд үйлдлийг хамруулж болно. Мөн нэгнийхээ талаар цуу яриа тарааж, тухайн сурагчийг нийгмээс тусгаарлагдахад нөлөөлөх шууд бус үйлдлүүдийг хамруулна. Сүүлийн үед хүүхдүүд интернэт, олон нийтийн сүлжээ ашиглах нь ихэссэнээс үүдэн цахим орчинд нэгнээ гадуурхах, дарамтлах нь элбэгшлээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ цахим орчин, гар утас, таблет, компьютерын зүй зохистой хэрэглээнд багаас нь анхаарах шаардлагатай болсон.
-Манайд энэ чиглэлээр үндэсний хэмжээнд хийсэн судалгаа бий юү?
-Үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтын талаар үндэсний хэмжээнд хийсэн бие даасан судалгаа бол байхгүй. Харин хүүхэд хамгаалал болон боловсролын салбарын хүрээнд энэ асуудлыг онцлон анхаарч хийсэн судалгаанууд бий. Тухайлбал, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан “Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал судалгааны тайлан-2021”-ийг дурдаж болно. Мөн манай байгууллагаас гаргасан “Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал судалгааны тайлан-2021”, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн “Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал судалгааны тайлан-2018” зэрэг бий.
-Таны дурдсанаар олон байгууллага судалгаа хийжээ. Гэсэн ч бодит байдалд үр дүн төдийлөн харагдахгүй байх шиг. Цаасан дээрх судалгаа амьдралд нийцэхгүй байна уу?
-Энэ төрлийн судалгааг өргөн хүрээнд, чанартай, тогтмол хийж, үр дүнг олон нийтэд хүргэх нь маш чухал. Ингэснээр хүүхдийн төлөө ажилладаг, тэдний өмнө үүрэг хүлээсэн байгууллага бүр судалгааны мэдээллийг ашиглан ажлаа үр дүнтэй төлөвлөх, хэрэгжүүлэх боломжтой. Цаашлаад үр дүнгээ тооцоход хялбар болно. Судалгаа хангалттай биш бол бид нөхцөл байдлын талаар бүрэн дүүрэн ойлголт, дүр зураг харах боломжгүй. Үүнээс гадна хэрэгжүүлэх ажлаа зөв тодорхойлж, үр дүнг нь хэмжих боломжгүй юм. Ялангуяа судалгаанд тулгуурлан хүүхэд хамгааллын салбарын санхүүжилтийг оновчтой зарцуулахад анхаарах хэрэгтэй гэж боддог.
-Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд хөгжих боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр манайх олон улсын ямар туршлагыг нэвтрүүлбэл үр дүнтэй бол. Энэ талаар та судалж байв уу?
-“Дэлхийн зөн Монгол” нь хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил зохион байгуулдаг. Жишээлбэл, бид олон улсын туршлага, аргачлалаар “Импакт плас” буюу хүүхдийн оролцоог дэмжиж, чадваржуулах клубийг сургуульд түшиглэн байгуулсан. Ингэснээр хүүхдүүд өөрсдөдөө болон нийгэмд тулгарч байгаа асуудлаа тодорхойлж, түүнд үндэслэн төсөлт ажлыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Энэ мэтээр олон улсад хэдийн туршиж, нэвтрүүлж, үр дүнтэй нь батлагдсан аргачлалаар хүүхдийг чадавхжуулах, хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх ажлууд зохион байгуулах нь үр дүнтэй. Сургуулийн орчинд үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, эерэг уур амьсгал бүрдүүлэх, хүчирхийллээс ангид соёлыг хэвшүүлэх, ялгаварлан гадуурхалтын эсрэг тогтмол үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ийм чиглэлээр тухайн байгууллага тодорхой журамтай болох, багш нарын ёс зүйн дүрмийг сайн хэрэгжүүлэх зэрэг нь үр дүнтэйг бусад орны туршлага харуулдаг.
-Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хэрхэн үлгэрлэх вэ?
-Хүүхэд эцэг, эхийнхээ толь гэдэг дээ. Хүүхэд хэний хажууд хамгийн их цагийг өнгөрүүлж байна, тэр хүмүүстэйгээ адилхан болж, хийдэг үйлдлүүд, үг яриаг нь даган дуурайдаг. “Хүүхэд бүр, хүн бүр тэгш эрхтэй, адил хүндлэл хүртэх ёстой. Хүмүүсийн ялгаатай байдлыг ч хүндэтгэх ёстой” гэх мэт чухал ойлголтыг зарим эцэг, эх, асран хамгаалагч багадаа ойлгож, мэдээгүй өссөнөөс “Ялгаварлан гадуурхах нь хэвийн л зүйл” гэж хүлээж авч байна. Тэгэхээр бид хүүхдүүдээ ирээдүйд аз жаргалтай, амжилттай, сэтгэлийн зовлон түгшүүргүй, зорилго мөрөөдөлтэй хүн болгохыг хүсэж л байвал үг, үйлдэлдээ байнга анхаарч, зөв үлгэр дуурайлал үзүүлэхээс өөр аргагүй. Бусдыг хэрхэн хүндлэхийг, хэрхэн ялгаварлалгүй сайхан харилцахыг хүүхдүүддээ харуулах нь эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг.
-“Найз байя” аяны хүрээнд өдгөө ямар ажлууд хэрэгжүүлж буй бол?
-“Дэлхийн зөн” олон улсын байгууллага нь 2017 оноос 90 гаруй улсад хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг зогсооход чиглэсэн “It Takes A World” нөлөөллийн аяныг жил бүр зохион байгуулж буй. Манай улс үүнд долоо дахь жилдээ нэгдэн, үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой “Найз байя” үндэсний аяныг өнгөрсөн сарын 27-ноос зургадугаар сарын 8 хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтын тухай мэдээлэл болон түүнээс сэргийлэх зөвлөгөөг хүргэж буй. Ингэснээрээ олон нийтэд үе тэнгийнхний дарамт, ялангуяа цахимаар бие биеэ ялгаварлахын хор уршгийг таниулах, ийм асуудлыг бууруулахыг зорьж байна. Хүүхдэд сонирхолтой байлгах үүднээс зурагт хуудас болон стикер хэвлэн түгээх, мөн тэдний анхаарлыг байнга татдаг цахим орчинд олон төрлийн зурагт хуудас, богино хэмжээний видео байршуулж байгаа. Түүнчлэнсурагчдын дунд сошиал хөдөлгөөн өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт зайны сургалтууд явуулж эхэлсэн. “Найз байя” аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, СЭМҮТ, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын скаутын холбоо, “Гүүднэйборс Монгол” зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй. Эдгээр байгууллага нь харьяа, салбар байгууллагаараа дамжуулан 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт аян өрнүүлж байна. Жишээ нь, Монголын хүүхдийн зөвлөл бүх салбартаа удирдамж хүргүүлсэн. Хүүхдүүд үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтаас үүддэгсөрөг нөлөө болон эдгээрийн эсрэг ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл түгээхээр ажиллажбайгаа.