Манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 15.02 сая тонн нүүрс экспортолсон дүн гарчээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.32 сая тонн буюу 4.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг УУХҮЯ-наас мэдээлэв. Ингэснээр уг таваарын экспортын гүйцэтгэл эхний гурван сар гаруйн хугацаанд 41.2 хувьд хүрээд байна. 2023 оны 1-3 дугаар сард манай улсын нийт экспорт 3.76 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Үүний дийлэнх буюу 59.6 хувийг (2.24 тэрбум “ногоон”) нүүрсээс бүрдүүлсэн юм.
Эргэн сануулахад, Монгол Улс цар тахал тархахаас өмнө буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрсийг 3.07 тэрбум ам.доллароор экспортолсныг Үндэсний статистикийн хорооны цахим хуудаснаас харж болохоор байна. Тэгвэл дараа жил нь 28.6 сая тонн нүүрсийг 2.12, 2021 онд 16.1 сая тонныг 2.77, өнгөрсөн жил 31.8 сая тонныг 6.5 тэрбум “ногоон”-оор нийлүүлсэн дүн бий. Төсөвт энэ онд 36.5 сая тонн нүүрс экспортолно хэмээн төсөөлсөн юм. Уг бүтээгдэхүүний экспортын талаар “Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал, БНХАУ-д өнгөрсөн сарын эцэст болсон, коксжих нүүрсний олон улсын чуулганд оролцоод ирсэн Ж.Золжаргалаас тодруулахад “Урд хөрш жилд 60-70 сая тонн коксжих нүүрс импортолдог. Өнгөрсөн жил 64 сая тонныг худалдан авсан бол энэ онд эл дүн 77 саяд хүрэх төлөвтэйг мэргэжилтнүүд нь танилцуулсан. БНХАУ энэ жил манай улсаас 35 орчим сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй” хэмээн өгүүлэв. Мөн тэрбээр “Хилээр нэвтрүүлэх хүчин чадал бага тул эрчим хүчний нүүрсний экспорт төдийлөн нэмэгдэхгүй, энэ онд 4-5 сая тонныг нийлүүлэх болов уу. Өмнөд хөрш коксжих нүүрс авах илүү сонирхолтой” гэлээ.
Түүнчлэн 2023 он гарснаас хойш манай улс 356.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс найман хувиар илүү гэсэн үг. Мөн дээрх хугацаанд 1.38 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 100.6 хувиар өссөн үзүүлэлт болов. Төвбанк энэ сарын 6-ны байдлаар 2.65 тонн алт худалдан авсан гэнэ. Улмаар Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэл дунджаар 32 хувьд хүрчээ. Тухайлбал, зэсийн баяжмалынх 27.7, төмрийнх 16.5, алтных 13.3, газрын тосных 18.8, цайрынх 59.9, хайлуур жоншных 46.7 хувьд хүрсэн байна. Сонирхуулахад, өнгөрсөн 1-3 дугаар сард Монгол Улсын нийт экспортын 16.8 хувийг (631.6 сая ам.доллар) зэсийн хүдэр, баяжмал, 4.1 хувийг (156) боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, 2.9 хувийг нь (109.5) төмрийн хүдэр, баяжмал, 2.6 хувийг (98.1) цайрын хүдэр, баяжмал бүрдүүлжээ. Мөн экспортын 2.4 хувь буюу 88.5 сая ам.долларыг боловсруулаагүй нефть, 1.2 хувь буюу 44 саяыг нь хээрийн болон хайлуур жонш, нэг хувийг буюу 38.3 саяыг молибдены хүдэр, баяжмал бүрдүүлсэн аж.