Питсбургийн их сургуулийн социологийн профессор, Үндэсний шинжлэх ухааны сангийн Социологийн хөтөлбөрийн захирал Мелани М.Хьюзтэй ярилцлаа. Тэрбээр улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөллийн байдал, жендерийн квотын хууль, эрх зүйн тогтолцооны чиглэлээр мэргэшсэн судлаач юм.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг парламентаар хэлэлцэж эхэлж буй үед тантай ярилцаж байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нэр дэвшигчдийн дунд аль нэг хүйсийн төлөөлөл 20-иос доошгүй хувьтай байх ёстой. Харин дээрх төслүүдэд уг квотыг 30-40 хувь байхаар тусгасан. Хүйсийн квотыг хуульчлахын ач холбогдол юу болохыг та эхлээд тайлбарлахгүй юу?
-Улс төрд хүйсийн тэгш төлөөллийг хангах хамгийн үр дүнтэй арга бол квотын систем. Үүнийг үр дүнтэй байлгахын тулд бүтэц, дизайн нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ нь муу бол квотын систем хэрэглээд ч бүтэлгүйтэж мэднэ. Нөгөө талаас квот буюу босгыг өндөр тавих шаардлагатай. Учир нь хуулиар тогтоосон квот, цаасан дээрх тоо бодит байдал дээр хэзээ ч хангагддаггүй. 30 хувийн босго тавилаа гэхэд парламентад тухайн хүйсийнхний сонгогдох хувь нь 20 орчим байх жишээтэй.
40 хувийн босго үйлчилж байхад 30-35 хувь нь сонгогдох гэх мэтээр анх нэр дэвшүүлсэн квотдоо хүрдэггүй. Ерөнхийдөө 40 хувийн квотыг өндөр гэдэг ч хүйсийн тэгш байдлыг хадгалахын тулд 50:50 хувийн босго тогтоох ёстой. Үнэндээ 50 хувийн босго тавиад ч хүрдэггүй. Квотдоо хүрч сонгогдсон хоёр л тохиолдол одоогоор байна. Никарагуа улсын парламентад 52, Мексикт 50 хувьтайгаар гишүүдийнх нь хүйсийн төлөөлөл тэгш хангагдсан байгаа юм. Иймд нэгэнт хууль, эрх зүйн орчноо өөрчлөх гэж байгаа бол квотыг аль болох өндөр тавьсан нь дээр. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд 40 хувийн квотыг оруулан батлаасай гэж хүсэж байна.
ЯАГААД КВОТТОГТООЖ БАЙГААВЭ ГЭДГЭЭ САЙТАР УХАМСАРЛАХ УЧИРТАЙ
-Квотын бүтэц, дизайн гэж юуг хэлж байна вэ. Энэ нь ямар байвал зохистой талаар тодруулахгүй юу?
-Юуны түрүүнд, намын жагсаалтад эмэгтэйчүүдийг хэрхэн оновчтой байршуулах вэ гэдэг нь тун чухал. Ингэхдээ хүйсээр нь солбиж буюу хольж жагсаах нь зүйтэй. Үүнийг зебра (алаг тахь) гэх нь ч бий. Хондурас улс гэхэд жагсаалтад эмэгтэйчүүдийн нэрийг оновчтой байршуулснаар парламентад нь энэ хүйсийн төлөөлөл нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомждоо ингэж нарийвчлан тусгах шаардлагатай. Зөвхөн төдөн хувийн квоттой байна гээд заагаад орхичихвол эмэгтэйчүүдийг жагсаалтын төгсгөлд оруулчихдаг. Ер нь квотын системийг хэрэгжүүлэхдээ нэр төдий бус, хуульд заачихсан учраас л мөрдөж байгаа мэтээр хандаж болохгүй. Яагаад квот тогтоож байгаа вэ гэдгээ, суурь зарчим, үзэл санааг нь сайтар ухамсарлах учиртай. Хоёрдугаарт, улс орныхоо онцлогт тохируулан хэрэглэх нь чухал. Сонгуулийн тогтолцоо, квотын систем хоёр нийцэх ёстой. Өөр улсад амжилттай хэрэгжиж байгаа хувилбар Монголд тохирохгүй байж болно гэсэн үг.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд сонгуулийг холимог тогтолцоо (мажоритар 50: пропорциональ 50)-гоор явуулахаар тусгасан. Ийм тогтолцоотой үед хүйсийн квотыг 40 хувиар батал балУИХ-д хэдэн эмэгтэй сонгогдох бол. Та тооцож үзсэнүү?
-20 орчим эмэгтэй сонгогдож магадгүй. Сонгуулийн тогтолцоо нь холимог учраас тэр шүү дээ. Улс даяар 100 хувь пропорциональ тогтолцоогоор явуулбал эмэгтэйчүүдэд илүү ээлтэй байна. Өөрөөр хэлбэл, холимог хувилбарыг сонгосон тохиолдолд пропорциональ тогтолцоо нь эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад илүүтэй хувь нэмэр оруулдаг. Нөгөө талаас мандатын хуваарилалт маш чухал. Жишээ нь, гурван мандаттай тойрог байлаа гэхэд нэг нь эмэгтэй байх боломжтой. Хоёр мандаттай бол нам, эвслээс нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа тэнцүү байх зарчим баримтлах зэргээр бүсгүйчүүдийг дэмжвэл тэдний төлөөлөл 38 хувьд хүрч болох юм.
