“Төрийн албанд өнгөрсөн онд 7178 хууль бус томилгоо хийсэн. Тухай бүрт нь Төрийн албаны зөвлөл арга хэмжээ авч, хуулийг сахин мөрдүүлж чадаагүйгээс төр хохирох нөхцөл бүрдлээ” гэх мэдээлэл цахим орчинд саяхан тархсан юм. Энд дурдсан тоо нь сүүлдээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр 6000 болж хувирсан билээ. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр эрүүл мэнд, цаашлаад компаниуд дампуурлаа зарлаж буйг ч “Ковид” руу “чихэх” болсон. Эл жишгээр хууль бус 6000 албан хаагчийн томилгоонд цар тахлыг буруутгасаар байгаа юм. Мэдээж төрийн албанд хууль зөрчсөн асуудал байгаа бол цэгцэнд нь оруулах нь зүй ёсны хэрэг. Гэвч Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлөөс олон нийтэд өгч буй мэдээллүүд илт зөрүүтэй байгаад л асуудлын учиг байна. Угтаа Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хэрэгжүүлж, үүний хүрээнд нийт 2808 иргэнийг сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилсон. Хуулийн хүчин төгөлдөр хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болохоос өмнө 794 хүнийг чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолын дагуу 823 иргэн ажлаас чөлөөлөгдөж, холбогдох журмын дагуу шалгалт өгөөд, буцаад ажилдаа орсон. Харин 696 нь бүрэн чөлөөлөгдсөнийг эл зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн мэдээлсэн юм.
Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүнээс тэс өөр, илүү өндөр тоо хэлж байв. Тэрбээр “Ковид”-ын үеэр хууль зөрчин томилогдсон 6000 орчим албан хаагчийг ажлаас чөлөөлөх тул төрийн байгууллагын удирдлагуудыг энэ сарын 10-ны дотор мэдээллээ нэгтгэн ирүүлэхийг үүрэг болгосон. Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн тооноос даруй 3192-оор олон хүнийг хэн, хаанаас томилов. Төрийн албаны зөвлөл нь мэдээгүй гэхээр тус байгууллагаар дамжилгүйгээр томилгоо хийв үү. Хэрэв тийм бол Төрийн албаны зөвлөлийн хэрэг байна уу. Мөн цаашлаад иргэд ч төрийн албаны шалгалт өгөх шаардлага бий юү гэсэн асуулт урган гарч байна.
БАГА, ДУНД ШАТАНД АЖИЛЛАХ ХҮН ХОВОРДЖЭЭ
“Төрийн жинхэнэ албан хаагчийн шаардлага хангаагүй, хууль бусаар томилогдсон хүмүүст мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл авснаас хойш 30 хоногийн дотор зөрчлөө арилгах хуулийн хугацаа бий. Өөрөөр хэлбэл, дээд боловсролтой, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн өвчин, эмгэггүй, хувийн ашиг сонирхол, урьдчилсан мэдүүлгээ АТГ-т хүргүүлж, асуумжаа хянуулсан, эсэх гээд Төрийн албаны хуульд заасан шаардлагыг хангаагүй бол ажлаасаа чөлөөлөгдөнө. Энэ талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэж ЗГХЭГ-ын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Сувдмаа хэллээ.
Хууль бусаар томилогдсон 6000 хүний тоонд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрынхан ч бас багтсан юм биш биз. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд Хяналтын тухай хуулийн 16.1, 16.7-д заасныг үндэслэн, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулж, орон тооны дээд хязгаарыг 150 байхаар тогтоосон билээ. Түүнчлэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нь төрийн өмчит 11 компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажилладаг тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй. Цаашлаад цэрэг, цагдаа зэрэг төрийн тусгай албанд ажиллагсад хуулийн дагуу эрт тэтгэвэр тогтоолгоод үргэлжлүүлэн төрийн захиргааны байгууллагуудад ажилласан тохиолдол ч нэлээд гардаг. Энэ мэтчилэн тэтгэврийнхэн хийгээд дарга нар олон газраас цалин авч, орон тооны давхардал үүсгэсэн гэх мэдээлэл ч бий.
Гэтэл цалин бага, дарамт шахалт ихтэйгээс төрийн албаны дунд, доод шат болон орон нутагт ажиллах хүн олддоггүй. Төрийн албаны дунд шатанд ажиллаж буй нэгэн албан хаагч “Ажлаа аз жаргалтай хийх боломж өдрөөс өдөрт үгүй болж, унтарч байна. Удаан ажиллавал улам л хаагдмал, баригдмал болж, үг хэлэх эрх чөлөөгүй болох нь. Ажлаасаа гармаар байна” хэмээн өгүүлэв. Төрийн албаны тухай хуулийн 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэжээ. Гэвч энэ нь бодитоор дунд, доод шатныханд үйлчилдэггүйн илрэл нь дээрх албан хаагчийн сэтгэл дундуур байдал юм.
