Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн багш, оюутнуудаас1000 хүнийг Японы их, дээдсургуульд суралцуулах “1000 инженер” төслийг 2014 оноос хэрэгжүүлж буй билээ. Уг төсөлд хамрагдаж, Японд инженер мэргэжил эзэмшээд ирсэн Б.Арвинзаяатай ярилцлаа.
-Японд анх очиход хэлний бэрхшээл тулгарч байв уу. Ямар мэргэжлээр суралцсан бэ?
-Японд 20 настайдаа очиж байлаа. Барилгын инженер мэргэжлээр ШУТИС-д 2.5 жил суралцахдаа япон хэлийг анхнаас нь системтэйгээр сурсан. Тийм болохоор хэлний бэрхшээл тулгараагүй. Харин анх удаа гэрээсээ хол, оюутны байранд ганцаараа амьдрахад хэцүү байсан. Гэрээ их санадаг байлаа. Би Фүкүока хотын Кюүшүгийн их сургуульд гуравдугаар курсээсээ барилгын инженерээр үргэлжлүүлэн суралцсан. Сургалтын төлбөрийг “1000 инженер” төслөөс, дотуур байрныхыг сар бүрийн тэтгэлгээсээ буюу амьжиргааны зардлаасаа төлдөг байв. Сар бүр 117 000 иений тэтгэлэгтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 680-аас дээш бол “1000 инженер” төсөлд хамрагдах боломжтой байсан. Би энэ төслийн хоёр дахь ээлжийн элсэгч.
-Япон охид барилгын инженерээр хэр их суралцдаг бол?
-Манай ангийн 70-аад оюутнаас долоо нь охид. Би багаасаа гар урлалд дуртай, янз бүрийн бүтээл хийж бусдад бэлэглэдэг байлаа. Гэсэн ч тэдгээр нь жилийн дотор хуучирч мууддаг. Амттан бол идээд дуусчихдаг. Тэгээд л удаан оршин тогтнох, хадгалагдан үлдэх бүтээл хийхийг эрэлхийлдэг болсон. Энэ хүсэл эрмэлзэл минь барилгын инженер мэргэжлийг сонгоход нөлөөлсөн юм. Ээж надад өөрийнхөө хүсэж буй зүйлийг л хий гэж хэлдэг. Харин аав эсрэг бодолтой, намайг барилгын инженер болно гэхэд эсэргүүцэж байлаа.
-Магистраа ч бас Японд хамгаалсан гэсэн үү. Монгол, Японы инженерийн боловсрол олгох сургалт хэр ялгаатай санагдав?
-Би ШУТИС, Кюүшүгийн их сургуулийг бакалаврын хос дипломтой төгсөөд, үргэлжлүүлэн Ротари Йонеямагийн магистрын тэтгэлгээр суралцлаа. Магистрын тэтгэлэгт хамрагдахын тулд заавал Кюүшүгийн их сургуулиасаа зөвшөөрөл авч, материалаа бүрдүүлэх журамтай. Энэ тэтгэлгийн бас нэг онцлог нь оюутан бүрт туслах япон аав, ээжтэй болдог нь. Би ч бас япон аав, ээжтэй болсон. Сургалтын хувьд манай улс инженерийн суурь хичээлийн чанараар дутах зүйлгүй. Харин Японы сургуулиудад орчин үеийн шинэ технологийн талаар зааж сургах боломж нь манайхаас илүү. Өөрөөр хэлбэл, манайх бага зэрэг хоцрогдсон байж болох юм. Хамгийн их ялгаатай санагдсан зүйл нь сургалтад зарцуулж буй төсөв. Улсын томоохон их сургуулиуд нь хангамж маш сайтай. Туршилтын багаж төхөөрөмжөөс эхлээд судалгаа хийх боломжоор оюутнуудаа бүрэн хангадаг.
-Тус улсад мэргэжлээрээ ажиллах боломж байсан уу. Япончууд хүүхдээ эрт биеийг нь даалгахын тулд суралцангаа ажиллах боломжийг эрэлхийлдэг гэсэн үү?
-Япон оюутнууд сургуулиа төгсөхөөс 1-2 жилийн өмнө ажлаа хайж эхэлдэг. Үүнд цаг их зарцуулдаг. Ажлын санал хүлээх бус, оюутнууд өөрсдөө хайж олох ёстой. Тэнд барилгын салбар нь маш хатуу хууль, журамтай. Манайд орон сууц, үйлдвэрлэлийн барилга олон. Харин тэнд зам, гүүр, томоохон хэмжээний усан цахилгаан станцын барилгын чиглэлээр оюутнууд түлхүү сурдаг. Миний мэргэшсэн чиглэл бол зам, гүүрний орчныг тохижуулах. Тухайлбал, гүүрийг хэрхэн үзэмжтэй барих, голын эргийг иргэдэд ээлтэй тохижуулах зэрэг дизайны чиглэлээр мэргэшин суралцсан. Япончууд өмнө нь зам, гүүрний гадаад үзэмжид бус, аюулгүй байдалд нь илүү анхаарч ирсэн юм билээ. Харин одооноос аюулгүй байдал, гадаад үзэмж хоёрыг хослуулдаг болж, энэ чиглэлийн инженерүүдийг ч олноор нь бэлтгэж байгаа. Би энэ чиглэлээрээ Монголдоо ажиллах хүсэл тээж ирсэн. Гэсэн ч манайд үүний талаарх ойлголт, хийх ажил хязгаарлагдмал бололтой.