МОНГОЛ УЛС ПОСТКОММУНИСТ ОРНУУДААС Ч ХОЦОРЧ БАЙНА
-Манай улс парламентын есдэх удаагийн ээлжит сонгуулиа ирэх жил хийх гэж байна. Энэ хугацаанд хүйсийн квотыг 30 хувь байхаар хоёр удаа баталсан ч хэрэгжүүлээгүй. Сүүлийн сонгуулиудад л 20 хувийн квот ашигласан. Үүнийг намууд босго биш, тааз болгон мөрдөж ирсэн гэхэд болно. Үр дүнд нь эмэгтэйчүүд УИХ-ын гишүүдийн 17 хувийг эзэлж байна. Манайх шиг ийм ээдрээтэй, эргэж, буцсан, эмэгтэйчүүдэд ээлгүй замыг хэр олон улс туулсан байдаг бол. Шийдвэргаргах түвшинд тэгш төлөөлөлтэй болох хүртлээ улс орнууд ямар хугацаа зарцуулдаг юм бэ. Тэдэнтэй харьцуулахад манайх хэр хурдтай явж байна вэ?
-Квотын системийг өөрчлөх нь тийм ч ер бусын зүйл биш л дээ. Дэлхийн улсуудын бараг тал нь үүнийг хэрэглэж байгаа. Мөн квотын системтэй орнуудын тэн хагас нь үүнийгээ өөрчилж ирсэн. Ингэхдээ квотын хувь, хэмжээг багасгах бус, нэмж, сайжруулж буй. Жишээ нь, Монголд 20 хувийн квот үйлчилж байгаа нь маш хоцрогдсон, дэлхийн дунджаас ч доогуур босготой байгааг нь хэлж буй хэрэг. Олон улсын дундаж төдийгүй посткоммунист орнуудтай харьцуулахад ч хоцорч яваа.
-Хоцроод байгаа шалтгааныг нь та юу гэж хэлэх вэ?
-Сонгуулийн тогтолцоотой холбоотой. Монгол Улс өнгөрсөн хугацаанд ихэвчлэн мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэн. Харин посткоммунист орнуудын дийлэнх нь пропорциональ тогтолцоог хэрэглэж байна. Ингээд зогсохгүй тэдгээр орон квотын систем нэвтрүүлсэн байдаг. Танай улс үүнээс үлгэр аваасай гэж хүсэж байна.
-Бидний 30 гаруй жил хэрэглэж ирсэн мажоритар тогтолцоо яагаад төлөөллийг тэгш хангадаггүй, эмэгтэйчүүдэд ээлгүй байдгийг тайлбарлахгүй юу?
-Мажоритар тогтолцоотой үед намууд нэр дэвшигчийн жагсаалтыг гаргахдаа гарцаагүй ялж чадна гэсэн хүмүүсээс бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид нь хүн амын төлөөллийг хэрхэн хангаж байна вэ гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тиймээс ч зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй нийгмийн бүх бүлгийн төлөөлөл мажоритар тогтолцооны үед парламентад хамгийн бага байж ирснийг дэлхийн туршлагаас харж болно. Уг нь эмэгтэйчүүд ялж чадна гэдэгт намын удирдлага нь чин сэтгэлээсээ итгэдэг байх ёстой. Сонгогчдын хувьд эрэгтэйчүүдийг илүүтэй дэмжих хандлагатай байдаг гэдэг ч үүнийг батлах баримт, судалгаа байдаггүй.
Харин пропорциональ тогтолцоотой үед намын жагсаалтад нийгмийн бүлгүүдийн төлөөлөл илүүтэй тусгалаа олж чаддаг. Үүний сацуу сонгуулийн тогтолцооны дотоод төлөвлөлт, бүтэц, дизайныг нарийвчлан хуульчлах нь чухал гэж хэлээд байгаа юм.
-Үнэндээ манайд тэгш төлөөлөл гэдгийг юуны түрүүнд эмэгтэйчүүдийн л асуудал гэж ойлгодог. Нийгмийн бүх шатанд бүлгүүдэрх тэгш оролцоо, төлөөлөлтэй байхын ач холбогдол юу юм бэ?
-Жендер гэдгийг ердөө л эмэгтэйчүүдтэй холбож ойлгох хандлага зөвхөн Монголд ч байгаа юм биш л дээ. Уг нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүйсийн хувьд бүгд л эрх тэгш байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь нийгмийг манлайлж, тэргүүлэх вэ гэсэн уралдаан биш. Энэ бол ердөө л хүний эрхийн суурь асуудал шүү дээ. Нийгмийн бүлэг болгоны дуу хоолойг сонсож, саналыг нь харгалзан үзэх ёстой. Жишээ нь, Монголд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бараг 10 жилээр бага байдаг юм байна. Боловсролын хувьд ч тэр эмэгтэйчүүд дээгүүр байгаа үзүүлэлт харлаа. Энэ нь бүсгүйчүүд зарим талаар эрчүүдээс илүү байна гэсэн үг. Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдээ дэмжих нь хүн амынхаа талд нь хөрөнгө оруулж буйгаас өөрцгүй шүү дээ.
НАМ ДОТОРХ ТОМИЛГОО НЬ НУУЦЛАГ БАЙХ ТУСАМ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БАГАСДАГ
-Тэгш төлөөллийгхангахынтулднэрдэвшигчдэдхүйсийнбосго тогтоохоосөөрямарүрдүнтэй арга байна вэ?
-Монгол Улсын парламент Улс төрийн намын тухай хуулиа бас шинэчлэх гэж байгааг дуулсан. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд улс төрийн намын дэмжлэг маш чухал. Тэднийг дэмжихээ нам нь, тэр тусмаа удирдлага нь олон нийтэд ил тод зарлах шаардлагатай. Үүнд санхүүгийн дэмжлэг ч багтана. Жишээ нь, тэднийг сонгуулиар нэр дэвшүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ сонгогдох магадлал бага, хэцүү тойрогт илгээхээс зайлсхийх ёстой. Мөн чадна, сонгогдоно гэдгийг нь эмэгтэйчүүдэд, өөрсдөд нь ойлгуулж, итгүүлэх нь чухал. Зөвхөн улс төрийн гэлтгүй төрийн бусад өндөр, дээд албан тушаалд ажиллах сонирхол бүсгүйчүүдэд байдаг ч нам нь дэмжихгүй байх гэж бодож цааргалдаг. Намын дотоод албан тушаалд ч эмэгтэйчүүдийг томилох боломж, нөхцөлийг дүрмээрээ дамжуулан бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журам нь ил тод, нээлттэй, ардчилсан байх шаардлагатай. Нам доторх томилгоо нь нууцлаг, хөшигний ард байх тусам эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах магадлал багасдаг. Энэ нь зөвхөн бүсгүйчүүдэд ч биш, улс төрийн талбарт төлөөлөл багатай бусад бүлгийнхэнд ч хамаатай.
Тиймээс нам дотооддоо баримтлах квоттой байх нь зүйтэй. Тэр нь өдгөө УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тогтоосон 20 хувийн квотоос өндөр байвал илүү үр дүнтэй. Ингэж сайн дураар тогтоосон квот нь ямар нөхцөлд амжилттай хэрэгжих боломжтойг эхэнд дурдсан. Эдгээрээс эрх баригч намынхан үүнийг ягштал баримтлах нь тун чухал. Мөн эмэгтэйчүүдийн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх механизмыг намдаа бий болговол үр дүнтэй. Тухайлбал, сонгуулийн санхүүжилтийг нь эртнээс “босгон”, сурталчилгаа хийх, нэр хүндээ өсгөн, таниулахад нь олон талаар дэмжиж, тэднийг чадавхжуулах сургалт, арга хэмжээ зохион байгуулж болно шүү дээ. Эцэст нь жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр батлан хэрэгжүүлсэн дүрэм, журам, төлөвлөгөөгөө хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, хянуулдаг байж ахиц гарна. Олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд энэ чиглэлээр хяналт, аудит хийх үнэлгээ, аргачлалтай байдаг юм шүү.
-Та манай улсынтогтолцоо, онцлогийгхаргалзанзөвлөмж өгөхгүй юү?
-Хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь эдийн засгийн хөгжилтэй шууд хамааралтай биш. Мөн ардчилал хөгжсөн, эсэх ч төдийлөн хамаагүй. Гэхдээ хүйсийн тэгш төлөөллийг хангаснаар тухайн улс дахь тогтолцооны болон соёлын шинжтэй саад, бэрхшээл арилах суурь бүрддэг. Жишээ нь, шийдвэр гаргах түвшин төдийгүй боловсрол, хөдөлмөр эрхлэлт гээд олон талаар эрэгтэйчүүд давамгайлсан улс оронд хууль, эрх зүйн эрс шинэчлэл хийж байж л эерэг өөрчлөлт бий болдог. Түүнчлэн Монголын улс төр дэх мөнгөний нөлөө маш их, санхүүжилт сайтай нь сонгогдох боломж өндөртэй байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд томоохон бэрхшээл болж буй.
Эцэст нь хэлэхэд, “нэг сумаар олон туулай буудах” боломжгүй. Тулгарч буй асуудал, бэрхшээл бүрийн шалтгааныг тогтоож, холбогдох арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, эхлээд квотоо баталчих. Ингээд эмэгтэй нэр дэвшигчдэд тулгардаг асуудлуудыг эрэмбэлэн, шийдвэрлэх арга хэмжээг нь ээлж дараалан, тууштай хэрэгжүүлбэл илүү амжилтад хүрнэ.