Өмнөд бүсийн уул уурхайн болон “Оюутолгой” төслийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Тавантолгой ДЦС-ын төслийг 300+150 MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжид 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулна гэдгийг Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа салбарын сайд мэдэгдэв. Эл төслийг санхүүжүүлэх талаар бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэлхийх, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгасан байна. Дээрх төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйлажиллагааны зардлыг хариуцаж, Хөгжлийн банкнаас энэ төсөлд олгосон зээл, хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д даалгажээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Хуралдаанаар Тавантолгой ДЦС-ын төслийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Эл тогтоолоор дөрвөн шийдвэр гаргасан. Тавантолгой ДЦС-ыг 3*150 МВт-ын хүчин чадалтай барих ТЭЗҮ бий. Эхний ээлжид 300 МВт-ын хүчин чадалтай эх үүсвэрийг барьж, хэрэглээ тогтмолжих үед 150 МВт-ын гурав дахь блокийг нь ашиглалтад оруулах шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, станцын тендерийг түлхүүр гардуулах нөхцөлдээр нэмээд санхүүжилтийг нь гаргах загвараар (EPC+F) зарлахаар боллоо. Урьдчилан тооцоолсноор 300 МВт-ын хүчин чадалтай эх үүсвэр барихад 600 орчим сая ам.долларын хөрөнгө шаардлагатай. Үүний 70 хувийг тендерт шалгарсан компани, үлдэх 30 хувь буюу 180 сая орчим ам.долларыг гурван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлнэ. Станцыг гэрээ байгуулснаас хойш гурван жилийн дотор ашиглалтад оруулна гэж тооцож байна. Төслийн санхүүжилтийг станцыг ашиглалтад оруулснаас хойш таван жилийн хугацаанд төлөх ехник, эдийн засгийн тооцоолол гарсан” гэв. Уг станцаас “Оюутолгой” компанид жилд 1.3 тэрбум кВт/цаг эрчим хүчийг нэгжийг нь 9.6-11 центээр нийлүүлэхээр буй аж. Цаашид гурав дахь блокийг барьсан үед “Оюутолгой” төслийн үйл ажиллагаанд шаардлагатай эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэх гэнэ.
Салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Эгийн голын УЦС-ын төслийн явц хүндрэлтэй байгаа. Уг станцыг барихыг хойд хөрш эсэргүүцэж ЮНЕСКО-д гомдол гаргасан. Ирэх зургадугаар сард болох Санкт-Петербургийн эдийн засгийн форумд намайг урьсан. Тус форумын үеэр дээрх станцтай холбоотой маргаантай асуудлыг эвийн замаар шийдэх саналыг ОХУ-д тавьсан. Тэр үед тодорхой үр дүн гарна гэж найдаж байгаа” хэмээсэн юм. Түүнчлэн тэрбээр “Манай улсын төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 4.8-6.4 хувиар өсөж буй. Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон нь үнэн. 2022-2023 оны өвлийн улирлыг эрчим хүчний салбарынхан бүх нөөц бололцоогоо шавхаж байж давлаа. Ирэх өвлийг давах төлөвлөгөөгөө гаргаж байна. Эхний ээлжид “Сонгино” дэд станцад 80 МВт-ын цэнэг хураагуур ашиглалтад оруулна. ӨМӨЗО-оос 1-2 жилийн хугацаанд эрчим хүч импортлох зайлшгүй шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. ӨМӨЗО-ы эрчим хүчний системийн мэргэжилтнүүд ирэх сард Монгол Улсад ирж ажиллан, техникийн бололцоог хамтарч судлахаар тохиролцсон. Ямартай ч 2023- 2024 оны өвлийн оргил ачааллыг эрчим хүчний салбарынхан давна” гэв.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны 2014 оны тайланд Засгийн газраас тус банкаар дамжуулан 50 сая ам.долларын санхүүжилт олгохыг зөвшөөрсний дагуу Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн үйлажиллагааны зардал болон судалгаа шинжилгээний ажил, зөвлөхүүдийн төлбөрт зориулж 14.8 сая “ногоон” олгосныг дурдаж байв. Дээрх төслийн нэгж нь 2014 онд хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, дараа жил нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгон ажлыг эхлүүлж, 2017 онд цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн дээрх тайланд тэмдэглэсэн юм. Түүнчлэн аль 10 жилийн өмнө буюу 2013 оны долдугаар сард Засгийн газраас Тавантолгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай тогтоол гаргаж байсан билээ.