МХБ экспортод гаргах нүүрсний анхны арилжааг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд зохион байгуулсан. Үүнээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 640 000, “Энержи ресурс” ХХК-ийн 204 800, “Тавантолгой” ХК-ийн 236 800 тонн нүүрс борлуулжээ. Ингэснээр нэгдүгээр улиралд МХБ-ээр арилжсан нүүрсний хэмжээ 1 081 600 тоннд хүрсэн тухай мэдээлэв.
СЗХ-ны даргын тушаалаар Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, МХБ-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулжээ. Улмаар уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг 12 төрлийн журам шинээр боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгохоор ажиллаж буй аж. Засгийн газраас энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг МХБ-ээр дамжуулан арилжих бодлого баримталж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Б.Сонор