Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонныг борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Иймд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайтын боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Мөн цаашид нүүрснээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, экспортод гаргахад хилийн бүх боомтоор саадгүй нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд нарт даалгав.