Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлах асуудал өнгөрсөн жилээс эрчтэй яригдаж ирсэн. Тодруулбал, Эммануэл Макрон энэ тавдугаар сарын 22-нд манай улсад албан ёсны айлчлал хийх төлөв бий. Эл мэдээллийг Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК-ийнхан үгүйсгэсэнгүй, харин ч батлав. Манай улс Франц улстай 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй юм.
"Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард айлчлалын талаар "Франц Улсын Ерөнхийлөгч энэ тавдугаар сардаа багтаж Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж хоёр улсын дипломат харилцааны хүрээнд эл айлчлал болно. Айлчлалын үеэр бидний хэрэгжүүлж буй "Зөөвч-Овоо" ордын төсөл хөндөгдөх нь гарцаагүй. Учир нь эл төсөл хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан томоохон төсөл. Хоёр улсын хоорондын түншлэлийн эхлэл эл төсөл болно гэсэн үг. Тиймээс Франц Улсын Ерөнхийлөгч төслийг урагшлуулах, стратегийн ач холбогдолтой яриа хэлэлцээр хийх болов уу. Түүнчлэн Европын холбооноос хэрэгжүүлж буй хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол манай хамтарсан компанийн төсөл юм" хэмээлээ.
"Бадрах Энержи" компани хоёр хувьцаа эзэмшигчтэй. Нэг талаас Францын Орано групп 66 хувийг эзэмшдэг. Энэ группын 90 хувь Францын төрийн мэдэлд байдаг. Монголын Засгийн газар 34 хувийг төрийн өмчит "Мон-Атом" компаниар дамжуулан эзэмшдэг аж. Эл төсөл хэрэгжсэнээр Зөөвч-Овоогийн олборлолт явагдах нийт хугацаанд төслөөс 1 тэрбум ам.долларыг Монгол Улсын төсөвт татвар хураамжаар төвлөрүүлнэ гэсэн тооцоолол гарсан аж.