Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентад өргөн мэдүүлэхээр тогтов. Өнгөрсөн аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш тус компанийн санхүүгийн байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн ч хүрсэн үр дүнгээ тогтвортой хадгалах, сайжруулахын тулд онцгой дэглэмийг сунгахаар болж буй аж. УИХ дээрх тогтоолыг баталж, онцгой дэглэмийг сунгавал олон улсын байгууллагаар “Эрдэнэс Тавантолгой”-д аудит хийлгэх үүрэг өгсөн байна.
Эл шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол”-ын 32 охин компанийн ТУЗ-д 270 гишүүн ажиллаж байсныг 43 болгож цөөллөө. Тухайлбал, толгой компанийн ТУЗ нь 11, “Эрдэнэс Тавантолгой”, “Шивээ Овоо”-гийнх тус бүр ес, “Багануур”-ынх 11 гишүүнтэй ажиллана. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ойрын үед ТУЗ-ийн гишүүдийг сонгох нийтлэг журмыг хэрэгжүүлж, тоог нь эрс цөөрүүлнэ. Ингэснээр нэг хүн ТУЗ-ийн гишүүний эрхийг олон газарт хэрэгжүүлж байгаа явдлыг таслан зогсоох юм. Мөн тэднийг тогтмол цалинтай ажиллуулахгүй. Ажлын хөлсийг нь цагаар тооцож олгохоор шийдвэрлэсэн” гэв.
Ташрамд дурдахад, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Мөн “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Хуланг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар томилсон байна.
Бэлтгэсэн: Б.Уран