-Жишээ нь, Туул гол, Хөвсгөл нуурын эргийг тохижуулах мэргэжил гэж ойлголоо.
-Тэгж ойлгож болно. Гэхдээ зөвхөн гол гэлтгүй барилгын инженерийн бүхий л салбарт хамааралтай мэргэжил. Би тэнд иргэдийн санал хүсэлтээр буюу“Энэ байгууламж үзэмж муутай байна” гэсэн гомдлын дагуух судалгаан дээр ажиллаж байлаа. Барилгын инженер ч гэлээ олон нийтийн талбайн төсөл буюу landscape дизайн гэсэн чиглэл юм. Би Японы байгалийн үзэсгэлэнт газруудаар их аялсан. Хаана ч очсон барилга байгууламжийн хийц, гаднах фасад нь бүгд адилхан хэрнээ хүмүүс нь жаахан ялгаатай. Зам, гүүрийг нь ч мөн адил маягаар барьсан учраас хотууд нь хоорондоо төстэй. Үер ихтэй учраас голын эргийг аюулгүй байлгах талаас нь маш сайн хамгаалсан байдаг. Дөрөвдүгээр курстээ судалгааны лабораторид хичээллэдэг байхдаа үерийн даланг өөрчилж, ногоон бүс болгох төсөлд оролцсон юм. Байнга үер буухгүй учраас даланг нь нийтэд ээлтэй, олон нийтийн талбай болгон тохижуулахын тулд иргэдтэй ярилцаж, тэдний хүсэлд нийцүүлэн дизайн гаргаж, багштайгаа хамтран төслөө хэрэгжүүлсэн. Эргэн тойрныхоо өнгө үзэмжид нийцүүлж орчныг тохижуулах ёстой гэсэн зарчмыг тус улсын барилгын салбарт баримталдаг.
-Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалт удахгүй болно. Мэргэжлээ сонгож амжаагүй хүүхдүүдэд зөвлөгөө өгөхгүй юү. Японд суралцахад заавал хэлний оноо шаардах уу, багш нарынх нь хандлага, тухайн улсын соёлын талаар сонирхуулна уу?
-Мэргэжлээ сонгохдоо нухацтай бодоорой. Төгсөх ангийн сурагч ирээдүйд юу хиймээр байгаагаа бүрэн танин мэдэх хэцүү. Гэвч өөрийнхөө хэмжээнд олон боломжит хувилбараар ирээдүйгээ төсөөлж үзэх хэрэгтэй. Сайн бодолгүйгээр их сургуульд ороод, төгссөнийхөө дараа мэргэжлээ сольсон хүн миний эргэн тойронд цөөнгүй. Тиймээс цаг хугацаа, хөрөнгө санхүүгээр хохирохгүйн тулд бүх талаас нь бодож, тохирох мэргэжлээ олох ёстой юм шиг санагддаг. Мэдээж цаг хугацааны явцад хүний хүсэл мөрөөдөл өөрчлөгдөж болно. Гэсэн ч өөрт тохирох гол чиглэлээ олчихсон байхад цаашид түүнийхээ дагуу ижил төстэй бусад салбарт хөрвөн суралцах, ажиллах боломж бий. Японд суралцах хүсэлтэй бол тэтгэлэг судлаарай гэж зөвлөе. Тэтгэлэгт хөтөлбөр олон байдаг. Бүх зардлаа өөрөө гаргаад, ажиллангаа сурах нь ялангуяа инженерийн салбарт их хэцүү. Нэгэнт л гадаадын оронд сурахаар явж байгаа бол хичээлээ хийхээс гадна аялж, тухайн улсынхаа соёлтой танилцах хэрэгтэй. Хүн бүр өөрийн сурах арга барилтай. Нэг нь сайн цээжилдэг байхад нөгөө нь тунгаан боддог гэх мэт. Өөрийнхөө чадварыг хөгжүүлээд, сурах арга барилаа олох нь чухал. Япон багш нар оюутнуудаа нэг их шахаж шаарддаггүй, хичээлээ заагаад л боллоо. Ер нь оюутнуудаа тоодоггүй. Харин мэдэхгүй зүйл гарсан үед асууж лавлахад үл тоох багш байхгүй. Бүгд уриалгахан зааж өгдөг. Тиймээс оюутан өөрөө санаачилгатай, сурах тэмүүлэлтэй байх нь чухал санагдсан. Мөн тэнд ахмад хүнийг хүндлэх соёл нь Монголтой харьцуулахад өндөр.
