Манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар 17.88 сая тонн нүүрс экспортолсон дүн гарсныг салбарын яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14.63 сая тонноор буюу 4.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн дээрх хугацаанд 439.5 мянган тонн зэсийн баяжмал худалдсан нь өмнөх оныхоос таван хувиар өссөн гэсэн үг. Төмрийн хүдэр, баяжмалын хувьд 1.59 сая тонныг экспортолсон нь 77 хувиар дээшилсэн дүн боллоо. Төвбанк өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 3.16 тонн алт худалдан авчээ. Ингэснээр эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 37 хувьд хүрсэн байна. Тодруулбал, нүүрснийх 49, зэсийн баяжмалынх 31.4, төмрийнх 18.9, алтных 15.8, газрын тосных 22.1, цайрынх 64.8, хайлуур жоншных 54.5 хувьд хүрээд буй аж. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 117 101 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 автобензиний 4826 (29 хоногийн), АИ-92-ын 33 433 (27), АИ-95-ын 2876 (22), дизелийн түлшний 71 524 тоннын (29) нөөцтэй байсан гэнэ. Монгол Улс 2023 он гарснаас хойш 630.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.