Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь “Монголиан майнинг корпорэйшн”-тэй (MMC) байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэжээ. Мөн энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулав. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Нэгдүгээр улиралд “Хөндий” эрдсийн дүүргийн хайгуулын ажлыг эрчимжүүлж, молибден, зэсийн “Зуун мод” төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Эл хөтөлбөрөөр ашигт малтмалын болон гидрогеологийн нөөцийн хайгуул, геотехникийн өрөмдлөг гэсэн гурван төрлийн өрөмдлөг хийж байна” гэжээ.
Дээрх стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг дуусгаснаар нийт 10 сая ам.долларын санхүүжилт (энэ сарын 2-нд таван саяыг нь) хүлээн авсан аж. Санхүүжилтийг хайгуулын болон бүтээн байгуулалтын өмнөх бэлтгэл ажил зэрэгт зарцуулах юм байна. Гурав дахь үе шатанд ММС энэ оны гуравдугаар улиралд 30 сая “ногоон”-ы хөрөнгө оруулах гэнэ. Улмаар MMC нийт 40 сая ам.долларын хөрөнгө оруулж, “Хөндий”, “Алтан нар” ашиглалтын, “Улаан” хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий Монгол дахь охин компани болох “Эрдэнэ Монгол”-ын 50 хувьтай тэнцэх хувьцааг эзэмших аж. Нэгдүгээр улиралд “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий алдагдал 1.13 сая долларт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үед дээрх тоо 1.23 сая байжээ. Эргэн сануулахад, дээрх хоёр компани өнгөрсөн нэгдүгээр сард стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм.