НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутгийн хөтөлбөрийн сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашемитай ярилцлаа. Тэрбээр сонгуулийн бодлогын асуудлаар мэргэшсэн зөвлөх бөгөөд 2014 оноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Арабын орнуудын бүсийн оффист ажиллаж буй аж.
-Энэ удаагийн форумаас манай төр, засгийн болон улс төрийн намуудын удирдлага шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах чиглэлд юуг баттай хэрэгжүүлнэ гэж амлаасай хэмээн хүсэж байна вэ. Таныг ямар хүлээлттэй ирснийг сонирхож байгаа юм.
-“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт”-д талууд гарын үсэг зурсан нь томоохон алхам юм. Ер нь аливаа ажлыг хийхэд хуучинсаг хандлага, сэтгэлгээ, хэвшмэл ойголт хамгийн их саад учруулдаг. Иймд намууд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахын тулд эмэгтэйчүүдийг дэмжих нь зүйтэй, энэ нь улс орон, төр, засагт ч хэрэгтэй гэдгийг дотооддоо төдийгүй ард иргэддээ ухуулж, таниулах хэрэгтэй. Монгол Улсын хувьд квот болон сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн талаар нийгмээрээ идэвхтэй ярилцаж байна. Үүний тухайд огт авч хэлэлцдэггүй улс орон ч байдаг шүү дээ. Тиймээс нийтээрээ ярилцаж, хүлээн зөвшөөрсөн квот, босгыг тогтоох хэрэгтэй. НҮБ болон бусад улс орны зүгээс “Танайх тэг, ингэ” гэж зөвлөмж өгөхгүй ч хүйсийн тэгш байдлыг 50:50 хувьд хүргэх хандлага руу олон улс чиглэж байгаа. Ингэхдээ тухайн орны үндэсний хэмжээний зөвшилцлөөс ихээхэн хамаарах чухал асуудал болохыг дахин тэмдэглэе. Улсууд 20, 30, 40 хувь гээд квотыг янз бүрээр л тогтоож байна. Нөгөө талаас босгыг гэнэт 50 хувь болгочихвол “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэдэг шиг асуудлыг бүр хурцатгаж, илүү олон саад, бэрхшээлтэй тулгарч мэднэ. Өөрөөр хэлбэл, квотыг хамгийн зохистой хэмжээнд тогтоож, нийтээрээ зөвшилцөж байж гаргасан, хэрэгжихүйц босгоо л хэрэглэх шаардлагатай. Мөн намууд дотооддоо, бүх шатны албан тушаалдаа хүйсийн тэгш байдлыг харгалзан томилгоо хийгээсэй. Одоогоор Монголын парламентад эмэгтэйчүүд ямар бага хувийг эзэлж байгаа билээ, түүн шиг намуудынх нь удирдах түвшинд энэ хүйсийн төлөөлөл цөөн байна шүү дээ.
-Квотыг гэнэт өндөр тогтоох нь бас эрсдэлтэйг хэллээ. Босгыг нь өндөрсгөх гэхээр манайд бэлтгэгдсэн эмэгтэй байхгүй, нөөц нь хангалтгүй гэж ярих хүмүүс бас бий. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-Тэгж ярьдаг л юм. Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал 200 орчим улсаас бараг тал хувь нь квотын системийг үр дүнтэй хэрэглэж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл ч нэмэгдэж байгаа. Ер нь улс төрийн талбарт ажиллах нь сансрыг шинжлэн судлахтай адил зүйл биш шүү дээ. Ямар пуужин бүтээх гэж байгаа биш (инээв). Улс төрийн салбарт өрсөлдөхөд ямар ч онцгой ур чадвар шаардлагагүй. Улс төрийн талбарт ажиллана гэдэг чинь улс орон, нийгмийнхээ нөөц баялгийг хэрхэн зохистой удирдаж, тулгарсан бэрхшээлийг яаж даван туулах вэ гэдэгт л хариулт өгөхийн нэр шүү дээ. Тэгвэл энэ ажлыг хийхэд эрэгтэйчүүд бэлэн юм уу. Улс төрд эрэгтэйчүүд олноор хүч үзэж байгаа нь тэд эмэгтэйчүүдээс илүү чадвартай гэсэн үг биш. Харин эмэгтэйчүүдийг дэмжихийн тулд манлайллын сургалтаар дамжуулан мэдлэг, ойлголтыг нь дээшлүүлэх гэх мэт олон арга хэрэгсэл бий. Эмэгтэйчүүд нийгэм, аливаа олон нийттэй тун ойр ажилладаг. Үүнийгээ ашиглавал бүр ч үр дүнтэй.
