“Оюутолгой” компани 2023 оны нэгдүгээр улирлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тус компани эл хугацаанд 42 575 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Улмаар энэ жил 180-210 мянган тонн баяжмал зэс үйлдвэрлэх төлөвлөгөөний биелэлт нь хангалттай байгаа аж. Өмнөх оны мөн үед тэд 30.2 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж байв. Түүнчлэн өнгөрсөн 1-3 дугаар сард 44 066 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн дүн гарчээ. 2022 оны эхний улиралд дээрх тоо 59.2 мянга байсан юм. Мөн өнгөрсөн улиралд гүний уурхай дахь хөндлөн малталтыг 4023 метрээр ахиулжээ. Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй бөгөөд 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.
Дээрх хугацаанд худалдан авалтын баг нь 609 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 412 нь үндэсний компани байв. Тэдгээр үндэсний компанид худалдан авалтынх нь 72 хувь ногдсон аж. Ташрамд дурдахад, 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 5.1 тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ. “Оюутолгой” компани нэгдүгээр улиралд 312 тэрбум төгрөгийг (89 сая ам.доллар) татвар, хураамж, бусад төлбөрт зарцуулжээ.