ЭМГЭНЭЛ
Цэрэнгийн ЦЭДЭН
/1941-2023/
Бидний хайрт аав, халамжит өвөө, хүндэт ах, Монгол Улсын геологи хайгуул, геохимийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад геологич Цэрэнгийн Цэдэн 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр таалал төгслөө. Тэрбээр 1941 онд Улаанбаатар хотын I амаржих газарт Цэрэнгийн анхдугаар хүү болж мэндэлжээ.
1965 онд МУИС-ийг Эрэл зураглалын геологич мэргэжлээр төгсөж, 1967 оноос Монгол, Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн геохими металлогенийн отрядад нийт 23 жил ажиллаад, 1991 оноос гавьяаны амралтдаа гарсан юм. Гэхдээ, Ц.Цэдэнгийн Монгол орны геологи хайгуулын талаарх өргөн мэдлэг, туршлага хэзээ ч тэтгэвэрт гараагүй. Түүнийг уул уурхайн компаниуд зөвлөхөөр урин ажиллуулж ирсэн ба насан хутгийг олох хүртэл орон тооны зөвлөхөөр ажиллаж байлаа.
Ц.Цэдэн нь Монгол, Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн геохими металлогенийн отрядад ажиллах хугацаандаа мезозойн боржинг геохимийн хувьд таван төрөл болгон ангилж, тус бүрийнх нь геохими, хүдэржилтийн онцлогийг тогтоох ажлыг хийлцэж, хойч үедээ судалгааны үнэт архив бэлтгэж өгсөн юм.
Түүнчлэн геологийн судлагдахуунд шинэ эрдэс нээсэн эрдэмтэн нэгэн байлаа. Тодруулбал, Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших Онгон хайрхан уул орчмоос лити, рубиди, цези зэрэг ховор элементийн өндөр агууламжтай, фторлог боржингийн бялхмал төрлийн чулуулгийг шинээр илрүүлж “Онгонит” гэж нэрлэж байсан түүх Ц.Цэдэнгийнх.
Мөн түүний ажилласан хайгуулын экспедиц Лүгийн гол, Ханбогд, Мушугай худаг, Халзан бүргэдэй зэрэг газрын ховор элемент циркон-необины өндөр агуулгатай илрэлүүдийг тогтоосон ба тэдгээрийн судалгаа үргэлжилсээр өдгөө эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ид өрнөж, Монгол Улсын хөгжилд томоохон дэвшил авчрах гараанд ирээд байна. 1988 онд Ц.Цэдэн под отрядын даргаар ажиллаж байхдаа олж илрүүлсэн Лүгийн гол орчмын карбонититын илрэл бүхий ордыг тухайн үед ЗХУ-ын эрдэмтэн, доктор Н.В.Владыкин “Цеденовское проявление” буюу “Цэдэнгийн илрэл” гэж тэмдэглэсэн байдаг.
Хүндэт геологич, геохимийн судалгааны Монголдоо тэргүүлэгч эрдэмтэн Ц.Цэдэнгийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцсан ах дүүс, найз нөхөд, салбарын зүтгэлтнүүд Та бүхэнд гүнээ талархал илэрхийлье.
Үр хүүхдүүд, төрөл төрөгсдөөс нь
2023 оны дөрөвдүгээр сарын 18