-Эмэгтэйчүүд идэвхтэй, хүчтэй ч манлайлж чадахгүй байна. Тэднийг нийгэмд эрх тэгш амьдарч, шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөлөлтэй байх ёстойг нь яаж итгэн үнэмшүүлэх нь зүйтэй вэ?
-Ер нь шийдвэр гаргах түвшинд дан ганц эмэгтэй ч гэлтгүй нийгмийн бүх бүлгийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй л дээ. Тиймээс эрэгтэйчүүд давамгайлсан тогтолцоо бүрдэж, зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг, байр сууринаас аливаа асуудалд хандаад байгаа юм. Уг нь бодлого, хуулийн талаар ярьж, баталдаг ширээний ард тэд эрчүүдтэй мөр зэрэгцэн суух ёстой. Тэгж байж л нийгмийн хөгжил урагшилж, бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрддэг. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарын амьдралд эрэгтэйчүүд ч ижил тэгш оролцох ёстой. Эмэгтэйчүүд өөрсдөө асуудлын ард үлдэх бус, ил гарч, ямар хүч, боломж байгаагаа харуулан, бодитой оролцох нь чухал.
-Манай парламент УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд бараг бүхэлдээ мажоритар буюу тойргоос гишүүдээ сонгож ирсэн тогтолцоог халж, ирэх сонгуулийг холимог хувилбараар явуулах төсөл боловсруулаад буй. Ингэж мажоритар болон пропорциональ тогтолцоог 50:50 хувьтай хослуулах нь манай улсад хэр үр дүнтэй бол?
-Ингэж өөрчилж байгаа нь сайшаалтай. Төр, засгийн үйл ажиллагаа ямар байх вэ гэдгийг тодорхойлдог суурь ойлголт нь сонгуулийн тогтолцоо юм. Улс орнууд янз бүрийн хувилбар хэрэглэдэг ч төгс төгөлдөртогтолцоо гэж үгүй. Өөрсдөдөө тохирох хэлбэрийг нь сонгож хэрэгжүүлэх нь л чухал. Пропорциональ тогтолцоог олон талаар үнэлдэг. Тухайлбал, нийгмийн олон талын төлөөллийг тэгш хангах ач холбогдолтой гэж үздэг юм. Хэдийгээр маш олон тогтолцооноос тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх нь зохимжгүй ч улс орнуудын туршлагаас харахад пропорциональ тогтолцоо төлөөллийг илүү хангадаг гэдэг утгаараа давуу талтай.
-Монголын хувьд эмэгтэйчүүд улс төрд өрсөлдөж, нэр дэвшихэд ихээхэн зардалтай. Маш их хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг нь бүсгүйчүүдийн хувьд хаалт болдог. Үүнийг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Эмэгтэйчүүд өөрсдөө улс төрд хүч үзэж, дотор нь орж ажиллаж байж л үүнийг арилгана. Улс төрд мөнгөний нөлөө хүчтэй байгаа нь зөвхөн Монголд илэрсэн гажуудал ч биш юм. Сонгуулиа асар их зардлаар хийж байгаа орны улс төрийн салбар нь буруу тийшээ явж буй.