“МОНГОЛ ТӨРД ЧАДВАРТАЙ ЗАЛУУ ОЛОН БАЙГАА”
УИХ-ын чуулганы энэ сарын 6-ны нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцсэн юм. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Ганбат “Төрийн албанд 225 000 хүн ажилладаг. Төрийн өмчит хувьцаат компаниудаа оруулбал бүр замбараагүй тоо гарах нь. Төрийн албаны зөвлөлөө татан буулга, энэ байдлаараа удаан үргэлжилбэл ирээдүй алга” гэж шүүмжилсэн бол Б.Энхбаяр “Төрд ажиллаж байгаа жинхэнэ мэргэшсэн албан хаагч нараа хавтгайруулж, чичилж ярьмааргүй байна. Монгол төрд чадвартай олон залуу байгаа. Тэдний урмыг хугалж болохгүй. Энэ бүхнийг харлуулж байгаа нэг асуудал нь шударга бус байдал. Яг ажил хийдэг хэдхэн хүндээ ачаа үүрүүлээд, өөрсдөө юу ч хийхгүй цалингаа аваад явдаг хүмүүст төрийн албан хаагчид сэтгэл дундуур байна” гэж хэлсэн. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албанд 1000 гаруй хүн хууль бусаар томилогдсон гэсэн ч өнөөдөр 6000 гэсэн зөрүүтэй мэдээлэл гарч ирлээ. Нам, бүлэглэл, хэсэг бүлгийн эрх ашгийг төлөөлсөн зарим хүн төрийн албаны нэр хүндийг унагаж байна. Монгол төрийн албыг аль ч нам, эвслийн үед дампууруулж ирснийг таслан зогсоох ёстой. Тиймээс Төрийн албаны ёс зүйн тухай хуулиа яаралтай баталж, цэвэр сонгон шалгаруулалтын засаглал тогтооно” гэдгээ мэдэгдэв. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилоход Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглох тухай заалт бий. Гэвч энэ заалтыг зөрчин эрх мэдэл, танил талаа ашигласан хэвээр байгааг УИХ-ын дарга нь ийн хүлээн зөвшөөрсөн юм.
ЭХНИЙ ЭЭЛЖИД ХУУЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ХЭСГИЙГ ЧӨЛӨӨЛНӨ
Төрийн албаны зөвлөл нь 2808, ЗГХЭГ нь 6000 гэх зөрүүтэй тоо хэлж, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэлд өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан цэг тавилаа. Д.Амарбаясгалан “Монгол Улсын төсвийн тухай хуулийг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлахдаа тэтгэвэр авч буй хүнийг төсвөөс цалинжуулахгүй байхаар заасан. Гэтэл одоогоор 6161 төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан ч төсвөөс цалинжиж байгаа нарийвчилсан мэдээллийг гаргаж авлаа. Мөн 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгочихоод цалингаа авч буй мэдээ гарч ирлээ. Үүнийг таслан зогсоосон тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно. Нөгөө талаараа 6000 мэргэжлийн залуу боловсон хүчин ажиллах боломж бүрдэж байна. Гэхдээ 6161 хүн бүгд хууль зөрчсөн гэж хэлэхэд хэцүү. Орон нутагт, нийслэлийн захын дүүрэг, хороодын түвшинд мэргэжлийн боловсон хүчин олдохгүйн улмаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг урьж ажиллуулж буй. Намаас томилогдсон, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн зарим хүн, улстөрчдийн зүгээс ч санал, гомдол ирж байгаа.
Намын эрх ашгаа бодоод төрийн ажлыг хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Харин төрийг цэвэрлэх, хариуцлагатай болгох нь эсрэгээрээ МАН-ын үндсэн эрх ашиг байна” гэж мэдэгдлээ. “Эхний ээлжид хуулийн энэ зөрчилтэй хэсгийг чөлөөлнө. Дараа нь иргэд, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээс мэдээлэл авч, үлдсэн хэсэгт бас хариуцлага тооцох болно. Нөгөөтээгүүр, “шүүр” ажиллагаанаас болж төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлэх, ажил хийдүүлэх явдал мэр сэр гарч байгаа. Энэ үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн төрийн албан хаагчдын эрхийг сэргээх ажлыг давхар хийнэ” гэлээ. Түүний ийнхүү мэдээлснээс ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн зөрүүтэй тоо дээрх тэтгэвэрт гарсан 6161 хүнээс үүдэлтэй байх нь. Уг нь төрийн албаныхны мэдээлэл ойлгомжтой, тодорхой, ямар нэгэн сэжиг таамаггүй байх ёстой. Гэтэл төрийн гол хоёр байгууллага нь нэг сэдвээр огт өөр зүйл ярьж, төрийн албан хаагчийн тоогоор “тоглож” байгаа нь хачирхалтай. Ажлаа хийж байгаа жирийн албан хаагчдад ч төөрөгдүүлсэн энэ мэдээлэл дарамттай байгааг ярьж буй юм. Юутай ч шаардлагагүй орон тоог чөлөөлж, хууль бусаар төрийн албанд орсон иргэдийн мэдээллийг нэгтгэж, эцсийн дүн гартал ЗГХЭГ-аас долоо хоног бүр олон нийтэд нээлттэй мэдээлж, үр дүнг бодитой хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.