Охиндоо гурав, дөрөвхөн сартай байхаас нь хөгжим тоглож сонсгож ирсэн, хийсэн бичлэгээ олонд түгээдэг, өгөөмөр, өглөгч залууг ярилцлагад урьсан юм. Түүний нэр Н.Бямбадорж. ҮУИТ-ын үндэсний их найралд цохивор хөгжимчнөөр ажилладаг. Уулзах тухай бодож явтал чухал арга хэмжээн дээр таарав. Тэрбээр Ардын жүжигчин Ц.Батчулууны нэрэмжит, морин хуурт зориулсан жижиг хэлбэрийн бүтээлийн уралдаанд зохиол сойсноор шилдэг 14-т багтаж л дээ. “Ц.Батчулуун” сангийнхан тэр 14 бүтээлийг багтаасан ном хэвлүүлснээ хөгжмийн зохиолчдод өргөн барих үеэр залуу хөгжимчнийг бүтээн туурвих авьяастай болохыг мэдээд бүр ч олзуурхав. Тиймээс бид яриагаа энэ сэдвээс эхэлсэн юм.
-Уралдаанд “Сарны зааг” хэмээх бүтээл сойжээ. Үүнийг Ардын жүжигчин Ц.Батчулууны гэгээн дурсгалд зориулсан гэж ойлгож болох уу?
-Ц.Батчулуун багшийн тухай бодол, бидний сайхан харилцаанаас үүдсэн сэтгэгдэл зохиолд туссан. Багш намайг бага залуу гэж голдоггүй, их сайхан харилцдаг байсан юм. Түүнд нь би баярладаг байлаа. Нэг жишээ хэлэхэд, монголчууд ӨМӨЗО-ы Хөх хотод тоглолтоор 120 хүний бүрэлдэхүүнтэй явж байхад “Гурван охин” хамтлагийнхан гэдэг ч юм уу, ер нь л уран бүтээлчид намайг гайгүй тоглодог гэж үнэлж, ярьж байв. Тэр бүхнийг Ц.Батчулуун багш анзаарсан юм шиг байна лээ. Телевизийнхэн, эсвэл хэн нэгэн бичлэг хийх болохоор “Энэ хүүгийн дүрсийг сайн аваарай” гээд намайг заадаг байв. Энэ мэтчилэн надад сайн ханддаг байлаа. Тэр сэтгэлийг нь би бас ойлгодог. Ийм харилцаа, хандлага мөн л эх ундаргатай. Миний мэргэжлийн багш Б.Зоригт дэлхийн сонгодог болон Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг цохивор хөгжмийн чуулгад зориулж найруулдаг, тоглолт зохион байгуулдгийг бүгд мэдэх болсон, тийм ээ. Багш хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Хутагтын сахиус” бүтээлийг найруулахдаа цохивор хөгжмүүдийнхээ онцлогийг маш сайн шингээж, үнэхээр чадварлаг ажилласан юм. Хөгжмийн зохиолч ч сонсоод ихэд сайшаасан. Тухайн үед уг бүтээлийн хурдан хэсгийг би тоглож таарсан л даа. Өөрөөр хэлбэл, аль л нарийн ширийн бүхнийг тоглох боломж надад олдож байлаа. Тэр болгон хүмүүст хүрч байсан юм билээ.
-Өөрөөр хэлбэл, алдаршсан байхнь ээ?