-Япон хүүхдүүд инженерийн мэргэжил хэр сонирхдог бол. Тэд гадаад оюутнууд шиг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг уу?
-Япон нь томоохон үйлдвэрлэгч орны нэг учраас инженерийн мэргэжил нэр хүндтэй, сонирхдог хүүхэд ч олон. Статистикаас харахад тэнд бакалаврт суралцаж буй таван оюутан тутмын гурав нь нийгмийн ухаанаар, магистраас хоёр нь инженерээр суралцдаг. Гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, дэмжлэг их. Харин дотоодын оюутнуудад тэтгэлэг цөөн, өрсөлдөөн ихтэй санагдсан. Өөрөөр хэлбэл, Японы Засгийн газраас гадаадын оюутнуудыг их дэмждэг хэрнээ өөрийн улсын оюутнуудад буцалтгүй тэтгэлэг бараг олгодоггүй, голдуу зээлээр суралцдаг юм билээ.
-Монгол оюутанд сурахын зэрэгцээ цагийн ажил хийх боломж байдаг уу?
-Оюутны визтэй хүн бүр долоо хоногт 28 хүртэлх цагаар ажиллах эрхтэй. Монгол оюутнуудад ч энэ эрх нь нээлттэй. Нэг цагийн ажлын үнэлэмж дунджаар 1000 иен болохоор тэтгэлэггүй байсан ч аав, ээжээсээ амьжиргааны зардал авахгүйгээр сурах боломжтой. Гэвч ажиллангаа сурвал хичээлдээ бүрэн анхаарч чадахгүй тул аль болох тэтгэлэгт хамрагдах хэрэгтэй.
-Өндөр хөгжилтэй орноос эх нутагтаа ирэхэд бухимдмаар, бачимдмаар зүйлтэй олон таарч байна уу?
-Сэтгэл зүйн бэлтгэлтэй ирсэн. Надаас түрүүлж ирсэн найзууд “Монголдоо ирэх хэрэг байна уу, хэцүү зүйлтэй олон таарна шүү” гэж хэлж, сануулж байлаа. Мэдээж асуудалтай тулгарч байна. Гэрээс гараад алхахаар явган хүний зам байхгүй. Байгаа нь эвдэрчихсэн, гудамж, талбай нь хогоор дүүрэн. Эдгээрийг харж бухимдахаас илүү хүн бүр ил задгай хог хаяхгүй, бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй байж хандлагаа өөрчлөөсэй.
-Эсрэгээрээ манайх үүгээрээ л илт давуу гэх бахархах зүйл бидэнд бий юү?
-Улсын хөгжил, соёлын талаар хэлж мэдэхгүй байна. Харин бид өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, бусад соёлд илүү нээлттэй ханддаг.
-Суралцсан газрынхаа соёлоос эх орондоо нутагшуулах гэж тээж ирсэн зүйл юу байна вэ?
-Японд хүнийг өмссөн хувцас, эд зүйлээр нь ялгаж харилцдаггүй нь их таалагддаг. Тэдний дундаж цалин биднийхээс өндөр хэрнээ хэрэглээ багатай. Энэ мэт энгийн зан чанарыг нь эх орондоо шингээх сэн гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Япон найзуудыгаа ажиглахад боломжийн амьдралтай байсан ч аав, ээж нь зориуд мөнгө өгдөггүй, цагийн ажил хийлгэдэг. Ингэснээр оюутан байх хугацаанд нь цаг, мөнгөө зохицуулахад сургадаг. Тэд эд зүйлсэд шунаад байхгүй ч жаахан хаагдмал, бодол санаагаа шууд илэрхийлдэггүй.
-Цаашдынхаа зорилгын талаар хуваалцана уу. Мэргэжлийнхээ дагуу ажиллах газраа сонгосон уу?
-Миний мэргэжил Монголд төдийгүй Японд ч шинэ. Дөнгөж хөгжиж байгаа чиглэл гэхэд болно. Японы барилгын нийгэмлэгээс 2013 онд “Бид улсаа үзэмжгүй муухай болгосноо хүлээн зөвшөөрч байна. Одооноос бид улсаа үзэсгэлэнтэй болгоё” гэсэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тэр нь надад их таалагдсан. Юу ч мэдэхгүй очоод гурван жил энэ чиглэлээр суралцлаа. Багш минь 64 настай хүн. Тэрбээр мэдлэг, туршлагаа дараагийн үедээ өвлүүлэн үлдээхэд ихэд анхаарч байгаа нь таалагдсан. Тиймээс би мэргэжлээрээ ажиллаж, туршлага хуримтлуулж байгаад багшилж, илүү олон хүүхдэд мэдлэг, туршлагаасаа хуваалцах хүсэлтэй.
-“1000 инженер-Ажлын байр 2023” өдөрлөг саяхан боллоо. Үүнд оролцсон уу?
-Ажлын байрны өдөрлөгт оролцсон. Ажлын санал ирээгүй, харин ярилцлагад орох хүсэлт хүлээн авлаа.