-Хөгжмийн хүрээнийхэнд танигдаж эхэлсэн юм болов уу. Тэр цагаас “Бямбадорж боломжийн тоглодог” гэсэн яриа гарсан юм шиг санагддаг. Тийм ч болохоор Ц.Батчулуун багшийн анхааралд багтсан байх. “Сарны зааг” зохиолоо уралдаан зарлахаас өмнө бичиж эхэлсэн байлаа. БНСУ-д сургуулиа төгсөж ирээд удаагүй байсан юм. Гэртээ унтахаар хэвтэж байхад тэнгэрт буй бүтэн сар тоононы цаана зааглагдаж харагдах нь их сонирхолтой санагдлаа. Түүнийг харж байтал сэтгэлд нэгэн аялгуу ороод ирсэн. Хөгжмийн зохиолчид, зураачид ийм үед босоод бичээд, зураад эхэлдэг тухай сонсож байлаа. Харин өөрт тулж ирэх юм гэж бодож байсангүй. Хоёр тийш хөрвөөж дэмий хэвтэхээр гээд босоод ноотолсон. Дараа нь бүтэн болгож бичсэн. Удалгүй Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан багшид үзүүлж зөвлөгөө авсан юм. Багш “Сайхан аялгуу байна. Цааш нь үргэлжлүүлбэл хөгжмийн бүтээл болох нь. Дан хөгжмийн бүтээл бичих гээд дуурь шиг, эсвэл дуу шиг болгочихсон хүмүүс бий. Чинийх дан хөгжмийн бүтээл болохоор байна” гээд төгөлдөр хуурын хэсэг нь ямар байвал зүгээр талаар ч санаа өгсөн. Тэгэхээр нь багшийн зөвлөгөөг тусгаж, баяжуулаад морин хуур, төгөлдөр хуураар тоглох “Сарны зааг” бүтээлээ төрүүлсэн юм.
-Танай гэр бүл сошиалд нэлээд танил. Та ой хүрээгүй охиндоо цохивор хөгжим тоглож өгдөг. Охин их дуртай биз?
-Маш дуртай. Их анхааралтай сонсдог. Хөгжим тоглож бичлэг хийж, цацах амар байгаагүй. Эхлүүлээд нэлээд явж байгаад“Би ер нь юу ч хийгээд байгаа юм, больё” гэж бодож үзсэн. Гэтэл нэгт, охиндоо зориулсан, хоёрт, бусад хүн хүлээж байгаа, гуравт, хөгжимчний хувьд бас нэгэн сорилт учир шантраад замын голоос буцах гэж үү хэмээн бодоод үргэлжлүүлсэн юм. Нийт 25 зохиол тоглолоо. Дөрвөөс бусдыг нь интернэтэд тавьсан. Ардын жүжигчин Ж.Чулууны“Уран Хас” балетын вальс хэсэг, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаас авхуулаад З.Хангалын “Эрдэнэсийн уулс” хүртэл тоглосон. Гадаадын орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс ч бий. Гэргий бид хоёр өглөө босоод, охиноо хооллоод, унтуулахад ажил руугаа гарах хүртэл нэг л цаг үлдсэн байдаг юм. Тэгсэн ч бичлэгээ амжуулдаг байсан. Өглөө бичээд, орой янзлаад интернэтэд байршуулдаг байлаа. Би Солонгост сурч байхдаа нэг ном уншсан л даа. Түүнд хүн ирээдүйн амьдралаа гэрэл гэгээтэй замаар туулах, эсэх нь 0-3 насандаа олж авсан мэдрэмжээс ихээхэн хамаардаг гэж бичсэн байсан юм. Тэгэхээр тэр эерэг мэдрэмжийг эцэг, эхийн хайраас гадна хүн хөгжиж, төлөвшихөд хамгийн их нөлөөтэй хөгжмөөр дамжуулж охиндоо өгье гэж бодсон хэрэг. Хичээж бий болгосныг минь олон хүн олж үзээд, хүүхдүүдийнхээ сайн сайханд зориулаасай гэж бодож байна.
-Таны гаргасан зохиол бүр маш зөөлөн, бүүвэйн дуу шиг. “Амралтын хөгжим” гэсэн ай савд багтаан авч үзмээр ч юм шиг санагддаг. Ингэж тоглоход ур чадвар нэлээд шаарддаг уу?
-Ур чадвар шаардана. Мөн онолын мэдлэг, ялангуяа дүн шинжилгээ хийх чадамж их чухал. Манай Б.Зоригт багш цохивор хөгжмийн чуулгын хүрээний үйл ажиллагаа, шаардлагуудаараа олгосон мэдлэг, дадлын үрээр бид хаана ч, ямар ч ажлыг төвөггүй хийдэг болсон. 2013 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх Залуучуудын олон улсын оркестрт сонгогдож ажилласан минь үүнтэй л холбоотой. Дараа нь Сөүлд их сургуульд суралцах хугацаандаа Чэжүгийн филармонид хоёр жил тоглосон минь бас л багшийн олгосон эрдмийн ач.
-Мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг залуу хөгжимчнөөс “Цалин тань амьдралд хүрэлцэж байна уу” гэж асуумаар санагдлаа.
-Бидэн шиг залуу хүмүүс хоёул хоёулаа төрийн байгууллагад ажиллаж, төсвийн цалингаар амьдрах хэцүү. Тийм болохоор манай эхнэр эгчтэйгээ хамтарч хувийн цэцэрлэг ажиллуулдаг юм. СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн, ховорт тооцогдох меццо сопрано хоолойтой тул дуулах, уран бүтээл хийх ёстой хүн. Манай хүн мэргэжлээрээ ажиллах болно оо. Өнөөдөр соёл урлагийнхны цалин, орлого сайнгүй байна. Хэдий тийм ч уран бүтээл хийх, санаагаа гүйцээх гэсэн зорилго ямагт байдаг. Саяхан надад ажлын боломжийн санал ирсэн ч татгалзчихлаа. Өвөр Монголд ирэх зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд хөгжимчин, дуучин, бүжигчин, морин цирк, орчин цагийн хөгжмийн хамтлаг гээд 100-гаад хүний бүрэлдэхүүнтэй багийг жуулчны баазуудад ажиллуулах юм байна. Баг бүрдүүлж байгаа юм билээ. Намайг хөгжмийн хэсгийг ахалж ажиллаач, тоглоочийн, ахлагчийн, найруулагчийн цалин нийлүүлээд гурван сард бараг 25 сая төгрөг өгье гэсэн юм. Эхнэртэйгээ ярилцаад явахгүй гээд хэлчихсэн. Эхлүүлсэн хөгжмийн зохиолуудаа гүйцээх, гоцлол номеруудаа гаргах гээд олон ажил төлөвлөсөн учраас тэр бүхнээ орхиод явахыг урьтал болгосонгүй.
-Уран бүтээлээ гурван сарын хугацаанд “нухахад” танд энэ хэрийн мөнгө хэн ч өгөхгүй биз?
-Өгөхгүй. Гэхдээ би төлөвлөснөөрөө бүтээлүүдээ гаргачихна.
-Тэгэхээр таны хувьд бүтээл, туурвил үнэ цэнтэй байна, тийм үү?
-Ийм саналаас татгалзах гэдэг нэгэн бодлын тэнэг шийдвэр байх. Гэхдээ бүтээх, туурвих хүсэл дийллээ (инээв).
-Та хөгжим засдаг юм билээ. Байгууллагынхаа гэлтгүй орон нутгийн хөгжимт драмын театруудад очиж цохивор хөгжим засаж, сэлбэж өгсөн. Яагаад тэр вэ?
-Тийм ээ, би заваараа хөгжмийн зэмсгүүд засдаг. БНСУ-д их сургууль төгсөж ирээд Улсын филармонид, тэр дундаа Морин хуурын чуулгад ажиллах хүсэлтэй байсан ч орон тоо байгаагүй. Тиймээс2010-2013 онд ажиллаж байсан юм чинь гээд эндээ орсон. Надад үндэсний найрлын яруу хэнгэрэг, вибрафон, кислофон, цан, том бөмбөр гээд нийт 100 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй зэмсгүүдийг хариуцуулсан. Зэмсгүүдэд засвар, үйлчилгээ нэлээд хэрэгтэй нь харагдсан болохоор янзалж эхэлсэн юм. Надад нэг зарчим бий. Театр гэхээр чуулгаас том, чуулга гэхээр театраас бага гэж боддоггүй. Тийм болохоор орон нутгийн театрууд ч гэсэн хөгжим хэрэгсэл сайтай байх ёстой гэж боддог. Үндэсний урлагийн их театрын хөгжмийн зэмсгүүд муудчихсан байхад аймгуудынх сайнгүй нь ойлгомжтой гэж бодоод засаж өгөхөөр шийдсэн юм. Зөвхөн хөгжим засах биш, хэрвээ тухайн байгууллага зөвшөөрвөл хөгжимчдөд нь боломжоороо хичээл зааж, ур чадварыг нь нэмэгдүүлэхийг хичээдэг. Үүнийхээ төлөө төлбөр авдаггүй.
-Яагаад төлбөр авдаггүй юм бэ?
-Тусалж, дэмжихийг хүсдэг. Замын, байр,хоолны гээд бүхий л зардлаа өөрөөсөө гаргадаг. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт хоёр удаа очиж, хөгжмүүдийг нь зассан. Бас цохиур бэлэглэсэн. Говь-Алтайн “Алтай”, Төв аймгийн “Монгол туургатан” театрт очсон. Консерваторынхоо хөгжмүүдээс бас засдаг. Сургуульдаа сурч байхаасаа тимпан засаж эхэлсэн дээ. Солонгост сургуулийн маань хөгжмийн эрэг боолт суларчихсан байв. Засуулъя гэхэд засварчин дуудна гэлээ. Засварчин хэдэн эрэг чангалаад 200 ам.доллар авна гэхээр нь “Би засъя. Надад 50 ам.доллар байхад болно” гээд зассан. Түүнээс хойш сургуулийн бүхий л хөгжмийг надаар янзлуулдаг болсон.
Би ер нь төвийн, орон нутгийн гэлтгүй, урлагийн байгууллагууд холбоотой байгаасай, бие биеэ боломжоороо дэмждэг, эцэст нь хамтдаа урагшилдаг байгаасай гэж хүсдэг юм. Хэн нэгэнд нь ямар нэг юм дутуу байхад нөгөөхөд нь илүү байж магадгүй. ҮУИТ-ынхан орон нутгийн театруудын уран бүтээлчдэд уран бүтээл, ур чадвар талд тусаллаа гэж бодоход, тэдний зүгээс биднийг аймагтаа сайхан амраагаад буцааж болно шүү дээ. Ер нь учир шалтгаангүй, эх үндэсгүй зүйл байдаггүй юм шиг. Хөгжим бүжгийн коллеждоо сурч байхдаа Б.Зоригт багшийнхаа шаардлагаар хөгжмийн зэмсгүүдээ засдаг байсантай холбоотойгоор хөгжмийн анхны бүтээл “Дайрга”-аа төрүүлсэн юм. Тэр зохиолыг өнөөдөр 13 оронд тоглож байна. 2013 онд Стэнфордын оркестрт тоглож байгаад ирснээс хойш хөгжмийн зохиол туурвих хүсэлд автчихсан. Цохивор хөгжмийн илэрхийллийн боломж өргөн болохоор сэтгэл хөдлөлийн ямар ч шинжийг гаргаж болно л доо.
Аймшгийн, хайрын сэдвээр бичиж болно. Зохиолын санаа бол хакер. Дайрч довтлохын дайрах гэдэг үгнээс ургуулаад ийм нэр үүсгэсэн юм. 2015 онд бичээд байтал Америкаас ирсэн оюутан сонирхож тоглосон л доо. Үүний дараахан нь тэрбээр олон улсын уралдаанд миний бүтээлийг тоглоод түрүүлсэн юм билээ. Энэ үйл явдлын дараа надаас уг бүтээлийг бусад хүн тоглож болох, эсэхийг асуусан. Мэдээж би зөвшөөрсөн. Би өөрөө Хятад, Солонгост нэлээд тоглосон. Солонгост байхдаа цохивор хөгжмийн дэлхийн алдартан Эрик Самоттой таарч, танилцсан юм. Эрик мөн миний тэр бүтээлийг Францад тоглуулъя гээд, ноотыг нь аваад явсан. Бид өөрсдөө зохиолыг нь тоглодог болохоор дуртай зөвшөөрөлгүй яах вэ. Дараа нь дэлхийд эхний тавд бичигддэг алдартай тимпан хөгжимчин уг бүтээлийг Нидерландад тоглуулах болсон. “Дайрга” маань энэ мэтчилэн улсаас улсад аялсаар байна.
-Ганц асуулт үлдлээ. Өнөөдөр манай улсад дан хөгжмийн тоглолт үзэх хүн хэр олон байна вэ?
-Үзэгчид хөгжиж байна. Тэд юу үзэхээ мэддэг болсон.